ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн даатгал Тахир дутуугийн тэтгэвэр авах

“Тахир дутуугийн тэтгэвэр” гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хамааралтайгаар тэтгэврийн даатгалын сангаас түүний хөдөлмөрийн чадваргүй байх хугацаанд буюу хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Тахир дутуугийн тэтгэвэр тогтоох болзол, нөхцөлийг бүрэн хангасан даатгуулагч ямар хэмжээтэй тэтгэвэр авах вэ?

Тахир дутуугийн тэтгэврийг өндөр насны тэтгэвэр бодох хувьд оногдох хэсгээс даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар тооцож тогтооно. Тухайлбал:

Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж 70 ба түүнээс дээш хувиар тахир дутуу болсон даатгуулагчийн тахир дутуугийн бүрэн тэтгэврийг түүний сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогын 45 хувиар тогтооно. Нийгмийн даатгалын шимтгэлийг 20-иос илүү төлсөн жил тутамд тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогын 1,5 хувиар бодож нэмэгдэл олгоно.

Харин хөдөлмөрийн чадвараа хагас алдаж 50-69 хувиар тахир дутуу болсон даатгуулагчийн тахир дутуугийн тэтгэврийг түүний сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогын хэмжээнээс дээр дурдсан хувь хэмжээгээр бодсон хэмжээ 45 хувь, 20-иос илүү ажилласан жил тутамд 1,5 хувиар нэмэгдүүлсэнд ногдох хэсгээс хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээгээр бодож тогтооно.

Тахир дутуугийн тэтгэвэр тогтоох аргачлалыг жишээгээр тайлбарлая. Даатгуулагч “Д” нийтдээ 23 жил шимтгэл төлж ажилласан, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого 180000 төгрөг, ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 65 хувиар алдсан бол:

  • 20 жилд ногдох өндөр насны тэтгэвэр: 81000 төгрөг /180000х45%/
  • 20 жилээс илүү ажилласан 3 жилд ногдох өндөр насны тэтгэвэр: 8100 төгрөг  /180000х1,5%/
  • Даатгуулагч “Д”-ийн өндөр насны тэтгэвэр бодох хувьд ногдох хэсэг, 89100 төгрөг /81000+8100/
  • Тахир дутуугийн тэтгэвэр 89100х65%=57915 төгрөг

http://e-khutuch.mn/guide/print/4/11/advice