ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн даатгал Тахир дутуугийн тэтгэвэр авах

“Тахир дутуугийн тэтгэвэр” гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хамааралтайгаар тэтгэврийн даатгалын сангаас түүний хөдөлмөрийн чадваргүй байх хугацаанд буюу хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Асуулт 1. Тахир дутуугийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрх хэрхэн, яаж үүсэх вэ?

Дээрх болзол, нөхцөлийг хангаагүй  даатгуулагч нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол шимтгэл төлсөн хугацаандаа ногдох дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авч болно.

Асуулт 2. Эмнэлэг, хөдөлмөрийн магадлагаа гэж юуг хэлэх вэ?

Хүмүүсийн оюун ухаан, мэдрэхүй, бие, бялдрын хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж тахир дутуу болсон хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсан шалтгаан, түүний хувь хэмжээ, хугацааг тогтоох мэргэжлийн үйл ажиллагааг Эмнэлэг, хөдөлмөрийн магадлагаа гэнэ.

Асуулт 3. Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс хаана ажилладаг байгууллага вэ?

Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэд Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах төв комисс,

Аймаг, нийслэлийн дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисс тус тус ажилладаг юм.

Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолоор баталсан бөгөөд энэхүү дүрмийг баримтлан үйл ажиллагаагаа явуулж байна.

Асуулт 4. Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс нь ямар асуудлыг магадлан шийдвэрлэдэг вэ?

Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс нь:

Ердийн өвчин, ахуйн осол

Үйлдвэрлэлийн осол

Мэргэжлээс шалтгаалсан зэрэг өвчний улмаас даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээ, хугацаа болон хөдөлмөрийн тусгай нөхцөл тогтоох асуудлыг магадлан шийдвэрлэдэг юм.

Асуулт 5. Тахир дутуу болсон даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээг хэрхэн тогтоох вэ?

Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс нь даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа алдаж тахир дутуу болсныг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хагас алдсан гэж хоёр ангилан тогтооно.

Тахир дутуу болсон даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсанд тооцно.

Тахир дутуу болсон даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 10-70 хүртэл хувиар алдсан бол хагас хэсэгчлэн алдсанд тооцно.

Асуулт 6. Хөдөлмөрийн чадвараа алдаж тахир дутуу болсон даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр олгохгүй байх тохиолдол байна уу?

Байна. Дараах тохиолдолд даатгуулагчид тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэхгүй. Үүнд:

  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох нөхцөл, болзлыг хангаагүй
  • Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доош хувиар алдсан тохиолдолд
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгоход хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа тохиолдолд

Асуулт 7. Тахир дутуугийн тэтгэвэр авах хугацаа хэдийд эхэлж, дуусах вэ?

Тахир дутуугийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нас барвал нас барсны дараагийн сар дуусталх хугацаанд олгоно.


http://e-khutuch.mn/guide/print/4/11/faq