ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн даатгал Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх

“Тэжээгчээ алдсаны тэтгэвэр” гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад нас барсан даатгуулагчийн асрамжид байж, тэжээлгэж байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нас барсан тэжээгчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хамааралтайгаар тэтгэврийн даатгалын сангаас олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Хуулийн зохицуулалт

"Монгол улсын Үндсэн Хууль"-ийн хоёрдугаар бүлэг, арван гурав дугаар зүйлийн 5 дахь хэсэгт өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж заасан байдаг.

"Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль"-ийн 12 дугаар зүйлд Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах  эрхийн тухай зохицуулсан зохицуулалт байдаг. Энэ заалтад нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр авах эрх бүхий этгээдийг заасан байдаг. Үүнд: 

"Нийгмийн даатгалын сангаас олгор тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль"-ийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

1/ хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна/;

2/ хууль ёсоор тэжээх өөр хүнгүй 19 нас хүрээгүй ач, зээ, төрсөн дүү;

3/ тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон хүүхэд, ач, зээ, төрсөн ах,эгч, дүү;

4/ эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу болсон эцэг, эх, эхнэр, нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг, эмэг эх, төрсөн ах, эгч, дүү;

5/ найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач, зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр, эхнэрийн аль нэг /нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр/.

2. Дор дурдсан иргэд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нэгэн адил тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

1/ өндөр насны, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад нас барсан, түүнчлэн нас барахын өмнөх саруудад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд;

2/ дагавар хүүхэд нь тэжээгч байгаад нас барсан бол хойт эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил;

3/ төрсөн эцэг, эхээс шүүхийн шийдвэрээр тэтгэлэг авдаггүй хүүхэд хойт эцэг буюу эхийгээ нас барахад төрсөн хүүхдийн адил;

4/ даатгуулагч сураггүй алга болсон нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, уг шийдвэр хүчинтэйд тооцогдсон тохиолдолд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд.

3. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.

 

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Монгол улсын иргэний хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Хөдөлмөрийн тухай хууль (2021 он) ЭНД дарж үзнэ үү
  • Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай (2015 он) ЭНД дарж үзнэ үү
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай (1999 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай (2017 он) ЭНД дарж үзнэ үү

 

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохыг хүссэн иргэн та өөрийн оршин суугаа газрынхаа харьяа нийгмийн даатгалын байгууллагад хандаж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар харилцаа эхэлнэ.

Нийгмийн даатгалын байгууллага дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
  • нийгмийн даатгалын санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах;
  • нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах;
  • улсын нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, түүний арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх;
  • доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих;
  • хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг

Нийгмийн даатгалын байцаагчийн эрх, хариуцлага

Нийгмийн даатгалын байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж мэргэшсэн, мэргэжлийн өндөр зэрэгтэй нийгмийн даатгалын байгууллагын ажилтанд нийгмийн даатгалын төв байгууллагын саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний шийдвэрээр нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгоно.

Нийгмийн даатгалын байцаагч дараах эрх эдэлнэ:

  • шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах;
  • зөвхөн нийгмийн даатгалын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбарыг ажил олгогчийн харилцагч банк, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулах;
  • шимтгэл оногдох орлого нуусныг гэрчлэх баримтыг ажил олгогч болон даатгуулагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр хугацаагаар хураан авах, хуулбарлах;
  • тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах;
  •  ажил олгогч болон даатгуулагчид холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
  • даатгуулагч, ажил олгогч хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг албан үүргээ гүйцэтгэх явцад илрүүлэн холбогдох байгууллагад мэдэгдэх.
  • байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын байр, ажиллагчдын тоог цалингийн сан, төлсөн шимтгэлийн тооцоотой тулган шалгах;
  • ажиллагчдын тоог дарагдуулсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгож байсан болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс өр үүсгэсэн, ажиллагчдын төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд хугацаанд нь оруулаагүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх;
  • Шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус үйл ажиллагааг нуух, шимтгэлийн орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хахууль авах, “ёс зүйн хэм хэмжээ зөрчих, мэдээллийн нууц задруулах, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нийгмийн даатгалын байцаагчид хууль тогтоомжид заасан сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Асуудлыг шийдвэрлэх дараалал

Доорх болзлыг хангасан даатгуулагчийн гэр бүл тэтгэврийн даатгалын сангаас "Тэжээгчээ алдсаны" тэтгэвэр авах эрх үүснэ.

Даатгуулагчийн гэр бүлийн гишүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх

Шимтгэл төлвөл зохих хугацаа:

  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх
  • Эсхүл нас барахын өмнөх 5 жилийн 3 жилд шимтгэл төлсөн даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

Нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жилд нь тасралтгүй тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.

Тэжээгчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд хамрагдах хүмүүс

  • Төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд
  • Эцгээ нас барснаас хойш 280 хоногийн дотор мэндэлсэн, төрсөн хүүхэд
  • Хууль ёсоор тэжээх өөр хүнгүй 19 нас хүрээгүй ач, зээ, төрсөн дүү
  • Тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү
  • Эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу болсон эцэг, эх, эхнэр, нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг, эмэг эх, төрсөн ах, эгч, дүү
  • Найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач, зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр, эхнэрийн аль нэг /нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр/
  • Өндөр насны, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад нас барсан, түүнчлэн нас барахын өмнөх саруудад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд
  • Дагавар хүүхэд нь тэжээгч байгаад нас барсан бол хойт эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил
  • Төрсөн эцэг, эхээс шүүхийн шийдвэрээр тэтгэлэг авдаггүй хүүхэд хойт эцэг буюу эхийгээ нас барахад төрсөн хүүхдийн адил

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр бодох хувь хэмжээ

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний дунджаас өндөр насны бүрэн тэтгэвэр бодох хувь хэмжээнд ногдох хэсгээс дор дурдсан хувь хэмжээгээр бодож тогтооно:

  Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо     Тэтгэвэр бодох хувь хэмжээ /хувиар/  
  3, түүнээс дээш     100  
  2     75  
  1     50  

Бүрдүүлэх материал:

  • Нийгмийн даатгалын дэвтэр Дэлгэрэнгүй
  • Хөдөлмөрийн дэвтэр Дэлгэрэнгүй
  • Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах
  • 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагаа
  • Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт
  • Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн нь төрөлхийн буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын акт
  • Гэрлэлтийн баталгааны эх хувь буюу шүүхийн шийдвэр
  • Иргэний бүртгэлийн албанаас олгосон тэжээгчийн нас барсан тухай гэрчилгээ
  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг /3x4/

Дээрх болзлыг хангасан гэж үзвэл иргэн та харьяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад хандаж тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ нас барснаас хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 3 сарын дотор харьяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгснөөр тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүснэ.

Иргэн таны нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. 

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Иргэн та нийгмийн даатгалын байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрт санал нийлэхгүй гомдолтой гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 92-р зүйл Захиргааны актад гомдол гаргах 92.1; 92.2 дахь хэсэг заасны дагуу гомдол гаргах эрхтэй.

Иргэн та гомдол гаргахдаа тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, ажилтан албан хаагчид эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.

Хэрэв таны гаргасан гомдлыг дээд шатны байгууллага, ажилтан албан хаагч хүлээн авахаас татгалзсан эсхүл үндэслэлгүй байна гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд харьяаллын дагуу хандах бүрэн эрхтэй.

Тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэвэр тогтоох аргачлалыг жишээгээр тайлбарлая.

Даатгуулагч “Б”нийтдээ 36 жил ажиллаж байгаад ердийн өвчний улмаас нас барсан. Талийгаачийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлого 170000 төгрөг, түүний ар гэрт ерөнхий боловсролын сургуульд суралцдаг 13-16 насны 2 хүүхэд үлджээ. Гэвэл:

20 жилд ногдох өндөр насны тэтгэвэр: 76500 төгрөг /170000х45%/

20 жилээс илүү ажилласан 16 жил /36-20/-д ногдох өндөр насны тэтгэврийн нэмэгдэл: 40800 төгрөг /170000х16 жил х1,5%/

Даатгуулагч “Б”-ийн өндөр насны тэтгэвэр бодох хувьд ногдох хэсэг: 117300 төгрөг  /76500+40800/

Даатгуулагч “Б”-ийн хоёр сард олгох тэжээгчээ алдсаны тэтгэвэр: 58650 төгрөг /117300х75%/ болно.

Тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээг хөдөлмөрийн чадваргүй 2 хүнд хөдөлмөрийн баталгаат хөлсний 75 хувиар тогтоосон байдаг тул даатгуулагч “Б”-ийн хоёр хүүхдэд 81000 төгрөг олгоно.

Асуулт 1. Эцгээ нас барснаас хойш төрсөн хүүхдийг тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн чадваргүй хүний тоонд оруулах уу?

Эцгээ нас барснаас хойш 280 хоног буюу 9 сар 10 хоногийн дотор төрсөн /мэндэлсэн/ хүүхдийг хөдөлмөрийн чадваргүй хүний тоонд оруулан тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож болно.

Асуулт 2. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авч буй хүүхэд бусдад үрчлэгдсэн тохиолдолд тэтгэврийг зогсоох уу?

Зогсоохгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авч буй хүүхэд бусдад үрчлэгдсэн тохиолдолд түүний тэтгэвэр авах эрх нь хэвээр хадгалагдана.

Асуулт 3. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох хугацаа хэдийд эхэлж, дуусах вэ?

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 16 нас сургуульд суралцаж байгаа бол 19 нас хүртэл, тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд нь, тэтгэврийн насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сар дуусталх хугацаанд олгоно.

Асуулт 4. Тахир дутуу иргэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авч болох уу?

Тэжээгч нь нас барсан бөгөөд өөр төрлийн тэтгэвэр авдаггүй тахир дутуу иргэн хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан /70 ба түүнээс дээш хувиар/ хугацаанд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авч болно.

Асуулт 5. Тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болох уу?

Нийтдээ 5-аас доошгүй жил үүнээс сүүлийн 1 жилд нь тасралтгүй шимтгэл төлсөн даатгуулагчийг гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.

Асуулт 6. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх ямар материал бүрдүүлэх вэ?

Хөдөлмөрийн дэвтэр /шаардлагатай бол архивын лавлагаа, тушаалын хуулбар, татварын нэр сольсон лавлагаа/ нас барагчийн/

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Дараалсан 5 жилийн цалингийн тодорхойлолт /сүүлийн 20 жилийн дотор/
  • Тэтгэвэр тогтоолгох тухай хувийн өргөдөл /гараар бичих/
  • Цээж зураг /3*4/ 2 хувь
  • Иргэний үнэмлэх хуулбар /нотариатаар батлуулах/ асран хамгаалагчийн/
  • Хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Гэрлэлтийн батлах
  • Нас барсны гэрчилгээ
  • Хүүхдүүдийн сургуульд сурч  буй тодорхойлолт
  • Цэргийн батлах
  • Хүүхдийн гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулах/
  • Тэтгэврийн дэвтрийн үнэ 1000 төг /холбогдох банкны  дансанд тушаана/
  • Шаардлагатай тохиолдолд 1991-1994 оны НДШ-ийн архиваас авах

http://e-khutuch.mn/guide/print/4/12/all