ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн даатгал Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх

“Тэжээгчээ алдсаны тэтгэвэр” гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад нас барсан даатгуулагчийн асрамжид байж, тэжээлгэж байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нас барсан тэжээгчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хамааралтайгаар тэтгэврийн даатгалын сангаас олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Хуулийн зохицуулалт

"Монгол улсын Үндсэн Хууль"-ийн хоёрдугаар бүлэг, арван гурав дугаар зүйлийн 5 дахь хэсэгт өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж заасан байдаг.

"Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль"-ийн 12 дугаар зүйлд Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах  эрхийн тухай зохицуулсан зохицуулалт байдаг. Энэ заалтад нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр авах эрх бүхий этгээдийг заасан байдаг. Үүнд: 

"Нийгмийн даатгалын сангаас олгор тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль"-ийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

1/ хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна/;

2/ хууль ёсоор тэжээх өөр хүнгүй 19 нас хүрээгүй ач, зээ, төрсөн дүү;

3/ тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон хүүхэд, ач, зээ, төрсөн ах,эгч, дүү;

4/ эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу болсон эцэг, эх, эхнэр, нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг, эмэг эх, төрсөн ах, эгч, дүү;

5/ найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач, зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр, эхнэрийн аль нэг /нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр/.

2. Дор дурдсан иргэд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нэгэн адил тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

1/ өндөр насны, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад нас барсан, түүнчлэн нас барахын өмнөх саруудад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд;

2/ дагавар хүүхэд нь тэжээгч байгаад нас барсан бол хойт эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил;

3/ төрсөн эцэг, эхээс шүүхийн шийдвэрээр тэтгэлэг авдаггүй хүүхэд хойт эцэг буюу эхийгээ нас барахад төрсөн хүүхдийн адил;

4/ даатгуулагч сураггүй алга болсон нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, уг шийдвэр хүчинтэйд тооцогдсон тохиолдолд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд.

3. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.

 

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Монгол улсын иргэний хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Хөдөлмөрийн тухай хууль (2021 он) ЭНД дарж үзнэ үү
  • Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай (2015 он) ЭНД дарж үзнэ үү
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай (1999 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай (2017 он) ЭНД дарж үзнэ үү

 


http://e-khutuch.mn/guide/print/4/12/law