ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн даатгал Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж

Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж гэдэг нь нийгмийн даатгал төлөгч иргэн та жирэмсний болон амаржсаны улмаас тодорхой хугацаанд хөдөлмөрлөх боломжгүй нөхцөл байдалд нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Хуулийн зохицуулалт

Монгол улсын Үндсэн Хууль-ийн хоёрдугаар бүлэг, арван гурав дугаар зүйлийн 5 дахь хэсэгт өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж заасан байдаг.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль-ийн  191 дүгээр зүйлд Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхийн тухай зохицуулсан зохицуулалт байдаг. Энэ заалтад нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр авах эрх бүхий этгээдийг заасан байдаг. Үүнд: 

  1. Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
  2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
  3. Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана.
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авахыг хүссэн иргэн та өөрийн оршин суугаа газрынхаа харьяа нийгмийн даатгалын байгууллагад хандаж жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авах хүсэлт гаргаснаар харилцаа эхэлнэ.

Нийгмийн даатгалын байгууллага дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
  • нийгмийн даатгалын санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах;
  • нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах;
  • улсын нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, түүний арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх;
  • доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих;
  • хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг

Нийгмийн даатгалын байцаагчийн эрх, хариуцлага

Нийгмийн даатгалын байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж мэргэшсэн, мэргэжлийн өндөр зэрэгтэй нийгмийн даатгалын байгууллагын ажилтанд нийгмийн даатгалын төв байгууллагын саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний шийдвэрээр нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгоно.

Нийгмийн даатгалын байцаагч дараах эрх эдэлнэ:

  • шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах;
  • зөвхөн нийгмийн даатгалын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбарыг ажил олгогчийн харилцагч банк, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулах;
  • шимтгэл оногдох орлого нуусныг гэрчлэх баримтыг ажил олгогч болон даатгуулагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр хугацаагаар хураан авах, хуулбарлах;
  • тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах;
  •  ажил олгогч болон даатгуулагчид холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
  • даатгуулагч, ажил олгогч хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг албан үүргээ гүйцэтгэх явцад илрүүлэн холбогдох байгууллагад мэдэгдэх.
  • байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын байр, ажиллагчдын тоог цалингийн сан, төлсөн шимтгэлийн тооцоотой тулган шалгах;
  • ажиллагчдын тоог дарагдуулсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгож байсан болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс өр үүсгэсэн, ажиллагчдын төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд хугацаанд нь оруулаагүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх;
  • Шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус үйл ажиллагааг нуух, шимтгэлийн орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хахууль авах, “ёс зүйн хэм хэмжээ зөрчих, мэдээллийн нууц задруулах, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нийгмийн даатгалын байцаагчид хууль тогтоомжид заасан сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Асуудлыг шийдвэрлэх дараалал

Доорх хугацаанд нийгмийн даатгалын тэтгэмжийн шимтгэлийг төлсөн иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх үүснэ.

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

Шимтгэл төлсөн байх хугацаа:

Нийтдээ 12 сараас доошгүйсүүлийн 6 сар тасралтгүй төлсөн байх /жирэмсний чөлөө авахаас өмнө/

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно

Хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй

Тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.

Тэтгэмж авах эрх үүссэн ихэр хүүхэд төрүүлсэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож тооцож 4 сар 20 хоногийн хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.

Бүрдүүлэх материал:

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Эмнэлгийн хуудас

Албан журмаар даатгуулагч эх нь эмнэлгийн хуудсыг ажиллаж байгаа байгууллагынхаа хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд авч ирж өгөх бөгөөд уг ажилтан нь тухайн даатгуулагч эхийн шимтгэл төлж ажилласан хугацааг тодорхойлон бичиж удирдах албан тушаалтнаар гарын үсэг зуруулан, баталгаажуулж нягтлан бодогчид өгнө. Нягтлан бодогч тухайн даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг нягтлан шалгаж дараах аргачлалын дагуу тэтгэмжийг бодож олгоно.

Сайн дурын даатгуулагч эхийн хувьд эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтрээ оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид өгөн шимтгэл төлсөн хугацааг тодорхойлон бичүүлж, тэтгэмжээ бодуулна.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор харьяа нийгмийн даатгалын байгууллагад хандаж тэтгэмж авах эрхтэй.

Нийгмийн даатгалын байгууллага тэтгэмж авах өргөдлийг хүлээж авснаас хойш  жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох асуудлыг 21 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Иргэн та нийгмийн даатгалын байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрт санал нийлэхгүй гомдолтой гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 92-р зүйл Захиргааны актад гомдол гаргах 92.1; 92.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхтэй.

Иргэн та гомдол гаргахдаа тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, ажилтан албан хаагчид эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.

Хэрэв таны гаргасан гомдлыг дээд шатны байгууллага, ажилтан албан хаагч хүлээн авахаас татгалзсан эсхүл үндэслэлгүй байна гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд харьяаллын дагуу хандах бүрэн эрхтэй.

Асуулт 1. Би 6 сартай жирэмсэн, төрийн байгууллагад ажилладаг. Нийгмийн даатгалын шимтгэл нийт 7 сар тасралтгүй төлсөн. Намайг манай байгууллагын нягтлан жирэмсний дикрит авахгүй чи 12 сар шимтгэл төлөөгүй гээд байх юм. Энэ талаар надад хуулийн зөвлөгөө өгч тусална уу?

“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулиар тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй байдаг.Та сүүлийн 7 сар тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн учраас танд тус хуулинд заасан жирэмсний тэтгэмж авах эрх үүсэж байна.  Тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болон төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцон тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно.

Асуулт 2. Ямар болзол, нөхцөлийг хангасан даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах вэ?

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

Асуулт 3. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж ямар хэмжээтэй байдаг вэ?

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалд заавал болон сайн дураар даатгуулсан эхийн тэтгэмжийг даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 70 хувиар тооцож 4 сарын хугацаанд тэтгэмжийн даатгалын сангаас олгоно.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно.


http://e-khutuch.mn/guide/print/4/15/all