ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн даатгал Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж

Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж гэдэг нь нийгмийн даатгал төлөгч иргэн та жирэмсний болон амаржсаны улмаас тодорхой хугацаанд хөдөлмөрлөх боломжгүй нөхцөл байдалд нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Доорх хугацаанд нийгмийн даатгалын тэтгэмжийн шимтгэлийг төлсөн иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх үүснэ.

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

Шимтгэл төлсөн байх хугацаа:

Нийтдээ 12 сараас доошгүйсүүлийн 6 сар тасралтгүй төлсөн байх /жирэмсний чөлөө авахаас өмнө/

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно

Хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй

Тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.

Тэтгэмж авах эрх үүссэн ихэр хүүхэд төрүүлсэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож тооцож 4 сар 20 хоногийн хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.

Бүрдүүлэх материал:

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Эмнэлгийн хуудас

Албан журмаар даатгуулагч эх нь эмнэлгийн хуудсыг ажиллаж байгаа байгууллагынхаа хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд авч ирж өгөх бөгөөд уг ажилтан нь тухайн даатгуулагч эхийн шимтгэл төлж ажилласан хугацааг тодорхойлон бичиж удирдах албан тушаалтнаар гарын үсэг зуруулан, баталгаажуулж нягтлан бодогчид өгнө. Нягтлан бодогч тухайн даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг нягтлан шалгаж дараах аргачлалын дагуу тэтгэмжийг бодож олгоно.

Сайн дурын даатгуулагч эхийн хувьд эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтрээ оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид өгөн шимтгэл төлсөн хугацааг тодорхойлон бичүүлж, тэтгэмжээ бодуулна.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.


http://e-khutuch.mn/guide/print/4/15/decide_order