ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн даатгал Оршуулгын тэтгэмж

Оршуулгын тэтгэмж гэдэг нь нийгмийн даатгал төлөгч этгээд нь ердийн болон ахуйн ослын улмаас нас барсан тохиолдолд түүний оршуулгад зориулан нийгмийн даатгалын тэтгэмжийн сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Асуулт 1. Оршуулгын тэтгэмж авах эрх нь?

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.

Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно. Нийгмийн даатгалын хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авч байсан иргэн нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.

Асуулт 2. Оршуулгын тэтгэмжийг даатгуулагч бүр авах уу?

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч оршуулгын тэтгэмж авах эрхтэй.

Асуулт 3. Оршуулгын тэтгэмж ямар хэмжээтэй байдаг вэ?

Тэтгэмжийн доод хэмжээ тогтоох тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжийн хэмжээг Засгийн газар тогтоож байна. Нийгмийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн 2022 оны 04 дүгээр тогтоолоор нийгмийн даатгалын байгууллага нь нас барсан даатгуулагчийн оршуулгад зориулан түүний ар гэрт 2 000 000 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан байдаг.


http://e-khutuch.mn/guide/print/4/16/faq