ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн даатгал Ажилгүйдлийн тэтгэмж

Ажилгүйдлийн тэтгэмж гэдэг нь даатгуулагч нь ажилгүй болох үед ажилгүйдлийн даатгалын сангаас олгох мөнгөн хөрөнгө юм.

Асуулт 1. Ажилгүйдлийн  тэтгэмж гэж юу вэ?

Даатгуулагч ажилгүй болох үед ажилгүйдлийн даатгалын сангаас олгох мөнгөн хөрөнгө юм.

Ажилгүйдлийн даатгалд заавал даатгуулах хэлбэрээр даатгуулна.

Заавал даатгуулагч - 0,2

Ажил олгогч - 0,2 хувиар тооцож цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлнө.

Асуулт 2. Ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх

Даатгуулагч  ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүснэ.

Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэл 6 сар төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүснэ.

Хөдөлмөр эрхлэлтийн алба нь ажилгүйдлийн тэтгэмж авах болзол хангасан даатгуулагчийн хүсэлтээр түүнийг ажилгүй болсноос хойшхи 3 сарын дотор мэргэжил олгох болон давтан сургалтад хамруулж, сургалтын зардлыг ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

Асуулт 3. Ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацаа

Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг Хөдөлмөрийн хуульд зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж авч байгаа бол түүнийг авч дууссаны дараагийн өдрөөс, хэрэв ажлаас халагдсаны тэтгэмж олгогдоогүй бол бүртгүүлсний дараагийн өдрөөс тус тус эхлэн ажлын 76 өдөр дуустал олгоно.

Хөдөлмөр эрхлэлтийн алба буюу нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмж олгох, мэргэжлийн сургалтад хамруулах асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

Даатгуулагч мэргэжлийн сургалтад хамрагдах, ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгоход дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

  • Өргөдөл
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Ажлаас халсан тухай шийдвэр

Асуулт 4. Ажилгүйдлийн тэтгэмжийг ажилгүй хүн бүр авах уу?

Ажилгүй хүн бүр авахгүй. Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүснэ.

Асуулт 5. Ажилгүйдлийн тэтгэмжийг хэдийнээс эхэлж өгдөг болсон бэ?

Ажилгүйдлийн тэтгэмж нь Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын конвенцийн заалтад нийцүүлэн Монгол Улсад 1995 оноос хойш бий болсон даатгалын шинэ төрөл юм. Ажилгүйдлийн даатгалын сангаас 1997 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ажилгүйдлийн тэтгэмж олгож эхэлсэн.

Асуулт 6. Ажилгүйдлийн тэтгэмжийг хаанаас авах вэ?

Ажилгүйдлийн тэтгэмжийг оршин суугаа газрынхаа харьяа хөдөлмөр, халамжийн үйлчилгээний алба ажилтан-аас авна.

Асуулт 7. Ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд даатгуулагч ямар бэлтгэл хийх шаардлагатай вэ?

Ажилгүй болсон даатгуулагч ажлаас халагдсаны дараа 14 хоногийн дотор хөдөлмөр, халамжийн үйлчилгээний алба ажилтанд холбогдох баримт, бичгийн хамт бүрдүүлнэ.

Асуулт 8. Ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?

Дараах бичиг, баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний алба ажилтны баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл,
  • Нийгмийн даатгалын дэвтэр сар бүрийн хөдөлмөрийн хөлс шимтгэл төлөлт, ажилд авсан болон халагдсан тушаалыг бичүүлж, тамга тэмдгээр баталгаажуулж, шилжилт хөдөлгөөн хийгдсэн
  • Ажлаас халсан тухай шийдвэр зэргийг бүрдүүлнэ.

http://e-khutuch.mn/guide/print/4/17/faq