ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн даатгал Нийгмийн даатгалын сайн дурын даатгал

Хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн сайн дурын даатгалд хамрагдаж болно.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Сайн дурын даатгалд хамрагдахыг хүссэн иргэн та өөрийн оршин суугаа газрынхаа харьяа нийгмийн даатгалын байгууллагад хандаж  хүсэлт гаргаснаар харилцаа эхэлнэ.

Нийгмийн даатгалын байгууллага дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
  • нийгмийн даатгалын санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах;
  • нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах;
  • улсын нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, түүний арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх;
  • доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих;
  • хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг

Нийгмийн даатгалын байцаагчийн эрх, хариуцлага

Нийгмийн даатгалын байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж мэргэшсэн, мэргэжлийн өндөр зэрэгтэй нийгмийн даатгалын байгууллагын ажилтанд нийгмийн даатгалын төв байгууллагын саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний шийдвэрээр нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгоно.

Нийгмийн даатгалын байцаагч дараах эрх эдэлнэ:

  • шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах;
  • зөвхөн нийгмийн даатгалын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбарыг ажил олгогчийн харилцагч банк, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулах;
  • шимтгэл оногдох орлого нуусныг гэрчлэх баримтыг ажил олгогч болон даатгуулагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр хугацаагаар хураан авах, хуулбарлах;
  • тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах;
  • ажил олгогч болон даатгуулагчид энэ хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
  • даатгуулагч, ажил олгогч хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг албан үүргээ гүйцэтгэх явцад илрүүлэн холбогдох байгууллагад мэдэгдэх.
  • байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын байр, ажиллагчдын тоог цалингийн сан, төлсөн шимтгэлийн тооцоотой тулган шалгах;
  • ажиллагчдын тоог дарагдуулсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгож байсан болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс өр үүсгэсэн, ажиллагчдын төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд хугацаанд нь оруулаагүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх;
  • шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус үйл ажиллагааг нуух, шимтгэлийн орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хахууль авах, “ёс зүйн хэм хэмжээ зөрчих, мэдээллийн нууц задруулах, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нийгмийн даатгалын байцаагчид хууль тогтоомжид заасан сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

http://e-khutuch.mn/guide/print/4/19/decide_org