ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадад зорчих, цагаачлах Гадаад оронд ажиллах, хөдөлмөрлөх

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ажиллах хүч гадаадад гаргах үйл ажиллагааг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэн эрхэлнэ.

СХТТШ-ын бүртгэлийн цахимаар цаг авахдаа анхаарах асуудлууд

  • Зөвхөн оршин суугаа дүүргээ сонгох /Өөр дүүрэг сонговол бүртгэлийн дугаар хүчингүй болно/;
  • Өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах /мэдээлэл баримт бичгээс зөрвөл бүртгэл хийх боломжгүй/;
  • Бүртгэлийн асуултад бүгдэд зөв хариулах /1 асуултад л буруу хариулбал бүртгүүлэх боломжгүй/;
  • Бүртгүүлэхдээ компьютер юмуу гар утаснаасаа нэг л удаа бүртгүүлэх;
  • Регистрийн дугаар оруулах хэсэгт зөвхөн өөрийн регистрийн дугаарыг оруулах.

БНСУ хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэн та  бүртгүүлэхдээ доорх шаардлагыг хангасан байх шаардлагатай.

  • 18-аас 39 настай байх (1979 оны 3-р сарын 14-нээс 2001 оны 3-р сарын 13-ний өдрийн хооронд төрсөн байх);
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
  • Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
  • Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
  • Өнгө ялгах чадвартай байх (нурууны дисктэй, гарын хуруу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.);
  •  мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын Е-10 визээр БНСУ-д 5-аас дээш жил ажиллаагүй байх.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явах иргэд анхаарах асуудлууд:

  • БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа хар тамхины сорилд хамруулах ба тэнцээгүй иргэн нь нутаг буцна.
  • БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа ЭМҮШ-д дахин хамруулдаг тул хилээр нэвтрэхийн өмнө эрсдэл гаргахаар үйлдэл хийхгүй байх.

БНСУ-ын хилээр нэвтрэхдээ анхаарах зүйлс:

  • БНСУ нь олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон байдаг;
  • БНСУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүн тухайлбал: мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг авчирж ирэхгүй байх, бусдын захиасыг авахгүй байх;
  • Гаалийн мэдүүлэг хуудаст мал амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа мэдүүлээгүй иргэдийг 10 сая воноор торгох, хилээр нэвтрэх болон дахин зорчих эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авдаг тул амьтан ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг авч гарахгүй байх.

Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээгээр авч гарах Тухайлбал:

  • Согтууруулах төрлийн ундаа 1 литр;
  • Янжуур тамхи 200 ширхэг;
  • Сигар, навчин тамхи 100 ширхэг;
  • Хувийн хэрэглээний эм авч явах бол эмийн сав баглаа боодол, эмчийн жор, тодорхойлолтыг үзүүлэх;
  • 10.000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх хэрэгтэй.

http://e-khutuch.mn/guide/print/40/397/advice