ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадад зорчих, цагаачлах Гадаад оронд ажиллах, хөдөлмөрлөх

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ажиллах хүч гадаадад гаргах үйл ажиллагааг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэн эрхэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Гадаад оронд ажиллах, хөдөлмөрлөх асуудлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар шийдвэрлэнэ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч, дадлагажигч илгээх үйл ажиллагааг голлон хариуцах байгууллага бөгөөд БНСУ-ын талаас Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулна. Гадаадад ажиллах хүч илгээх ажлыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нэгдсэн удирдлагаар хангана.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бүрэн эрх:

  • Хүн амын хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө оруулалтын бүтцийн бодлоготой уялдуулан ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудлаар бодлого, чиглэл тодорхойлох, хэрэгжилтийг хангуулах;
  • Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, хөдөлмөр эрхлүүлэх талаар зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;
  • Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон гадаадаас Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчийн нийгмийн хамгааллын талаар гэрээнд заасан үүргийн биелэлтэд хяналт тавьж, тэдгээрийг хэрэгжүүлэх явцад илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
  • Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудлаар төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, гадаадын холбогдох төрийн захиргааны болон төрийн бус байгууллагатай гэрээ байгуулах.

Ажиллах хүч гадаадад гаргах тухай гэрээнд дараах нөхцөлийг тодорхой тусгана:

  • Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах улс, хот, байгууллагын нэр;
  • Ажил, мэргэжлийн чиглэл, гүйцэтгэх ажил, албан тушаал, ажиллах хүчний тоо;
  • Гэрээний хугацаа, гэрээ дуусгавар болох, түүнийг цуцлах нөхцөл;
  • Ажиллагчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ;
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл, ажил, амралтын цагийн горим;
  • Орон сууц, нийгэм, ахуйн хангамжийн асуудал;
  • Гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх маргаан болон хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх арга, хэлбэр;
  • Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, бусад хөнгөлөлт;
  • Очих, буцах замын зардал, тээврийн нөхцөл;
  • Цалин хөлс, хууль ёсны бусад орлогыг тухайн орноос гуйвуулах боломж.

http://e-khutuch.mn/guide/print/40/397/decide_org