ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадад зорчих, цагаачлах Монгол Улсын хилээр нэвтрүүлэх хориотой бараа

Хориглосон бараа гэж улс орны аюулгүй байдлыг хангах, ард түмний түүх соёлын дурсгалт зүйл, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгын үүднээс олон улсын гэрээ конвенц, тухайн орны хууль тогтоомжийн дагуу улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг хэлнэ.

Дэлхийн олон улс орны практикаас үзэхэд доорх нэр төрлийн барааг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараанд тооцож байна. Үүнд:

  1. Мансууруулах бодис, хар тамхи, тэдгээрийг үйлдвэрлэх, хэрэглэхэд зориулсан багаж, хэрэгсэл, химийн угтвар бодисууд, мансууруулах ургамал.
  2. Химийн зэвсэг үйлдвэрлэх, нөөцлөх, хэрэгслэхийг хориглох, тэдгээрийг устгах тухай олон улсын конвенцид орсон 66 нэрийн химийн бодис.
  3. Химийн зэвсгийн зориулалттай химийн хорт бодис түүний хаягдал.
  4. Цөмийн зэвсгийн гаралтай тусгай ангиллын цацраг идэвхит бодис, түүний хаягдал.
  5. Аюултай хог хаягдал.
  6. ДОХ өвчний халдваргүй нь баталгаажаагүй цус, цусны бүтээгдэхүүн, эрхтэн.
  7. Цэрэг дайны зориулалттай зэр зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис.
  8. Хүүхэд, эмэгтэйчүүд, боолын худалдаа.
  9. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Вашингтоны конвенц буюу CITES /1975 онд батлагдсан, 150 гаруй орон элссэн, Монгол Улс 1996 онд элссэн/-ийн нэгдүгээр хавсралтад орж арилжаалахыг хориглосон амьтад: Хулан, тахь, хүрэн баавгай, мазаалай, голын халиу, цоохор ирвэс, борцгор хотон, дорнын өрөвтас, ханбүргэд, цагаан сүүлт нөмрөг, цагаан шонхор, цагаан тогоруу, цэн тогоруу, жороо тоодог, реликт цахлай.
  10. Спирт зэрэг болно.

Зорчигчийн гаалийн мэдүүлэгт:

ЗОРЧИГЧИЙН АНХААРАЛ-д  хэсэгт

  1. Зорчигч та доор дурьдсан бараатай бол энэ мэдүүлгийг бөглөж, улаан гарцаар нэвтэрнэ.
  2. 16 нас хүрээгүй зорчигчийн барааг эцэг эх, асран хамгаалагчийн гаалийн   мэдүүлэгт бичнэ.
  3. Бусдад дамжуулах бараа нь зорчигчийн бараанд тооцогдоно.
  4. Зорчигч дараах тоо хэмжээ бүхий барааг гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх эрхтэй : Архи, дарс тус бүр 2 литр, пиво 3 литр, янжуур 200 ш, сигар навчин тамхи 50 ш, задгай тамхи 250 граммаас илүүгүй.
  5. 18 нас хүрээгүй зорчигчид согтууруулах ундаа, тамхи нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй.
  6. Зорчигч энэ мэдүүлгийн 2 болон 4-т дурдсан барааг мэдүүлсэн бол 2 хувь бичнэ.
  7. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, тарифын болон тарифын бус хязгаарлалттай барааг худал, эсхүл дутуу мэдүүлсэн, огт мэдүүлэхгүй хууль бусаар гаалийн хилээр нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

Хориглосон бараа:

  1. Мансууруулах бодис, тэдгээрийг хэрэглэх, үйлдвэрлэхэд зориулсан багаж хэрэгсэл, мансууруулах ургамал нэвтрүүлэх;
  2. Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, кино, дүрс бичлэг, зураг болон бусад зүйл нэвтрүүлэх;
  3. Зөвшөөрөлгүй химийн хорт болон аюултай бодис, эм, эмнэлгийн хэрэгсэл, донорын цус, эд эрхтэн, өвчин үүсгэгч нян нэвтрүүлэх;
  4. Түүх соёлын хосгүй үнэт зүйл гаргах;
  5. Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн эд зүйл хууль бусаар нэвтрүүлэх.

Зорчигчийн эмчилгээнд зориулсан эм тариа:

  • Зорчигчийн хувийн эмчилгээнд хэрэглэх эмийг эмнэлгийн байгууллагын магадлагааг үндэслэн, зөвшөөрөгдсөн тоо, хэмжээгээр хилээр нэвтрэх зөвшөөрөл олгоно. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, нэр хаяг нь тодорхой бус, стандартын дагуу савлаагүй эм, эмийн зүйлийг хилээр нэвтрүүлдэггүй.


http://e-khutuch.mn/guide/print/40/398/advice