ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадад зорчих, цагаачлах Монгол Улсын хилээр нэвтрүүлэх хориотой бараа

Хориглосон бараа гэж улс орны аюулгүй байдлыг хангах, ард түмний түүх соёлын дурсгалт зүйл, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгын үүднээс олон улсын гэрээ конвенц, тухайн орны хууль тогтоомжийн дагуу улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг хэлнэ.

Хуулийн зохицуулалт

Энэхүү харилцааг Гаалийн тухай хууль болон бусад холбогдох хуулиуд, Засгийн газрын тогтоолд зохицуулсан байдаг. Улсын Их Хурал улсын хилээр оруулах, гаргахыг хориглох барааны, Засгийн газар тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтыг тухайн барааны ангиллын кодыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу зааж тус тус батална.

Зорчигч гаалийн байгууллагад мэдүүлэлгүй, хориглосон, хязгаарласан барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.

Түүнчлэн Зөрчлийн хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дахь заалтыг үндэслэн тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулан авч, хувь хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.

Мөн улсын хилээр бараа нэвтрүүлж буй зорчигч нь татвар төлөхөөс зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан бол татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээг авдаг.

МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ БҮЛЭГ БАРААНЫ ЖАГСААЛТ

Барааны төрөл

Хууль тогтоомж

Нэвтрүүлэх ялгаа

1

Хориглосон болон зохих зөвшөөрөлгүй озон задлах бодис

Агаарын тухай хуулийн 25.2 ЗГ-ын 2007 оны 95 дугаар тогтоол

Оруулах

2

Зохих зөвшөөрөлгүй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13.1.5, 13.1.7, 13.1.8

Оруулах, гаргах, дамжуулан өнгөрүүлэх

3

Туршилт, судалгааны ажлаас бусад мод, сөөгний тарьц, суулгац

Ойн тухай хуулийн 29.1.11

Оруулах

4

Тамхины бүх төрлийн зар сурталчилгааны материал

Тамхины хяналтын тухай хуулийн 8.2

Оруулах, гаргах, дамжуулан өнгөрүүлэх

5

Согтууруулах ундааны зар сурталчилгааны материал

Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн 9.3

Оруулах, гаргах, дамжуулан өнгөрүүлэх

6

Монгол Улсад ашиглахыг хориглосон болон зохих зөвшөөрөлгүй химийн хорт болон аюултай бодис

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5.1, 6.4, 15.4 ЗГ-ын 2007 оны 95 дугаар тогтоол

Оруулах, гаргах, дамжуулан өнгөрүүлэх

7

Ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор аюултай хог хаягдал

Хог хаягдлын тухай хуулийн 17.1

Оруулах

8

Зэвсгийн зориулалттай цөмийн материал

Цөмийн энергийн тухай хуулийн 33.2

Оруулах, гаргах, дамжуулан өнгөрүүлэх

9

Монгол Улсын хуулиар хориглосон болон зохих зөвшөөрөлгүй цөмийн материал, цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүртэй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, технологи

Цөмийн энергийн тухай хуулийн 37.2.1, 41.1, 41.2

Оруулах, гаргах, дамжуулан өнгөрүүлэх

10

Хуурамч эм

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11.1.7

Оруулах

11

Зохих зөвшөөрөлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн

Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.9.3

Оруулах

12

Ашиг олох зорилгоор цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн

Донорын тухай хуулийн 13.1

Оруулах, гаргах

13

Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, кино, дүрс бичлэг, зураг болон бусад зүйл

Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 5.3

Оруулах, гаргах

14

Судалгаа, шинжилгээний зориулалттайгаас бусад этилийн спирт

УИХ-ын 05 дугаар тогтоол ЗГ-ын 2014 оны 378 дугаар тогтоол

Оруулах

15

Пиво ундааны хаягдал лаазнаас бусад хаягдал хар болон өнгөт төмөрлөг /ширэм, төмөр, ган, зэс, гууль, хөнгөн цагаан, тэдгээрийн хайлш /, цутгамал болон анхдагч бусад хэлбэртэй хар болон өнгөт төмөрлөг, зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа хар болон өнгөт төмөрлөгөөр хийсэн сэлбэг, бүтээгдэхүүн 

УИХ-ын 05 дугаар тогтоол

Гаргах

16

Судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн 1 дүгээр хавсралтад нэр заагдсан амьтан, ургамал

Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц

Оруулах, гаргах

17

Зохих зөвшөөрөлгүй ургамал, ургамлын олон наст үндэс, үндэслэг иш, булцуу

Байгалийн ургамлын тухай хуулийн 17.1, 17.3

Гаргах

18

Судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйл

Байгалийн ургамлын тухай хуулийн 17.4, 17.5

Гаргах

19

Жижиглэн савалгаатай, 25%-аас дээш концентрацитай, хүнсний зориулалттай цууны хүчил (Acetic acid )

ЗГ-ын 2014 оны 378 дугаар тогтоол

Оруулах

20

Шөрмөсөн чулуу агуулсан бүтээгдэхүүн. Үүнээс: асбест агуулсан тоормозны накладка (Brake pads containing asbestos )

ЗГ-ын 2014 оны

378 дугаар тогтоол

Оруулах

21

Озоны давхарга, дэлхийн дулааралд сөрөг нөлөө бүхий HCFC-22, HCFC-1416 бодисоор хөөсөнцөр үйлдвэрлэх тоног төхөөрөмж

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протокол

ЗГ-ын 2014 оны 378 дугаар тогтоол

Оруулах

22

Пиротехникийн хэрэгсэл

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль ЗГ-ын 2006 оны 149 дүгээр тогтоол

Гаргах

 

МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ТАРИФЫН БУС ХЯЗГААРЛАЛТТАЙ НЭВТРҮҮЛЭХ БАРААНЫ БҮЛЭГ ЖАГСААЛТ

Барааны нэр

Хууль эрх зүйн актууд

Нэвтрүүлэх ялгаа

Зөвшөөрөл олгох байгууллага

1

Үржлийн мал, амьтан

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль

гаргах

ХХААХҮЯ
Мал эмнэлэг үржлийн газар

2

Нэн ховор амьд амьтан 

Амьтны тухай хуулийн 36.1

гаргах

ХХААХҮЯ
Мал эмнэлэг үржлийн газар

3

Нэн ховор амьтнаас бусад амьд амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, судалгааны сорьц, дээж

Амьтны тухай хуулийн 36.2

гаргах

БОАЖЯ

4

Ургамал, ургамлын олон наст үндэс, үндэслэг иш, булцуу

Байгалийн ургамлын тухай хуулийн 17.1, 17.3

гаргах

БОАЖЯ

5

Судалгаа, шинжилгээний зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосон нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйл

Байгалийн ургамлын тухай хуулийн 17.4, 17.5

гаргах

БОАЖЯ

 

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Гаалийн тухай хууль (2008 он) ЭНД  дарж үзнэ үү.
  • Зорчигчийн гаалийн мэдүүлэг (2019 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (2014 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт (2002) он ЭНД дарж үзнэ үү.
  • Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам (2002 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Зарим барааг экспортод гаргах журмын тухай (1992 он) ЭНД дарж үзнэ үү.

http://e-khutuch.mn/guide/print/40/398/law