ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Жижиг, дунд үйлдвэрлэл Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх

“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ” гэж 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг хэлнэ.

Дараах үйл ажиллагааг эрхэлдэг аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй:

  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
  • Зуучлалын үйлчилгээ
  • Хууль зүйн зөвлөх үйлчилгээ
  •  Худалдаа, үйлчилгээний сүлжээ
  • Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хадгаламж зээлийн хоршооны эрхлэх мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагаа
  • Хадгаламж зээлийн хоршооны хорооноос зөвшөөрсөн, хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн бусад ажил, үйлчилгээ
  • Ашигт малтмал хайх, газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, боловсруулах.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 8.1 дэх хэсэгт зааснаар төрөөс дараах чиглэлийн дэмжлэгийг үзүүлнэ:

  • жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний зах зээлийн эрэлт, хэрэгцээ шаардлагыг үндэслэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, сургах, давтан сургах тогтолцоог хөгжүүлэх;
  • санхүүгийн дараах дэмжлэгийг үзүүлэх: 

а)хөнгөлөлттэй зээл олгох;
б)шинээр бий болгосон ажлын байрны тоо, борлуулалтын орлогын хэмжээг харгалзан зээлийн хүүгийн хэмжээг бууруулах;
в)зээлийн давхар батлан даалт гаргах;
г)зээлийн хүүгийн татаас олгох;
д)тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ, түрээсийн хүүгийн дэмжлэг үзүүлэх.

  • татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;
  • экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих;
  • бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтад төрийн худалдан авалтаар дэмжлэг үзүүлэх;
  • бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
  • шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх судалгааг дэмжих;
  • техник, технологийн дэвшлийг дамжуулах, нутагшуулах, шинжлэх ухаан, технологийн судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг тухайн орон нутаг дахь түүхий эдийн болон ажиллах хүчний нөөц, чадавх бусад онцлогоос хамааран дэмжих;
  • гадаад, дотоод зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх.

http://e-khutuch.mn/guide/print/41/399/advice