ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Жижиг, дунд үйлдвэрлэл Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх

“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ” гэж 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг хэлнэ.

Асуулт 1. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ямар ямар үндэслэлээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэлээс хасах вэ?

Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага доор дурдсан үндэслэлээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэлээс хасна.

  1. Ажилтны тоо, борлуулалтын орлогын хэмжээ нь заасан хязгаараас хэтэрсэн;
  2. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасан;
  3. Бүртгүүлэхдээ хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  4. Аж ахуйн нэгж татан буугдсан;
  5. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой технологи, материал хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан нь тогтоогдсон.

Асуулт 2. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэхэд үйлчилгээний хөлс, хураамж авах уу?

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэхтэй холбогдуулан үйлчилгээний хөлс, хураамж авахыг хориглоно.

Асуулт 3. Ямар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгодоггүй вэ?

Дараах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгохгүй:

  1. Сангаас авсан зээлийн үлдэгдэлтэй;
  2. Зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй;
  3. Сангаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон;
  4. Шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өртэй;
  5. Төсөл хүлээн авах сүүлийн өдрийн байдлаар нийгмийн даатгал, татварын байгууллагад өртэй.

http://e-khutuch.mn/guide/print/41/399/faq