ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Цэргийн алба Цэргийн дүйцүүлэх алба хаах

Цэргийн дүйцүүлэх алба нь биеэр дүйцүүлэх болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэсэн хэлбэртэй.

Асуулт 1. Цэргийн албыг ямар хугацаатай хаадаг вэ?

Цэргийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах хугацаа 24 сар байна.

Асуулт 2. Цэргийн албыг биеэр хаалгүй тооцуулан хаах боломжтой байдаг гэж сонссон. Үүнд ямар, ямар тохиолдол хамаардаг вэ?

Цэргийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар

1. Цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний албанд цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр хоёроос дээш жил алба хаасан төрийн тусгай алба хаагчийг цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаасанд тооцож, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ.

2. Захиргааны санаачилгаар буюу өөрийн хүсэлтээр алслагдсан сум, сум дундын болон багийн эмнэлэгт эмч, сум, багийн сургуульд багшаар гурван жил ажилласан иргэнийг цэргийн дүйцүүлэх албыг хаасанд тооцож, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ.

Асуулт 3. Ямар тохиолдолд цэргийн дүйцүүлэх албыг хаадаг вэ?

Цэргийн дүйцүүлэх алба нь цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломжгүй буюу ямар нэгэн шалтгаантай гэдэг нь шүүхээр тогтоогдсон хүмүүст хамаатай бөгөөд хоёр жилийн хугацаатай тухайн орон нутгийн цэргийн штабт бүртгэлтэй үүрэг гүйцэтгэнэ. Тус үүрэг нь гурван чиглэлтэй. Үүнд,хүмүүнлэгийн арга хэмжээнд туслах, байгалийн гамшигтай тэмцэх, улсын хил орчимд дэмжлэг үзүүлэх гэсэн үүрэгтэй. Албаа хаах хугацаандаа гэртээ байх бөгөөд шаардлагатай үед дуудахад бэлэн байж, орон нутгийн цэргийн штабт ирж үүргээ гүйцэтгэх юм.

Асуулт 4. Цэргийн албыг дүйцүүлэн хаах хүсэлтээ ямар байгууллагад хандан өгдөг вэ?

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журмын 2 дугаар зүйлд зааснаар иргэн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах хүсэлтээ сум, хорооны Засаг даргаар уламжлан харьяалагдах аймаг, дүүргийн цэрэг татлагын товчоонд гаргана. 

Асуулт 5. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах талбөрийн хэмжээг хэрхэн тогтоодог вэ?

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн тухайн жилийн хувьсах зардлаар тооцож Засгийн газар жил бүр батална.


http://e-khutuch.mn/guide/print/42/401/faq