ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Цэргийн алба Цэргийн дүйцүүлэх алба хаах

Цэргийн дүйцүүлэх алба нь биеэр дүйцүүлэх болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэсэн хэлбэртэй.

Хуулийн зохицуулалт

Цэргийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн 18-25 насны цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн шашин шүтлэг, ёс зүйн шалтгаанаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж болно.

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журмын 3 зугаар зүйлд зааснаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэн дараах үүргийг гүйцэтгэнэ:

  • Тухайн орон нутгийнхаа батлан хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;
  • Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцох;
  • Хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлэх;
  • Улсын хилийн бүс, зурваст улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад оролцох;
  • Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх;
  • Орон нутгийн хамгаалалтад оногдуулсан томилгоот үүргээ гүйцэтгэх;
  • Улсын болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд зохион байгуулалттай оролцох.

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэхь хэсгийн 7.1.3 дахь заалтад зааснаар тайван цагт энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагч, нисэх цагийн нормоо биелүүлсэн байлдааны сөнөөгч онгоц, байлдааны нисдэг тэрэгний нисэх бүрэлдэхүүн, хилийн отряд, застав болон тэдгээртэй адил нөхцөлд байрлаж байгаа цэргийн анги, байгууллага, салбарын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчийн алба хаасан зургаан сар тутмыг найман сард дүйцүүлэн тооцдог.

Дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах:

  • Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн тухайн жилийн хувьсах зардлаар тооцож Засгийн газар жил бүр батална.
  • Иргэн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр оруулан хаах, төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийг цэргийн штабын саналыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг дарга гаргана.
  • Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан иргэнийг цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ.
  • Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг хангасан, дараахь шалтгаанаар цэргийн жинхэнэ албаны татлагад ороогүй иргэнээр уг төлбөрийг нөхөн төлүүлнэ:

а.гадаадад хувиараа ажил, хөдөлмөр эрхэлж байсан, эсхүл цагаачлан амьдарч байгаад эх орондоо эргэж ирсэн;

б.иргэний шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл завсардсан.

  • Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаас дараах үндэслэлээр чөлөөлнө:

а. Тайван цагт хугацаат цэргийн албанд татахаас чөлөөлөх үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас жил дараалан чөлөөлөгдөж хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн эрэгтэй;

б.эрүүл мэндээр тэнцэхгүйн улмаас тайван цагт цэргийн жинхэнэ алба хаахаас чөлөөлөгдсөн иргэн;

в.цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаасан иргэн.

  • Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээ нь хуулийн дагуу цэргийн албанаас чөлөөлөгдсөн жилд харгалзуулан долоон жилд 14 хувь, зургаан жилд 28 хувь, таван жилд 32 хувь, дөрвөн жилд 46 хувь, гурван жилд 60 хувь, хоёр жилд 74 хувь, нэг жилд 88 хувь, чөлөөлөгдөж байгаагүй бол 100 хувь байна.
  • Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг ашиглах журмыг Засгийн газар батална.
  • Цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаасан мөнгөн төлбөрийн 50 хувийг улсын, үлдэх 50 хувийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, батлан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулна.

http://e-khutuch.mn/guide/print/42/401/law