ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Цахим орчин ба аюулгүй байдал Цахим аюулгүй байдал

Монгол улсад өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй компьютерын хэрэглээг дагаад компьютер, компьютерын сүлжээг ашиглан үйлдэгдэх гэмт хэргийн гаралт ихэссээр байгаа билээ. Олон нийт, иргэдийн дунд компьютерын гэмт хэргийн тухай ойлголт байхгүй нь уг төрлийн гэмт хэргийн гаралт ихсэх нэг том шалтгаан болж байгаа юм. Цахим ертөнц гэдэг нь дэлхийн ихэнхи улс орныг холбосон олон сая компьютерийн сүлжээ ба асар их мэдээллийн санг тодорхойлсон нэр юм. 1994 оноос Датаком ХХК нь Монгол улс имэйлийн үйлчилгээг эхлүүлэн сүлжээний холболтыг эхлүүлж, улмаар 1996 оны 1 сарын 17ны өдрөөс Монгол улс 24 цагийн интернэтийн сүлжээнд холбогдсон юм. Цахим ертөнцийн эерэг тал хязгааргүй мэдлэгийн эх үүсвэр , нийгмийн хөгжлийг хөдөлгөгч хүч, мэдээллийг шуурхай дамжуулагч, цаг хугацааг хэмнэгч, сөрөг тал сэтгэн бодох чадвар муудах, мэдээллийн үнэн худлыг тодорхойлоход бэрхшээлтэй, амьд харилцааг хязгаарлагч, хувийн мэдээллийг нууцлах боломжгүй, цахим гэмт хэрэгт өртөх магадлал өндөр гэх мэт.

Хуулийн зохицуулалт

Энэхүү цахим орчин ба аюулгүй байдалтай холбогдолтойгоор цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн 26.1-т Цахим мэдээлэлд хууль бусаар халдах , 26.2-т Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах; 26.3-т хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах гэсэн гурван гэмт хэргийн талаар зүйлчилж зохицуулсан байдаг.

Цахим мэдээлэлд хууль бусаар халдах

  1. Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  2. Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан; компьютерийн өгөгдлийг нуусан, хандалтад хязгаарлалт тогтоосон, комьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан, үйл ажиллагааг хязгаарласан, мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан; энэ гэмт хэргийг хүн амын амьдралыг хангах объектод халдаж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  4. Энэ зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг:

    1. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн;

    2. төрийн нууцад хамаарах комьпютерийн өгөгдөл, онц чухал мэдээллийн сүлжээ, компьютерийн сүлжээнд халдсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 26.2-т Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах гэмт хэрэг үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 26.3т Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах гэмт хэрэг:

  1. Цахим төхөөрөмжид хадгалагдаж байгаа мэдээллийг зөвшөөрөлгүйгээр устгах, гэмтээх, өөрчлөх, хуулбарлах, мэдээлэл олж авах, программ хангамж, мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмж, сүлжээг ашиглах боломжгүй болгох, хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зориулалттай хор хөнөөлт программ хангамжийг тусгайлан зохиосон, зориудаар ашигласан, санаатай тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

Цахим орчинд соёлтой оролцоход баримтлах хэм хэмжээ:

  • Мэдээллийг ямар ч хяналтгүйгээр ашиглахгүй байх

  • Олон цагийг интернетэд зарцуулахгүй байх

  • Хэн нэгнийг санаатайгаар доромжлохгүй байх

  • Цахим хэрэглээгээр дамжиж буруу зүйлд уруу татагдахгүй байх

  • Өөрийгөө хянадаг байх

  • Интернэт тоглоомд хэт автахгүй байх

  • Нууц нэрээр хаяг нээж бүдүүлэг үг хэрэглэх зэргээр зохисгүй үйлдэл хийхгүй байх

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт.

  • Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга 2015) ЭНД дарж үзнэ үү.

  • Иргэний хууль (2002) ЭНД дарж үзнэ үү.

  • Садар самуун явдалтай тэмцэх тухай (1998) ЭНД дарж үзнэ үү.

  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2021) ЭНД дарж үзнэ үү.

  • Кибер аюулгүй байдлын тухай хууль(2022)Энд дарж үзнэ үү.


http://e-khutuch.mn/guide/print/44/405/law