ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Даатгалын төрөл ангилал Даатгалын гэрээ

Даатгалын гэрээ нь даатгуулагчийн зүгээс даатгагчид даатгалын хураамж төлөх, даатгагчийн зүгээс даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгох харилцааг зохицуулдаг гэрээ юм.

Гэнэтийн осол, эмчилгээний даатгал: Аливаа гэнэтийн осол, гэмтлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахад даатгагчаас даатгуулагч эсхүл даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Үүнд хөдөлмөрийн чадвар алдахтай холбоотой эмнэлэг, мэс заслын зэрэг зардлын даатгал хамаарна.

Хөрөнгийн даатгал: Гал, ус, байгалийн болон бусад гэнэтийн аюул, ослын улмаас энэ жагсаалтын 1.3-1.8-д зааснаас бусад хөрөнгөнд хохирол учрахад даатгагчаас даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Бэлэн мөнгөний болон зээлийн барьцаа хөрөнгийн даатгал энэ хэлбэрт хамаарна. Аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй.

Авто тээврийн хэрэгслийн даатгал: Авто тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах үед тухайн тээврийн хэрэгсэлд хохирол учрахад даатгагчаас даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Тээж яваа ачаа болон аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй.

Ачааны даатгал: Аливаа тээврийн хэрэгслээр тээвэрлэж буй ачаанд гэмтэл, хохирол учрахад даатгагчаас даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй.

Барилга угсралтын даатгал: Барилга угсралтын явцад гэнэтийн аюул ослын улмаас угсралт, цутгалт, өрлөгийн ажилд хохирол гарахад даатгагчаас даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Угсралтын ажилд ашиглагдах машин, тоног төхөөрөмж,  түр сууцыг даатгуулж болох ба төсөвт өртөг дээр үнэлгээг нэмэгдүүлж даатгана. Аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй.

Газар тариалангийн даатгал: Гал, түймэр, үерийн ус зэрэг байгалийн болон бусад эрсдэлийн улмаас газар тариалангийн даатгалын тохиолдол учрахад даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй.

Мал амьтдын даатгал: Аливаа осол, эрсдэлээр мал амьтан хорогдсоны улмаас даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй.

Агаарын хөлгийн даатгал: Аливаа ослын улмаас агаарын хөлгийн их биед хохирол учрахад даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Агаарын хөлгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой хариуцлагын даатгал болон бусад хариуцлагын даатгал, агаарын хөлөгт ачсан ачааны даатгал энэ хэлбэрт хамаарахгүй.

Авто тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал :Авто тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглахтай холбоотой аливаа осол, гэмтлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөлд даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

Хариуцлагын даатгал: Аливаа этгээдийн санамсар болгоомжгүй буруутай үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрахад даатгагч даатгалын гэрээнд заасны дагуу эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий энэ жагсаалтын 1.9, 1.15, 1.16-д зааснаас бусад хариуцлагын даатгал. Барилга угсралтын хариуцлагын даатгал үүнд хамаарна.

Санхүүгийн даатгал:

Санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой хохирол учрахад даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Бизнес тасалдлын даатгал үүнд хамаарна.

Зээлийн даатгал:

Ипотекийн даатгалаас бусад зээлдэгчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрахад даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Үүнд өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдагдахтай холбоотой эмнэлэг, эмчилгээ, мэс заслын зэрэг зардлаас бусад буюу зөвхөн зээл төлөх нөхцөл хамаарна. Зээлдэгч төлбөрийн чадваргүй болох эрсдэлийн даатгал, худалдааны зээл, хэрэглээний зээл, автомашины зээл, бизнесийн зээл, цалингийн зээл, зэрэг зээлийн даатгал энэ хэлбэрт хамаарна. Зээлийн барьцаа хөрөнгийн даатгал үүнд хамаарахгүй.

Итгэлцлийн даатгал:

Аливаа гэрээ, хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчигдсөнтэй холбоотой үүсэх алдагдал, зардлыг даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Гүйцэтгэлийн баталгааны даатгал /performance insurance/, чин шударгын баталгааны /fidelity guarentee insurance/ даатгал үүнд хамаарна.

Төмөр замын болон усан замын тээврийн хэрэгслийн даатгал: Төмөр замын ба усан замын тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах үед тухайн тээврийн хэрэгсэлд хохирол учрахад даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Тээж яваа ачаа болон аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй.

Төмөр замын эсхүл усан замын тээврийн хэрэгслийг өмчлөх, эзэмших ашиглахтай холбоотой хариуцлагын даатгал: Төмөр замын эсхүл усан замын тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглахтай холбоотой аливаа осол, гэмтлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөлд даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

Агаарын хөлгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой хариуцлагын даатгал :Агаарын тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглахтай холбоотой аливаа осол, гэмтлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөлд даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

Хугацаат амьдралын даатгал: Даатгуулагч зөвхөн даатгалтай хугацаанд нас барсан тохиолдолд даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд даатгагч мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

Насан туршийн даатгал: Даатгуулагч зөвхөн нас барсан тохиолдолд даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд даатгагч мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

Хуримтлалын даатгал: Даатгуулагч гэрээт хугацааны эцэст амьд байх болон тухайн хугацаанаас өмнө нас барах гэсэн нөхцөлүүдээр даатгуулагч, эсвэл гэрээнд заасан эрх бүхий этгээдэд даатгагч баталгаатай мөнгөн төлбөр төлөх хугацааг даатгал болон хөрөнгө оруулалтын хавсарсан даатгал. Гэрлэлтийн, сургалтын зардлын, орон сууцны хуримтлалын даатгал үүнд хамаарна.

Тэтгэврийн даатгал: Даатгалын гэрээгээр тохиролцсон хугацаанд даатгуулагчид тэтгэвэр буюу мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

Эрүүл мэндийн даатгал: Эрүүл мэндийн холбогдолтой зардлыг даатгалын гэрээгээр даатгуулагчид төлөх нөхцөл бүхий даатгал. Үүнд хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал хамаарна.

Аннуити даатгал: Даатгагч гэрээгээр тохиролцсон хугацаанд даатгуулагчид үечилсэн байдлаар тогтмол мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

Тайлбар: Даатгалын хэлбэр нь даатгалын бүтээгдэхүүнээс бүрдэх бөгөөд Даатгалын бүтээгдэхүүн гэдэгт даатгагчаас хэрэглэгчдэд санал болгож, худалдан борлуулж байгаа даатгалын үйлчилгээг ойлгоно. Жишээлбэл: Хүүхдийн гэнэтийн ослын даатгал нь гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгалын хэлбэрт хамаарах даатгалын бүтээгдэхүүн юм.

Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн нийгмийн даатгалын сайн дурын хэлбэрт хамрагдаж болно.

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч;

  • Малчин;

  • Газар тариалан эрхлэгч;

  • Бичил уурхай эрхлэгч;

  • Чөлөөт уран бүтээлч;

  • Тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн;

  • Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэн;

  • Оюутан суралцагч;

  • Бусад иргэн.

Шимтгэл төлөх хэмжээ:

Даатгалын төрөл

2017 он

2018 он

2019 он

2020 он

Тэтгэврийн даатгал

10,0%
 

11,0 %

11,5%

12,5%

Тэтгэмжийн даатгал

 

1,0 %

 

 

ҮОМШӨ-ний даатгал

 

1,0%

 

 

 

Сайн дурын даатгуулагч нь дээрх тэтгэврийн, тэтгэмжийн, ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авна. Үүнд ЭМДаатгал хамрагдахгүй.

 

ДААТГАЛД ХАМРУУЛАХ, НӨХӨН ТӨЛБӨР АВАХ БОЛОМЖГҮЙ ТОХИОЛДОЛ

Даатгуулагч зөвхөн өөрт хамааралтай буюу ашиг сонирхол бүхий зүйлсийг даатгуулах боломжтой.

  • Өөрт нь хамааралгүй зүйлсийг даатгуулах, тус даатгалаас нөхөн төлбөр авах боломжгүй Тухайлбал, та хэн нэгний өмч хөрөнгийг даатгуулж, түүнд хохирол учирсан нөхцөлд нөхөн төлбөр авах боломжгүй.

  • Хохирол нэгэнт учирсан зүйлсийг даатгуулах, үүнтэй холбоотой нөхөн төлбөр авах боломжгүй. Тухайлбал, та өөрийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсны дараа даатгал хийлгэж, даатгалын нөхөн төлбөр авах боломжгүй.

  • Хохирол учрах нь нэгэнт тодорхой болсон зүйлийг даатгуулж, даатгалын нөхөн төлбөр авах боломжгүй. Тухайлбал, та нэгэнт хагалгаа хийлгэхээр төлөвлөчихсөн бол эрүүл мэндийн даатгал хийлгэж, тус даатгалаас нөхөн төлбөр авах боломжгүй.

  • Даатгуулсан зүйлд санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болгосон бол нөхөн төлбөр авах боломжгүй. Учир нь, даатгал нь ирээдүйд учирч болзошгүй, тодорхой бус эрсдэлээс таныг хамгаалдаг тул таны хүсэл сонирхлын дагуу буюу санаатай хийгдсэн үйлдлийн улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгогддоггүй.

  • Даатгалын нөхөн төлбөр олгогдохгүй бусад тохиолдол даатгалын гэрээнд тусгагдсан байдаг тул та даатгалын гэрээг сайтар уншиж танилцах хэрэгтэй.


http://e-khutuch.mn/guide/print/45/406/advice