ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Даатгалын төрөл ангилал Даатгалын гэрээ

Даатгалын гэрээ нь даатгуулагчийн зүгээс даатгагчид даатгалын хураамж төлөх, даатгагчийн зүгээс даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгох харилцааг зохицуулдаг гэрээ юм.

Асуулт 1. Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгүүд юу юу байдаг вэ?

  1. Даатгагчтай хамтран ажиллах гэрээний төсөл;

  2. Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн даатгалын төлөөлөгчийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэнийг нотлох баримт / энэ нь шалгалтад тэнцсэнээс хойш хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна /, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

  3. Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн иргэний цахим үнэмлэх, мэргэжлийн дипломын хуулбар;

  4. Өргөдөл гаргагч нь хуулийн этгээд бол үүнээс гадна дараах баримт бичгийг нэмж ирүүлнэ:

Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр;

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

Хуулийн этгээдийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шинэчилсэн дүрмийн төсөл;

Асуулт 2. Хариуцлагын даатгал ямар ач холбогдолтой вэ?

  1. Гарсан хохирлын нөхөн олговрыг олгох

  2. Даатгуулагчийн хүлээх эрсдэлийг багасгах

  3. Ирээдүйд гарч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах

  4. Даатгуулагчийн айдас, түгшүүрийг багасгах, сэтгэлийн амар амгаланг буй болох

  5. Хөрөнгө оруулалтын эх үүсвэр болох

  6. Банкны зээлийн баталгаа болох

  7. Ирээдүйд учирч болзошгүй гарз хохирлыг сануулах гэх мэт.

 

Асуулт 3. Даатгалын гэрээ байгуулахад анхаарах зүйлс юу байх вэ?

  • Даатгалын тухай сайтар судалж үзэх

  • Өөрийн хувьд даатгуулах хэрэгцээ байгаа эсэхээ эхэлж тодорхойлох

Иргэд, ААНБ-ууд нь үйлчлүүлэх даатгалын компаниа сонгохдоо www.frc.mn хаяг болон даатгалын компаниудын цахим хаягаар орж, компаниудын мэдээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гаргасан мэдээлэлтэй тус тус танилцаж, ойр дотны хүмүүс болон найз нөхдөөсөө асууж сонголтоо хийх хэрэгтэй. Даатгалын компанийг сонгохдоо дараах үзүүлэлтүүдийг харгалзах хэрэгтэй.

  • Бизнесийн түүх, туршлага, хүний нөөцийн чадавхи, харилцагчдын тоо

  • Даатгалын зах зээлд эзлэх байр суурь

  • Хөрөнгийн хэмжээ

  • Даатгалын хураамжийн хэмжээ

  • Нөхөн төлбөрийн хэмжээ

  • Нөөц сангийн хэмжээ

  • Хохирол нөхөлтийн харьцаа

  • Нөхөн төлбөр олголтын шуурхай байдал, үйлчилгээний чанар

  • Тухайн даатгалын компанийн төлбөрийн чадварын байдал гэх мэтийг авч судлах.

Асуулт 4. Даатгалын үнэлгээ гэж юу вэ?

Даатгалын зүйлийн үнийг үндэслэн даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцсон үнийг хэлнэ.

Асуулт 5. Даатгалын хураамж гэж юу вэ?

Даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгалын компанид төлж буй үнийг хэлнэ.

 

 

 

 


http://e-khutuch.mn/guide/print/45/406/faq