ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Даатгалын төрөл ангилал Даатгалын гэрээ

Даатгалын гэрээ нь даатгуулагчийн зүгээс даатгагчид даатгалын хураамж төлөх, даатгагчийн зүгээс даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгох харилцааг зохицуулдаг гэрээ юм.

Хуулийн зохицуулалт

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Даатгалын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 9, 10-р зүйлд зааснаар даатгуулагч, даатгагч нь дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Даатгагчийн эдлэх эрх, хүлээх үүрэг:

  • Даатгалын тухай хуульд заасан дараах  үндэслэлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах; Үүнд:

  1. Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;

  2. Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;

  3. Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан;

  4. Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;

  5. Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.

  • Даатгуулагчийн эрх, үүрэг нь шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд даатгагч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг шинэ эзэмшигчид тавих;

  • Даатгуулагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсхүл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах;

  • Даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох;

  • Даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд даатгуулагчид олгох;

  • Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах;

  • Монгол Улсын хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд даатгуулагчийн талаархи мэдээ, материалын нууцыг задруулахгүй байх;

  • Даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгах зорилгоор даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгуулагчид нөхөн төлөх;

  • Даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх;

  • Гэрээний хугацаанд

  •  даатгуулагч эрх зүйн чадамжгүй нь тогтоогдвол түүний эрх, үүргийг хэрэгжүүлэхийн тулд хууль ёсны асран хамгаалагчийг шүүхээр тогтоолгож, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

  • Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу санхүүгийн тайлангийн хураангуйг хэвлэлд нийтлэх.

Даатгуулагчийн эдлэх эрх, хүлээх үүрэг:

  • Даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах;

  • Даатгагч хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсхүл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах;

  • Даатгуулагчийн эрх, үүрэг шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд шинэ эзэмшигч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг даатгагчид тавих;

  • Даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх;

  • Даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах, даатгагчид нэн даруй мэдэгдэх;

  • Даатгал хийлгэхтэй холбогдсон баримт материалыг даатгагчид үнэн зөв гаргаж өгөх.

Даатгалын ач холбогдол

  • Даатгалын гэрээ нь танд даатгалын компанид бага хэмжээний төлбөр (даатгалын хураамж) төлж, даатгуулсан зүйлд хохирол учирсан үед даатгалын нөхөн төлбөр авах замаар хохирлоо барагдуулах боломжийг олгодог.

  • Хүмүүс даатгал хийлгэх замаар өөрт тохиолдож болох гэнэтийн эрсдэлээс хамгаалж байдаг.

  • Гэнэтийн аливаа хохиролд бэлэн байхын тулд даатгуулсан байх шаардлагатай.

Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн акт:

Даатгалын тухай (шинэчилсэн найруулга) хууль ЭНД дарж үзнэ үү.

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль ЭНД  дарж үзнэ үү.

Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт ЭНД дарж үзнэ үү.


http://e-khutuch.mn/guide/print/45/406/law