ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Даатгалын төрөл ангилал Албан журмын даатгал

Хуульд заасны дагуу иргэд заавал даатгуулбал зохих даатгалын төрөл юм. Үүнд: Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгал, зорчин явагчдын гэнэтийн ослын даатгал гэх мэт хамаарах ба үүнээс бид жолоочийн хариуцлагын даатгалын тухай танд хүргэж байна.

Дараах хохирол даатгалын тохиолдолд үл хамаарна:

  • Сэтгэл санааны хохирол

  • Хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол

  • Даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол

  • Жолоочийн даатгалын тухай хууль болон даатгалын гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол

Жолоочийн хүлээх үүрэг

Даатгалын тохиолдол гаргасан бол даатгуулагч дараах үүрэгтэй:

  • Жолоочийн даатгалд даатгуулсан тухайгаа хохирогчид мэдэгдэх

  • Даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах

  • Даатгалын тохиолдол болон нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн болон эрх бүхий этгээдийн шаардсан хугацаанд гаргаж өгөх;

  • Даатгагч нь дампуурсан бол шуурхай албанд болон шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад             мэдэгдэх.

Даатгалын тохиолдол гаргасан даатгуулаагүй жолооч дараах үүрэг хүлээнэ:

  • Жолоочийн даатгалд даатгуулаагүй тухайгаа хохирогчид мэдэгдэх

  • Даатгалын тохиолдлын талаар шуурхай алба, цагдаагийн байгууллагад мэдэгдэх.

Даатгалын тохиолдол гаргасан болон даатгалын тохиолдол гаргасан даатгуулаагүй жолооч нь даатгалын тохиолдлын тодорхойлолтын маягтыг даатгалын тохиолдол гарсан даруйд бөглөж, гарын үсэг зурна.

Тээврийн хэрэгслийн өмчлөгч, жолооч даатгуулагч дараах даатгалын суурь хураамжийг төлнө:

  • “А” ангиллын тээврийн хэрэгсэлд 12500 төгрөг;

  • “В” ангиллын тээврийн хэрэгсэлд 33000 төгрөг;

  • “С” ангиллын тээврийн хэрэгсэлд 42500 төгрөг;

  • “D” ангиллын тээврийн хэрэгсэлд 53000 төгрөг;

  • “Механизм” ангиллын тээврийн хэрэгсэлд 12500 төгрөг;

Тээврийн хэрэгслийн өмчлөгч болон тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч, C, D ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогчид нь албан журмаар даатгуулагчид бөгөөд дараах 3 зүйлийг анхааралдаа авахыг Албан журмын даатгагчдын холбооноос мэдээлж байна.

  1. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг цахим гарын үсэг (цахим гарын үсэг тээгч төхөөрөмж) ашиглан гэрээсээ, ажлын байрнаасаа хийх боломж бүрдлээ. Та ухаалаг гар утсандаа “АЖД” аппликейшнийг татан суулгах, компьютер дээрээ веб хөтөч ашиглан www.insuretech.mn цахим хуудсанд хандах.

  2. Зам тээврийн осол буюу даатгалын тохиолдлын дуудлагыг 18001177 дугаарын утсанд холбогдож мэдэгдэх эсхүл Холбооны “АЖД” аппликейшнийг Appstore, Playstore болон www.ami.mn цахим хуудаснаас татаж суулгана уу.

  3. Албан журмын даатгалд даатгуулагч та Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн даатгалын хураамжийг даатгагчийн дансанд төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болж, даатгалын баталгааг өгөх болсныг мэдээлж байна. Үүнийг 2019.08.01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.

Жолооч та 2019.08.01-ээс эхлэн зам тээврийн ослын дуудлагыг дараах хоёр хэлбэрээр өгнө.

  1. Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 дугаарт холбогдож, ослын талаар мэдэгдэнэ.

  2. Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагаар маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол “Албан журмын даатгал” аппликэйшнаар дамжуулан ослын болон бичиг баримтын зургийн хамт илгээж нөхөн төлбөрөө авах боломжтой.


http://e-khutuch.mn/guide/print/45/413/advice