ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Даатгалын төрөл ангилал Албан журмын даатгал

Хуульд заасны дагуу иргэд заавал даатгуулбал зохих даатгалын төрөл юм. Үүнд: Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгал, зорчин явагчдын гэнэтийн ослын даатгал гэх мэт хамаарах ба үүнээс бид жолоочийн хариуцлагын даатгалын тухай танд хүргэж байна.

Хуулийн зохицуулалт

Жолоочийн албан журмын хариуцлагын даатгалын харилцаа нь жолоочийн даатгалын тухай хуулиар зохицуулна. Тус хуульд жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах тухай зохицуулсан байдаг.

Даатгуулагчийн эрх, үүрэг:

  • Нөхөн төлбөрийг гэрээнд заасны дагуу даатгагчаас гаргуулан авах.

  • Даатгалын хууль, гэрээтэй холбоотой тайлбар, зөвлөгөө авах.

  • Даатгалын гэрээг үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах.

  • Даатгагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг цуцлах болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардах.

  • Даатгуулагч даатгалтай тээврийн хэрэгслийн улсын дугаар, хөдөлгүүрийн дугаар өөрчлөгдөх, өнгө солигдох зэргээр өөрчлөлт орсон тохиолдолд даатгагчид 14 хоногийн дотор мэдэгдэн даатгалын гэрээндээ өөрчлөлт оруулах эрх үүрэгтэй.

  • Даатгалтай тээврийн хэрэгслийн өмчлөлд өөрчлөлт орж шинэ өмчлөгчид шилжүүлсэн тохиолдолд даатгуулагч эсвэл шинэ өмчлөгч даатгагчид нэн даруй мэдэгдэн даатгалын гэрээгээ цуцлах, шинээр байгуулах асуудлаар саналаа ирүүлэх үүрэгтэй.

  • Даатгалтай холбоотой баримт, мэдээллийг даатгагчид үнэн зөв гаргаж өгөх.

  • Тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээр, хариуцлагын даатгалд тогтоосон хязгаараас доошгүй үнэлгээгээр даатгуулах.

  • Даатгалын зүйлийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдлын үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой бүхий л арга хэмжээг авах.

  • Даатгалын гэрээ байгуулах үеийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлүүд өөрчлөгдсөн тохиолдолд даатгагчид мэдэгдэх.

  • Даатгалын хууль, гэрээний дагуу даатгагчаас гарсан зардлыг буруутай этгээдээс нэхэмжлэн авахад даатгагчид бүх талын туслалцааг үзүүлэх.

  • Даатгалын тохиолдлын үед даатгалын гэрээнд заасан өөрийн хүлээх хариуцлагын хэмжээгээр үүрэг хүлээх.

  • Даатгал хийлгэхтэй болон нөхөн төлбөр гаргуулан авахтай холбоотой баримт, материалыг даатгагчид саадгүй, үнэн зөв гаргаж өгөх.

Даатгуулагчийн тусгай үүрэг:

  • Техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, Монгол улсын зам тээврийн хөдөлгөөнд оролцох эрх олгох үзлэгт орсон байх

  • Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм журмыг ёсчлон биелүүлж хөдөлгөөнд оролцох Техникийн бүрэн бүтэн байдлыг хангах.

  • Даатгалын тохиолдол болсон үед бодит хохирлын хэмжээг үнэн зөв гаргаж өгөх

  • Үйлдвэрлэгчээс гаргасан техник ашиглалын заавар, ажиллагааны зааврыг зөрчихгүй байх

  • Тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, тээврийн хэрэгслийн ашиглалтын горим, зааврыг зөрчилгүй, даац, ачаалал хэтрүүлэхгүй байх.

Даатгагчийн эрх, үүрэг:

  • Даатгуулагч хуурамч мэдээлэл өгсөн нь нотлогдвол түүнчлэн даатгалын хураамжийг хууль буюу гэрээгээр тогтоосон хугацаанд төлөөгүй бол гэрээг цуцлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардах.

  • Даатгалын тохиолдолын газар дээр очиж даатгалын гэрээнд заасан эрсдэл үүссэн эсэхийг нягталж тогтоох, учирсан хохирлын хэмжээг нэг бүрчлэн тогтоож даатгуулагчид танилцуулах.

  • Даатгуулагчид учирсан хохиролд зах зээлийн үнийн судалгаа хийсний үндсэн дээр үнэлгээ хийж даатгуулагчид танилцуулна.

  • Даатгуулагчаас ирүүлсэн нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авч шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал гаргуулан авах эрхтэй.

  • Даатгуулагчийн ирүүлсэн даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт материал эргэлзээтэй тохиолдолд эрх бүхий байгууллага албан тушаалтанд хандаж дүгнэлт тодорхойлолт гаргуулах.

  • Даатгалын тохиолдлын улмаас бүрэн сүйрсэн тээврийн хэрэгсэл болон эвдэрч гэмтсэн эд ангийг даатгагч шинээр сольж, нөхөн сэргээсэн бол тухайн тээврийн хэрэгсэл, гэмтсэн эд ангийг өөрийн мэдэлд авах эрхтэй.

  • Зам  тээврийн осол хэрэг эрх бүхий Цагдаа, Прокурор, Шүүхийн байгууллагад шалгагдаж хянагдаж байгаа тохиолдолд даатгагч энэхүү гэрээний дээр заасан хугацааг хойшлуулах эрхтэй.

  • Монгол Улсын хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд даатгуулагчийн талаар өөрт хадгалагдаж буй мэдээ материалын нууцыг задруулахгүй байх.

  • Даатгалын гэрээ байгуулах, үүссэн хохирлыг шуурхай чирэгдэлгүй барагдуулах үүднээс даатгуулагчид хууль тогтоомж, гэрээний нөхцлийн талаар үнэн зөв мэдээлэл, бүрдүүлэх баримтын асуудлаар зөвлөгөө өгнө.

  • Даатгалын эрсдлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний зардлыг нөхөн төлбөр дээр нэмж тооцох.

Мөн Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.1-т зааснаар Даатгалын тохиолдол гаргасан бол даатгуулагч дараах үүрэгтэй.

Даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах;

Хэрэв зам тээврийн осол гаргасан жолооч Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийлгээгүй, даатгалын гэрээний хугацаа нь дуусгавар болсон бол даатгалын компани хохирлыг хариуцахгүй юм.

Зам тээврийн осол гарсан даатгалгүй хийлгээгүй, даатгалын гэрээ дууссан даатгалын компани хохирлыг хариуцахгүй

Гэвч Жолоочийн даатгалын тухай хуулийн “ зам тээврийн ослын улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирогчид нөхөн төлбөр олгох” зарчмын хүрээнд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалгүй жолоочийн гаргасан зам тээврийн ослын хохирлын Жолоочийн даатгалын сан хариуцахаар заасан.

Иймд та Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалгүй жолоочийн гаргасан зам тээврийн улмаас хохирсон бол Жолоочийн даатгалын санг хариуцдаг Албан журмын даатгагчдын холбоонд нэн дариу мэдэгдэж, төлбөр нэхэмжлэх боломжтой.

            Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх, зүйн акт:

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он ) ЭНД  дарж үзнэ үү.

  • Жолоочийн даатгалын тухай хууль (2011 он ) ЭНД дарж үзнэ үү.

  • “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мэдүүлгийн маягт, гэрээний стандарт, загвар”-ыг шинэчлэн батлах тухай (2018 он ) ЭНД дарж үзнэ үү.

  • Жолоочийн даатгалын санд хөрөнгө шилжүүлэх журам ( 2013 он ) ЭНД дарж үзнэ үү.

 


http://e-khutuch.mn/guide/print/45/413/law