ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Даатгалын төрөл ангилал Даатгалын тохиолдол, гэрээ нөхөн төлбөр

Даатгалын тохиолдол гэдэг нь даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгоно. Даатгалын нөхөн төлбөр гэдэг нь гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно.

Асуулт 1. Жолоочийн даатгалын тухай хуулиар иргэн хүн шинэ машин аваад оношлогоонд хамрагдах, тээврийн хэрэгслийн гэрчилгээ авах болон улсын дугаар авахаас өмнө даатгал хийх шаардлага гарч байна. Харин даатгал хийлгэхийн тулд тээврийн хэрэгслийн гэрчилгээ улсын дугаар шаардагдаж байна.Алийг нь эхэлж авах вэ? Яаж энэ асуудлыг шийдэх вэ? \

Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасанчлан тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулж, тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглосон. Иймээс даатгалын гэрээг эхлээд хийлгэх шаардлагатай бөгөөд шинэ тээврийн хэрэгслийн хувьд даатгагч тээврийн хэрэгслийн арлын дугаараар даатгалыг хийж, техникийн хяналтын үзлэг оношлогоонд орж, улсын дугаар авсны дараагаар даатгуулагч даатгагчид эргэж мэдэгдэн даатгалын гэрээ, мэдээллийн санд мэдээллийг бүрэн хэмжээнд нөхөн оруулах боломжтой.

Асуулт 2. Даатгагч зөвхөн даатгалын үйл ажиллагаа эрхлэх үү?

 Даатгалын тухай хуульд зааснаар Даатгагч нь Монгол Улсад болон гадаад улсад гагцхүү даатгалын үйл ажиллагаа болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлнэ.

Асуулт 3. Даатгагч нь ерөнхий захиргааныхаа хаягийг өөрчилбөл энэ тухайгаа хаана хэдийд хандах вэ?

Даатгагч нь ерөнхий захиргааныхаа хаягийг өөрчилбөл ажлын 5 хоногийн дотор Зохицуулах хороонд мэдэгдэнэ.

Асуулт 4. Даатгагч нь гадаадад даатгалын үйл ажиллагаа явуулахдаа хаанаас зөвшөөрөл авах вэ?

Даатгагч нь өөрийн салбар, төлөөлөгчийн газраа гадаад улсын нутаг дэвсгэрт нээх, түүгээр дамжуулан даатгалын үйл ажиллагаа явуулахдаа Зохицуулах хорооноос бичгээр зөвшөөрөл авна.

Асуулт 5. Холбогдох этгээд гэдэгт юу хамаарах вэ?

Даатгагч болон даатгагч байсан этгээд, эсхүл түүний хараат болон охин компани хамаарна.

Асуулт 6. Албадлагын арга хэмжээний төрөл гэж юу вэ?

Зохицуулах хороо дараах төрлийн албадлагын арга хэмжээг хэрэглэнэ:

  1. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх;

  2. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

  3. Шалгагч томилох;

  4. Даалгавар өгөх;

  5. Даатгалын үйл ажиллагааг зохистой явуулах талаар зөвлөх үүрэг бүхий дадлага туршлагатай мэргэжилтэн томилох;

Асуулт 7. Тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр түдгэлзүүлэх вэ?

Санхүүгийн зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр түдгэлзүүлнэ:

  • Албадлагын арга хэмжээ авах үндэслэлийн аль нэг нь илэрсэн;

  • Тусгай зөвшөөрөл олгосноос хойш 6 сарын дотор үйл ажиллагаагаа эхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон;

  • Тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг төлөх хугацаа өнгөрснөөс хойш 2 сарын дотор төлөөгүй.

Асуулт 8. Тусгай зөвшөөрлийг хэр хугацаагаар түдгэлзүүлдэг вэ?

  • Зохицуулах хорооноос тогтоосон хугацаагаар;

  • Зохицуулах хорооноос тавьсан шаардлага, өгсөн даалгаврыг биелүүлэх хүртэл түдгэлзүүлнэ.

Асуулт 9. Даатгалын тухай хуульд мэдээллийн нууцлалыг хадгалах тухай юу гэж заасан байдаг вэ?

Зохицуулах хороо  болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтан нь даатгалын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараах этгээдтэй холбоотой аливаа мэдээллийг бусдад задруулахыг хориглоно:

  1. Тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан этгээд;

  2. Даатгагч эсхүл даатгагч байсан этгээд, тэдгээрийн хараат болон охин компани;

  3. Даатгуулагч, эсхүл даатгуулагч байсан этгээд.

Асуулт 10. Мэдээллийн нууцлалыг бусдад задруулаагүй гэж үзэх тохиолдол байдаг уу?

  • Тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн;

  • Зохицуулах хороо шаардсан;

  • Шүүх болон прокурор, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажлын шаардлагаар тэдгээр байгууллагын удирдлага хүсэлт гаргасан;

  • Даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор тухайн этгээд мэдэх шаардлагатай;

  • Уг мэдээллийг олон нийт бусад эх сурвалжаас мэдэх боломжтой, эсхүл нэгэнт мэдээлэгдсэн;

  • Тухайн мэдээлэлтэй холбогдох даатгалын тухай хуулийн 81.1-д заасан этгээдийг таних боломжгүй байдлаар буюу мэдээллийг товчлол, эсхүл статистик тоо баримтаар мэдээлэх;

  • Даатгалын тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу гадаадын зохицуулах байгууллага бичгээр хүсэлт гаргасан.

Асуулт 11. Даатгалын тухай хуульд Зохицуулах хорооны албан хаагчийн хязгаарлагдмал хариуцлагын тухай юу гэж заасан байдаг вэ?

Зохицуулах хорооны албан хаагч даатгалын тухай хууль, холбогдох бусад хууль болон даатгалын багц дүрэмд заасан үүргээ шударга бусаар хэрэгжүүлсэн буюу санаатайгаар хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсоноос бусад тохиолдолд хариуцлага хүлээхгүй.

Асуулт 12. Нөхөн төлбөр хэрхэн авах вэ?

Хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон эсэхээс үл хамааран даатгагч болон жолоочийн даатгалын сан нь “Жолоочийн даатгалын тухай хууль” -ийн 16,17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш ажлын 10 өдрийн дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.

Хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд “Жолоочийн даатгалын тухай хууль”-ийн 16,17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.

Жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгоход хохирогч болон буруутай тал дараах материалуудыг бүрдүүлснээр нөхөн төлбөр олгох боломжтой болох юм.

Үүнд:

Хохирогч /хувь хүн/:

  • Нөхөн төлбөр хүссэн өргөдөл

  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

  • Жолооны үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар

  • Хохирлыг үнэлсэн эрх бүхий байгууллагын дүгнэлт тайлан

  • Хохирол үнэлгээний байгууллагын үйлчилгээний хөлсийг төлсөн санхүүгийн баримтын эх хувь

  • Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ

  • Шаардлагатай гэж үзвэл нэмэлт баримт бичгүүд бүрдүүлнэ.

Буруутай тал / хувь хүн /

  • Нөхөн төлбөр хүссэн өргөдөл /Цээж зураг /

  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

  • Жолооны үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар

  • Оршин суугаа газрын тодорхойлолт

  • Даатгалын тохиолдлыг нотолсон, буруутай этгээдийг нь тогтоосон эрх бүхий байгууллагын акт, тодорхойлолт /Цагдаагийн акт гэх мэт/

  • Жолоочийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөний торгуулийг төлсөн баримт

  • Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх уг даатгалын гэрээгээ авчрах

  • Бусад шаардлагатай нэмэлт баримт бичгүүдийг бүрдүүлнэ.

  • Батлан даагчтай байх

  • Иргэний үнэмлэхний хуулбар /нот/

  • Ажлын газрын тод, цалингийн тод-лолт

  • НДД-ийн хуулбар   /нот/

  • Оршин суугаа газрын тодорхойлолт

Хохирогч /хуулийн этгээд /

  •  Албан тоот

  • Тухайн байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар

  • Тухайн үед жолоодож явсан жолоочийн өргөдөл

  • Жолоочийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

  • Жолооны үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар

  • Хохирлыг үнэлсэн эрх бүхий байгууллагын дүгнэлт, хохирол үнэлгээний тайлан

  • Хохирол үнэлгээний байгууллагын үйлчилгээний хөлсийг төлсөн санхүүгийн баримтын эх хувь

  • Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ

  • Шаардлагатай гэж үзвэл нэмэлт баримт бичгүүдийг бүрдүүлнэ.

Буруутай тал /хуулийн этгээд /

  • Албан тоот

  • Тухайн байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар

  • Тухайн үед жолоодож явсан жолоочийн өргөдөл

  • Жолоочийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

  • Жолооны үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар

  • Оршин суугаа газрын тодорхойлолт

  • Тухайн байгууллагыг төлөөлж тус Холбоотой гэрээ байгуулах этгээдийг итгэмжилсэн итгэмжлэл

  • Даатгалын тохиолдлыг нотолсон, буруутай этгээдийг нь тогтоосон эрх бүхий байгууллагын акт, тодорхойлолт / цагдаагийн акт гэх мэт/

  • Жолоочийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөний торгуулийг төлсөн баримт

  • Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх уг даатгалын гэрээгээ авчрах

  • Бусад шаардлагатай нэмэлт баримт бичгүүдийг бүрдүүлнэ.

Хохирогч нь эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдолд бүрдүүлэх материалын зөвлөгөөг даатгалын сангаас танд зөвлөх болно. Даатгалын сан утас: 70001277

Асуулт 13.  Нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргахдаа ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

  1. Өргөдөл, албан бичиг;

  2. Даатгалын баталгааны эх хувь;

  3. Цагдаа, Онцгой байдлын алба, эмнэлэг, засаг захиргааны байгууллага, орон сууцны контор болон бусад хуулийн байгууллагын хохирлыг нотлох акт, дүгнэлт, тодорхойлолт.

  4. Осолд орсон бүх автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн жолооны үнэмлэхний хуулбар.

  5. Баримтжуулсан гэрэл зураг, видео бичлэг.

  6. Ослыг гэрчлэх гэрчийн тодорхойлолт.

  7. Даатгагч шаардлагатай гэж үзсэн тодорхойлдолд үнэлгээний байгууллагын дүгнэлтийг гаргуулан материалдаа хавсаргах.

Асуулт 14. Ямар тохиолдолд нөхөн төлбөрийг 100% авах вэ?

  1. Даатгуулсан эд зүйл бүрэн устаж, дахин ашиглаж болохгүй болсон тохиолдолд 100% олгогдоно.

  2. Эд хөрөнгөө зах зээлийн үнээр үнэлсэн байх.

  3. Даатгалын эрсдэлд тохирох хураамжийн хувийг төлсөн байх.

Асуулт 15. Хохирлын үнэлгээг заавал хийлгэх шаардлагатай юу?

  1. Аливаа эд хөрөнгө болон автомашинд учирсан гэмтлийн үнэлгээг хөндлөнгийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар үнэлүүлдэг. / МУ-ын Даатгалын тухай хуулийн 8.4, Даатгалын Мэргэжлийн оролцогчийн тухай хууль/

  2. Хэрэв даатгагч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд даатгуулагч хохирлын үнэлгээний дүгнэлтийг шаардах эрхтэй.


http://e-khutuch.mn/guide/print/45/415/faq