ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Төрийн албаны тухай Төрийн жинхэнэ албаны шалгалт

Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна.

Хуулийн зохицуулалт

Төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна:

  1. ерөнхий шалгалт;
  2. тусгай шалгалт /тухайн албан тушаалын/.

Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно:

  1. Монгол Улсын иргэн байх;
  2. дээд боловсролтой байх;

Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй дээд боловсролтой, Монгол Улсын иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг:

  1. төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл төрийн захиргааны албан тушаал болон төрийн үйлчилгээний албан тушаалын удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс;
  2. төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас;
  3. төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог  дээрх 2 дахь хэсэгт заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс тус тус авна.
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг төрийн албаны төв байгууллага зохион байгуулна.

Төрийн албаны төв байгууллага тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг зохион байгуулахдаа холбогдох байгууллага болон мэргэжлийн холбоо, эрдэмтэн, судлаачдын төлөөллөөс бүрдсэн Шалгалтын зөвлөл байгуулж болно.

Төрийн жинхэнэ  албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журмын 10 дугаар зүйлд заасны дагуу Иргэн таны Мэргэшлийн шалгалттай холбогдсон асуудлаар гаргасан гомдлыг Салбар комисс, Салбар комисстой холбоотой гомдлыг  Төв комисс шийдвэрлэнэ.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албаны шалгалт нь сорил, ярилцлага болон бусад хэлбэртэй байна.

Төрийн жинхэнэ албаны шалгалтын агуулгатай:

  1. удирдан зохион байгуулах чадварыг шалгах;
  2. дүн шинжилгээ хийх чадварыг шалгах;
  3. асуудал шийдвэрлэх чадварыг шалгах;
  4. манлайлах чадварыг шалгах;
  5. монгол хэлний ярианы болон бичгийн чадварыг шалгах;
  6. багаар ажиллах чадварыг шалгах;
  7. бусад.

Төрийн жинхэнэ  албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журмын 6 зүйлд зааснаар салбар комисс нь мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэнээс дор дурдсан баримт бичгийг тогтоосон хугацаанд хүлээн  авч бүртгэнэ:

  1. Төрийн албан хаагчийн  биеийн байцаалт  (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);
  2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг/диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  3. Тухайн ажлын байранд мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх гэсэн шалгуур тавигдсан тохиолдолд мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийг  хуулбарлан, эх хувийн хамт;
  4. Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан, эх хувийн хамт;
  5. Тухайн ажлын байранд гадаад хэлний мэдлэгийн тусгай шаардлага тавигдсан тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг  гадаад хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт бичгийг  хуулбарлан, эх хувийн хамт;
  6.  Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  7. “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2 хувь;
  8. Шалгалтын үйлчилгээний зардал төлсөн баримт.
  9. Салбар комисс шаардлагатай гэж үзвэл баримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал гаргуулах, шалгах эрхтэй.
Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ авах талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон төрийн албаны төв байгууллагын https://csc.gov.mn/home цахим хуудсаар нийтэд зарлан мэдээлнэ.

Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Гомдлыг маргаан үүсгэж шалгахаар бол уг маргааныг төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журамд заасны дагуу Зөвлөл гомдлыг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор маргаан үүсгэх эсэх талаар шийдвэр гаргана.

Комисс нь маргааныг 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд хугацааг Зөвлөлийн дарга 14 хоногоор сунгаж болно.

Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэнэ. Төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа гурван жил байна.

Төрийн жинхэнэ  албан тушаалд анх ороход 
мэргэшлийн шалгалт авах журмын 6 дугаар зүйлд зааснаар иргэн та тухайн орон нутагт оршин суух бүртгэлтэй харьяалалынхаа дагуу мэргэшлийн шалгалтад орно. Хэрэв тухайн орон нутагт оршин суух бүртгэлгүй иргэн мэргэшлийн шалгалтад орохыг хүсвэл тухайн орон нутагт ажиллаж, амьдрах гэж байгаа талаараа албан ёсны хүсэлтийг “Өргөдлийн загвар”-ын дагуу Салбар комисст  гаргана. Уг иргэн шалгалт өгч тэнцсэн тохиолдолд зөвхөн тухайн орон нутагт орших  төрийн захиргааны байгууллагын сул ажлын байранд  нэр дэвших эрхтэй.

ӨРГӨДӨЛ

 

 

Төрийн албаны мэргэшлийн шалгалтад бүртгүүлэх тухай

 

 


Өргөдөл гаргагчийн:

…………………………………..( ургийн овог)

…………………………………..(эцэг буюу эхийн нэр)

…………………………………… (нэр)

…………………………………..(регистрийн дугаар)

 

Ажиллахыг сонирхож буй:

Байгууллага:  ……………………………………………………………….

Нэгж:  ………………………………………………………………………….

Албан тушаал: ……………………………………………………………..

Албан тушаалын:

                    ангилал: …………….

                    зэрэглэл: …………..

 

Миний бие нь  ........................./аймаг/-т ажиллаж, амьдрах хүсэл сонирхолтой тул төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад ажиллахыг сонирхож буй ажлын байранд  Төрийн албаны зөвлөлийн баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг баримтлан  бүртгэн авахыг хүсч  өргөдөл гаргаж  байна.

Шалгалтад тэнцсэн тохиолдолд зөвхөн тухайн орон нутгийн төрийн захиргааны байгууллагын сул ажлын байранд  нэр дэвших эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна.


Гарын үсэг /………………………/

202…. он…. сар … өдөр 

Асуулт 1. Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтыг хэзээ авах талаар мэдээллийг хаанаас олж харах боломжтой вэ?

Төрийн жинхэнэ  албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журмын 3 дугаар зүйлд зааснаар Төв комисс сул орон тооны захиалгыг мэргэшлийн шалгалттай холбоотой мэдээллийн хамт  шалгалт эхлэхээс 21-ээс доошгүй хоногийн өмнө Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ. Иймд та http://www.csc.gov.mn цахим хуудсанд хандан шалгалтын /албан тушаалын нэр, тоо,  ангилал, зэрэглэл, хариуцах асуудал, тавигдах шаардлага, шалгалтын чиглэл, агуулга, бүртгэлийн  хэлбэр болон шалгалт авах байрны байршил, хугацаа, бүрдүүлэх материал, Төв болон Салбар комисс, захиалга өгсөн байгууллагын хаяг, харилцах утасны дугаар зэргийн мэдээллийг авах боломжтой.

Асуулт 2. Төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэдээс ямар чиглэлээр шалгалт шалгалт авдаг вэ?

Шалгалтын эхний хэсэг нь ерөнхий мэдлэгийн төвшин тогтоох шалгалт байна. Үүнд:

  • Төрийн алба түүнтэй холбогдох хууль эрх зүйн мэдлэгийн асуултууд
  • Монгол орны түүх, нийгэм, эдийн засаг, соёлын талаарх ерөнхий мэдлэгийн асуултууд
  • Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны үндсэн мэдлэгийн асуултууд
  • Логик сэтгэлгээ, сэтгэхүйн бодлого

Шалгалтын хоёрдугаар хэсэг 

"Ур чадварын түвшин тогтоох" шалгалт нь:

  • Монгол хэлний мэдлэг болон албан хэрэг хөтлөх ур чадварыг шалгах
  • Мэдээллийн технологийн ур чадварыг шалгах гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
    Монгол хэлний мэдлэг болон албан хэрэг хөтлөх ур чадварын шалгалтад нийт 15 оноо авах бөгөөд 9-өөс бага оноо авбал мэдээллийн технологийн ур чадварын шалгалтад  орохгүй. Мэдээллийн технологийн ур чадварын шалгалтаар нийтдээ 10 хүртэлх оноо авах боломжтой. 

Шалгалтын гуравдугаар хэсэг

Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтад 15 хүртэлх оноо авах бөгөөд тухайн байгууллагын зорилт, чиг үүрэг, улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн талаар, тухайн албан тушаалыг хашихад шаардлагатай зан үйл, хандлага, чадварын талаар  ярилцаж үнэлэх юм.

Асуулт 3. Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад бэлтгэх ном худалдаанд гардаг гэсэн. Гадуур номын худалдаанд байхгүй байна. Хаанаас авдаг вэ?

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж” тестийн ном болон “Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэдэд зориулсан зөвлөгөө” номыг Эрх зүйн үндэсний хүрээлэнгийн /Төрийн ордны баруун талд байрладаг/ номын худалдаанаас авч ашиглах боломжтой.

Асуулт 4. Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад хэдэн оноогоор тэнцдэг вэ?

Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт нь ерөнхий мэдлэгийн төвшин тогтоох шалгалт 60 оноо, ур чадвар төвшин тогтоох шалгалт 25 оноо, Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт 15 оноо авах ёстойгоос эхний шалгалтад 36 оноо  авснаар дараагийн шалгалтад орох эрхтэй болдог ба нийт 3 шалгалтын нийлбэр дүн нь  60 ба түүнээс дээш оноо авснаар мэргэшлийн шалгалтад тэнцсэнд тооцдог.

Асуулт 5. Би төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгөөд тэнцээд нөөцөд бүртгэгдсэн. Ямар хугацаагаар нөөцөд бүртгэгддэг вэ?

Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэгт зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэнэ. Төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа гурван жил байна.

Асуулт 6. Би засаг захиргааны нэгжийн хувьд Булганы харьяалалынх ба одоогоор Эрдэнэт хотод амьдардаг. Цаашдаа ч Эрдэнэт хотод амьдрах хүсэл сохирхолтой байгаа тул энд төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч болох болов уу?

Хэрэв тухайн орон нутагт оршин суух бүртгэлгүй иргэн мэргэшлийн шалгалтад орохыг хүсвэл тухайн орон нутагт ажиллаж, амьдрах гэж байгаа талаараа албан ёсны хүсэлтийг “Өргөдлийн загвар”-ын дагуу Салбар комисст  гаргана. Уг иргэн шалгалт өгч тэнцсэн тохиолдолд зөвхөн тухайн орон нутагт орших  төрийн захиргааны байгууллагын сул ажлын байранд  нэр дэвших эрхтэй.

Асуулт 7. Төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэдээс авах ерөнхий мэдлэгийн төвшин тогтоох шалгалтыг ямөар хэлбэрээр авдаг вэ?

Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход  авах мэргэшлийн шалгалтын үнэлгээ, дүн гаргах зааврын 3 дугаар зүйлд зааснаар ерөнхий мэдлэгийн болон Ур чадварын түвшинг тогтоох шалгалтыг Сорилын хэлбэрээр авна. Сорилын хэлбэрээр авах шалгалтыг цахимаар авах бөгөөд боломжгүй тохиолдолд сорилын хуудсаар авна.

Асуулт 8. Би Хэнтий аймагт төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгөөд тэнцсэн. Би Дархан-Уул аймагт ажилд орох гэсэн чинь заавал шалгалт өгсөн харъяалалаараа ажилд ордог гэх юм. Тийм зохицуулалт байдаг юм уу?

Мэргэшлийн шалгалт авах журмын 6 дугаар зүйлд зааснаар иргэн та тухайн орон нутагт оршин суух бүртгэлтэй харьяалалынхаа дагуу мэргэшлийн шалгалтад орно. Хэрэв тухайн орон нутагт оршин суух бүртгэлгүй иргэн мэргэшлийн шалгалтад орохыг хүсвэл тухайн орон нутагт ажиллаж, амьдрах гэж байгаа талаараа албан ёсны хүсэлтийг “Өргөдлийн загвар”-ын дагуу Салбар комисст  гаргана. Уг иргэн шалгалт өгч тэнцсэн тохиолдолд зөвхөн тухайн орон нутагт орших  төрийн захиргааны байгууллагын сул ажлын байранд  нэр дэвших эрхтэй.

Асуулт 9. Ямар тохиолдлуудад төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтыг хүчингүйд тооцдог вэ?

Төрийн жинхэнэ  албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журмын 8 дугаар зүйлд зааснаар дараах тохиолдолд иргэний мэргэшлийн шалгалтыг хүчингүй болгоно:

  • Мэргэшлийн шалгалтад гар утас, чихэвч, зөөврийн компьютер  болон  аудио видео техник хэрэгсэл, ноорог цаас, ном дэвтэр зэрэг бусад  зүйлсийг  шалгалтад авч орохыг  оролдсон,  авч орсон; 
  • Бусад шалгалт өгч буй иргэнтэй харилцах, туслах, туслуулахыг  оролдсон;
  • Шалгалтын хуудсан дээр зөвшөөрснөөс бусад ямар нэг  илүү тэмдэглэгээ, таних тэмдэг  тавьсан,  өөр өнгийн бэхээр бөглөсөн;
  • Ажлын байранд тавигдсан шаардлагыг хангахгүй нь шалгалтын явцад болон шалгалтын дараа  илэрч нотлогдсон;
  • Хуурамч баримт бичиг бүрдүүлсэн.

Асуулт 10. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтыг ярилцлагын аргаар авдаг гэсэн ямар үзүүлэлтээр, хэдэн шалгалтын комиссын бүрэлдэхүүнтэй авдаг вэ?

Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам, заавар  батлах тухай Төрийн албаны зөвлөлийн тогтоолын 3 дугаар хавсралтад  зааснаар доорх 5 үзүүлэлтээр 3 гишүүний бүрэлдэхүүнтэй шалгалтын авна.

  • Ажиллах байгууллага,  нэгж, ажлын байрны зорилго, зорилт, чиг үүргийн талаарх ерөнхий төсөөлөл
  • Төрийн алба, улс орны болон салбар, нутаг дэвсгэрийн хөгжлийн талаарх ерөнхий мэдлэг
  • Тухайн албан тушаалыг хашихад шаардлагатай мэдлэг
  • Уг албан тушаалыг  хашихад шаардлагатай хандлагыг  тодорхойлох
  • Уг албан тушаалыг хашихад шаардлагатай зан үйлийг  тодорхойлох

http://e-khutuch.mn/guide/print/46/411/all