ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Төрийн албаны тухай Төрийн жинхэнэ албаны шалгалт

Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна.

Асуулт 1. Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтыг хэзээ авах талаар мэдээллийг хаанаас олж харах боломжтой вэ?

Төрийн жинхэнэ  албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журмын 3 дугаар зүйлд зааснаар Төв комисс сул орон тооны захиалгыг мэргэшлийн шалгалттай холбоотой мэдээллийн хамт  шалгалт эхлэхээс 21-ээс доошгүй хоногийн өмнө Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ. Иймд та http://www.csc.gov.mn цахим хуудсанд хандан шалгалтын /албан тушаалын нэр, тоо,  ангилал, зэрэглэл, хариуцах асуудал, тавигдах шаардлага, шалгалтын чиглэл, агуулга, бүртгэлийн  хэлбэр болон шалгалт авах байрны байршил, хугацаа, бүрдүүлэх материал, Төв болон Салбар комисс, захиалга өгсөн байгууллагын хаяг, харилцах утасны дугаар зэргийн мэдээллийг авах боломжтой.

Асуулт 2. Төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэдээс ямар чиглэлээр шалгалт шалгалт авдаг вэ?

Шалгалтын эхний хэсэг нь ерөнхий мэдлэгийн төвшин тогтоох шалгалт байна. Үүнд:

  • Төрийн алба түүнтэй холбогдох хууль эрх зүйн мэдлэгийн асуултууд
  • Монгол орны түүх, нийгэм, эдийн засаг, соёлын талаарх ерөнхий мэдлэгийн асуултууд
  • Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны үндсэн мэдлэгийн асуултууд
  • Логик сэтгэлгээ, сэтгэхүйн бодлого

Шалгалтын хоёрдугаар хэсэг 

"Ур чадварын түвшин тогтоох" шалгалт нь:

  • Монгол хэлний мэдлэг болон албан хэрэг хөтлөх ур чадварыг шалгах
  • Мэдээллийн технологийн ур чадварыг шалгах гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
    Монгол хэлний мэдлэг болон албан хэрэг хөтлөх ур чадварын шалгалтад нийт 15 оноо авах бөгөөд 9-өөс бага оноо авбал мэдээллийн технологийн ур чадварын шалгалтад  орохгүй. Мэдээллийн технологийн ур чадварын шалгалтаар нийтдээ 10 хүртэлх оноо авах боломжтой. 

Шалгалтын гуравдугаар хэсэг

Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтад 15 хүртэлх оноо авах бөгөөд тухайн байгууллагын зорилт, чиг үүрэг, улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн талаар, тухайн албан тушаалыг хашихад шаардлагатай зан үйл, хандлага, чадварын талаар  ярилцаж үнэлэх юм.

Асуулт 3. Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад бэлтгэх ном худалдаанд гардаг гэсэн. Гадуур номын худалдаанд байхгүй байна. Хаанаас авдаг вэ?

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж” тестийн ном болон “Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэдэд зориулсан зөвлөгөө” номыг Эрх зүйн үндэсний хүрээлэнгийн /Төрийн ордны баруун талд байрладаг/ номын худалдаанаас авч ашиглах боломжтой.

Асуулт 4. Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад хэдэн оноогоор тэнцдэг вэ?

Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт нь ерөнхий мэдлэгийн төвшин тогтоох шалгалт 60 оноо, ур чадвар төвшин тогтоох шалгалт 25 оноо, Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт 15 оноо авах ёстойгоос эхний шалгалтад 36 оноо  авснаар дараагийн шалгалтад орох эрхтэй болдог ба нийт 3 шалгалтын нийлбэр дүн нь  60 ба түүнээс дээш оноо авснаар мэргэшлийн шалгалтад тэнцсэнд тооцдог.

Асуулт 5. Би төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгөөд тэнцээд нөөцөд бүртгэгдсэн. Ямар хугацаагаар нөөцөд бүртгэгддэг вэ?

Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэгт зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэнэ. Төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа гурван жил байна.

Асуулт 6. Би засаг захиргааны нэгжийн хувьд Булганы харьяалалынх ба одоогоор Эрдэнэт хотод амьдардаг. Цаашдаа ч Эрдэнэт хотод амьдрах хүсэл сохирхолтой байгаа тул энд төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч болох болов уу?

Хэрэв тухайн орон нутагт оршин суух бүртгэлгүй иргэн мэргэшлийн шалгалтад орохыг хүсвэл тухайн орон нутагт ажиллаж, амьдрах гэж байгаа талаараа албан ёсны хүсэлтийг “Өргөдлийн загвар”-ын дагуу Салбар комисст  гаргана. Уг иргэн шалгалт өгч тэнцсэн тохиолдолд зөвхөн тухайн орон нутагт орших  төрийн захиргааны байгууллагын сул ажлын байранд  нэр дэвших эрхтэй.

Асуулт 7. Төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэдээс авах ерөнхий мэдлэгийн төвшин тогтоох шалгалтыг ямөар хэлбэрээр авдаг вэ?

Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход  авах мэргэшлийн шалгалтын үнэлгээ, дүн гаргах зааврын 3 дугаар зүйлд зааснаар ерөнхий мэдлэгийн болон Ур чадварын түвшинг тогтоох шалгалтыг Сорилын хэлбэрээр авна. Сорилын хэлбэрээр авах шалгалтыг цахимаар авах бөгөөд боломжгүй тохиолдолд сорилын хуудсаар авна.

Асуулт 8. Би Хэнтий аймагт төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгөөд тэнцсэн. Би Дархан-Уул аймагт ажилд орох гэсэн чинь заавал шалгалт өгсөн харъяалалаараа ажилд ордог гэх юм. Тийм зохицуулалт байдаг юм уу?

Мэргэшлийн шалгалт авах журмын 6 дугаар зүйлд зааснаар иргэн та тухайн орон нутагт оршин суух бүртгэлтэй харьяалалынхаа дагуу мэргэшлийн шалгалтад орно. Хэрэв тухайн орон нутагт оршин суух бүртгэлгүй иргэн мэргэшлийн шалгалтад орохыг хүсвэл тухайн орон нутагт ажиллаж, амьдрах гэж байгаа талаараа албан ёсны хүсэлтийг “Өргөдлийн загвар”-ын дагуу Салбар комисст  гаргана. Уг иргэн шалгалт өгч тэнцсэн тохиолдолд зөвхөн тухайн орон нутагт орших  төрийн захиргааны байгууллагын сул ажлын байранд  нэр дэвших эрхтэй.

Асуулт 9. Ямар тохиолдлуудад төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтыг хүчингүйд тооцдог вэ?

Төрийн жинхэнэ  албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журмын 8 дугаар зүйлд зааснаар дараах тохиолдолд иргэний мэргэшлийн шалгалтыг хүчингүй болгоно:

  • Мэргэшлийн шалгалтад гар утас, чихэвч, зөөврийн компьютер  болон  аудио видео техник хэрэгсэл, ноорог цаас, ном дэвтэр зэрэг бусад  зүйлсийг  шалгалтад авч орохыг  оролдсон,  авч орсон; 
  • Бусад шалгалт өгч буй иргэнтэй харилцах, туслах, туслуулахыг  оролдсон;
  • Шалгалтын хуудсан дээр зөвшөөрснөөс бусад ямар нэг  илүү тэмдэглэгээ, таних тэмдэг  тавьсан,  өөр өнгийн бэхээр бөглөсөн;
  • Ажлын байранд тавигдсан шаардлагыг хангахгүй нь шалгалтын явцад болон шалгалтын дараа  илэрч нотлогдсон;
  • Хуурамч баримт бичиг бүрдүүлсэн.

Асуулт 10. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтыг ярилцлагын аргаар авдаг гэсэн ямар үзүүлэлтээр, хэдэн шалгалтын комиссын бүрэлдэхүүнтэй авдаг вэ?

Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам, заавар  батлах тухай Төрийн албаны зөвлөлийн тогтоолын 3 дугаар хавсралтад  зааснаар доорх 5 үзүүлэлтээр 3 гишүүний бүрэлдэхүүнтэй шалгалтын авна.

  • Ажиллах байгууллага,  нэгж, ажлын байрны зорилго, зорилт, чиг үүргийн талаарх ерөнхий төсөөлөл
  • Төрийн алба, улс орны болон салбар, нутаг дэвсгэрийн хөгжлийн талаарх ерөнхий мэдлэг
  • Тухайн албан тушаалыг хашихад шаардлагатай мэдлэг
  • Уг албан тушаалыг  хашихад шаардлагатай хандлагыг  тодорхойлох
  • Уг албан тушаалыг хашихад шаардлагатай зан үйлийг  тодорхойлох

http://e-khutuch.mn/guide/print/46/411/faq