ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Малчдын эрх Малчны тэтгэвэр

“Малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, саальчин, тугалчин, тууварчин /1990 оноос өмнөх тууварчинг хамааруулна/, цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан Монгол Улсын иргэнийг малчинд хамааруулна. “Тэтгэвэр” гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Асуулт 1: Хэдэн жил малчнаар ажиллаж байж өндөр насны тэтгэвэр тогтоолгодог вэ?

  • Нийтдээ 20-иос доошгүй, үүнээс 15 жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол
  • Нийтдээ 20-иос доошгүй, үүнээс 12 жил 6 сар малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ.

Асуулт 2: Малчин өндөр насны тэтгэврийн даатгалд хамрагдахад ямар материал бүрдүүлдэг вэ?

  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх, хуулбар
  • 1995 оноос өмнө малчнаар ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа эсхүл шүүхийн шийдвэр
  • 1995 оноо хойш малчнаар ажиллаж байсан бол нийгмийн даатгалын дэвтэр
  • Үндэсний статистикийн хорооны “мал тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллого”-нд жил бүр хамрагдсан мал тооллогын “А” дансны лавлагаа эсхүл Зөвлөлийн тогтоол
  • Тэтгэвэр тогтоолгох 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, цалин хөлсний тодорхойлолт зэрэг болно.
  • 2 хувь цээж зураг /3x4/
  • Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа
  • Тухайн үед оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

Асуулт 3: Малчин хүн өндөр насны тэтгэврийн даатгалыг нөхөн төлж болдог уу?
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2017 онд батлагдсан бөгөөд хуульд зааснаар 1995 оноос 2017 оны 02 сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан 15-60 насны иргэн тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж болно.  Энэ хууль нь 2020/01/01-нээс хэрэгжинэ.

Асуулт 4: Малчин ямар ямар даатгалд хамрагдах боломжтой вэ? ямар бичиг баримт бүрдүүлдэг вэ?

Малчин та тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд сайн дураар даатгуулж болно.

Бүрдүүлэх материал:

  • Сайн дураар даатгуулах хүсэлт
  • Нийгмийн даатгалын дэвтэр /байхгүй бол шинээр нээлгэнэ./
  • Цээж зураг 1 хувь /3*4/
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

Асуулт 5: Цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан иргэн тэтгэврийн даатгалд хэрхэн хамрагдах вэ?

Цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан иргэнийг тэтгэвэр болон тэтгэмжийн даатгалд төрөөс даатгуулдаг.

 

 

 


http://e-khutuch.mn/guide/print/47/428/faq