ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Малчдын эрх Малчны тэтгэвэр

“Малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, саальчин, тугалчин, тууварчин /1990 оноос өмнөх тууварчинг хамааруулна/, цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан Монгол Улсын иргэнийг малчинд хамааруулна. “Тэтгэвэр” гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-т  зааснаар Монгол Улсын иргэн өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй.

Нийгмийн даатгал дараах төрлөөс бүрддэг:

  • тэтгэврийн даатгал;
  • тэтгэмжийн даатгал;
  • эрүүл мэндийн даатгал;
  • үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал;
  • ажилгүйдлийн даатгал.

Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна.

Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн нийгмийн даатгалын сайн дурын хэлбэрт хамрагдаж болно. Үүнд: Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, газар тариалан эрхлэгч, бичиг уурхай эрхлэгч, бусад иргэн хамаарна.

Малчин та сайн дурын даатгалд хамрагдах ба дараах даатгалын төрөлд хамрагдаж болно. Малчин даатгуулагч та Нийгмийн даатгалын байгуулагатай байгуулсан гэрээгээр тохирсон хугацаанд өөрийн мэдүүлсэн сарын хөдөлмөрийн хөлс, орлогоосоо дараах хувь, хэмжээгээр тооцон шимтгэл төлнө.

  • Тэтгэврийн даатгал 11.5 хувь
  • Тэтгэмжийн даатгал 1 хувь
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал 1 хувиар тооцож төлж болно.

Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн акт:

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль (1994 он) ЭНД  дарж үзнэ үү.
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль (2017 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт ”Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам” ЭНД  дарж үзнэ үү.

http://e-khutuch.mn/guide/print/47/428/law