ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Малчдын эрх Малын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа

“Мал” гэж уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг хэлнэ. Мал сүрэг бол үндэсний баялаг учир мал, амьтан эрүүл байх нь нийгмийн эрүүл мэндийн нэг баталгаа юм.

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд малчин, мал бүхий этгээдийн авах арга хэмжээ:

  • Малын хариулга, маллагаагаа сайжруулах, малаа ажиглах;
  • Мал эмнэлгийн төлөвлөгөөт вакцинжуулалт, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа сайн дураараа, идэвхтэй хамруулах;
  • Зун, намрын улиралд малаа угаалгад бүрэн хамруулах;
  • Өвөлжөө, хаваржаа бууцанд уламжлалт болон орчин үеийн аргаар ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэх;
  • Ямарваа нэг өвчний шинж тэмдэг илрэх бүрт хариуцсан малын эмч, сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн малын эмчдээ дуудлага өгч, үзлэг хийлгэх, онош тогтоолгох;
  • Дур мэдэн оношлох, эмчлэхээс зайлсхийх;
  • Аль болох өөрийн орон нутагт отор, нүүдэл хийх;
  • Зайлшгүй тохиолдолд отор, нүүдэл хийхдээ орон нутгийн мал эмнэлгийн байгууллага, малын эмч нараас малын өвчний талаар мэдээлэл, зөвлөгөө авах, оторлож болох бүс нутгийг тодруулах;
  • Сүрэг сэлбэх, малын цус сайжруулах зорилгоор малыг сүрэгт нийлүүлэх бол эхлээд тодорхой хугацаанд тусгаарлан ажиглах;
  • Өвчний голомттой болон голомт бүртгэгдсэн бүс, аймаг, сумаас мал худалдан авахгүй байх, мал сүрэгтээ нийлүүлэхгүй байх;
  • Шаардлагагүй тохиолдолд өвчний голомт бүртгэгдсэн болон голомттой аймаг, сумдаар зорчихгүй байх, зайлшгүй шаардлагаар зорчсон бол хамгийн багадаа 5 хоног малдаа ойртохгүй байх;
  • Малын өвчний мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зөвлөмжийг чандлан мөрдөх;
  • Өвчилж тэмдэглэгдсэн малыг тогтоосон хугацаанд нядалгаанд оруулах, малаа бусад айлын малтай ус, бэлчээрээр нийлүүлэхгүй байх, бусад малчинтай хашаа хороо, тоног хэрэгслээ сольж хэрэглэхгүй байх;
  • Өвчлөл бүртгэгдсэн бүсээс мал, малын гаралтай бүтээгдэхүүн худалдаж авахгүй, зарахгүй байх.

http://e-khutuch.mn/guide/print/47/429/advice