ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Малчдын эрх Малын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа

“Мал” гэж уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг хэлнэ. Мал сүрэг бол үндэсний баялаг учир мал, амьтан эрүүл байх нь нийгмийн эрүүл мэндийн нэг баталгаа юм.

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-т “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр "Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хуулийг баталсан. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль нь мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, өвчингүй, тайван улс, бүс нутаг, хот айл, аж ахуйн нэгжийг тогтоон баталгаажуулах үйл ажиллагаа, зэрлэг амьтдаас бүтээгдэхүүний ариун цэврийн үзлэг, лабораторийн шинжилгээ, мал эмнэлэг, хорио цээр, хязгаарлалтын хяналт, шалгалттай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн акт:

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД  дарж үзнэ үү.
  • Малын генетик нөөцийн тухай хууль (2017 он) ЭНД  дарж үзнэ үү.
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль (2017 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/34 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Хязгаарлалтын дэглэм тогтоох өвчний жагсаалт батлах тухай журам”.
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/16 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Мал, амьтны гоц халдварт өвчнийг яаралтай мэдээлэх журам”.
  • Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн А/08 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Үйлдвэр, цехэд түүхийн сүү нийлүүлэх, худалдах үед мөрдөх эрүүл ахуй, ариун цэврийн заавар”.
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Малын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, аймаг, нийслэлд мал эмнэлгийн байгууллага, сум, дүүрэгт мал эмнэлгийн тасаг хариуцан зохион байгуулна.  

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар: Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг ерөнхий болон тусгай хэлбэрээр зохион байгуулдаг.

Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээнд хашаа, байр, тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл, шилжилт хөдөлгөөний хяналт хамаарна.

Урьдчилан сэргийлэх тусгай арга хэмжээнд эрсдэл бүхий халдварт өвчний тархалтыг хязгаарлах, халдварлалтын хувийг бууруулахад чиглэгдэх бөгөөд тархвар зүйн судалгаа, дархлаажуулалт, нүүлгэн шилжүүлэлт, шилжилт хөдөлгөөний хяналт хамаарна.

Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээг хэрэгжүүлэх:

Мал, амьтан маллагч нь мал, амьтан маллах, ашиглах, эдлэх, тээвэрлэхдээ хашаа, байр, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэврийн нийтлэг зааврыг дагаж мөрдөнө.

Орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд доор дурдсан этгээд дараах үүргийг хүлээнэ:

  • Мал, амьтан өмчлөгч малын эмчийн зааварчилгааны дагуу өвөлжөө, хаваржаа болон эрчимжсэн мал аж ахуйн байрны ойр орчимд мал, амьтны хүүр, сэг зэм, биологийн хаягдал устгах зориулалтын цэг барьж ашиглах;
  • Гудамж, талбай, цэцэрлэг болон нийтийн эзэмшлийн газар үхсэн мал, амьтны талаархи иргэн, байгууллагаас мэдээлэл хүлээн авсан харьяалах хорооны Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгж /цаашид “гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж” гэх/-тэй хамтран цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх, шаардлагатай үед сорьц авч лабораторид хүргүүлэх;
  • Хот, суурин газрын нутаг дэвсгэрт мал, амьтан маллаж байгаа иргэн, хуулийн этгээд Эрүүл ахуйн тухай хуулийн 20.1.8-д заасан үүрэг хүлээх;
  • Мал, амьтан үхсэн бол хашаа, байр, орчныг халдваргүйтгэх ажлыг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж гүйцэтгэнэ.

Мал, амьтны шилжилт хөдөлгөөний хяналтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

  • Мал, амьтан өмчлөгч мал, амьтнаа ялган тэмдэглэж, бүртгэл хөтлөх;
  • Нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, хээлтүүлэгт ашиглах, худалдах, төхөөрөх зорилгоор мал, амьтныг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахдаа мал эмнэлгийн улсын байцаагчаас мал эмнэлгийн гэрчилгээ авч бүртгүүлэх;
  • Өөр сум, дүүргийн нутаг дэвсгэрээс мал, амьтан шилжүүлэн авчрах бол мал эмнэлгийн тасагт урьдчилан мэдэгдэж, авчирсан даруй үзлэг хийлгэн тухайн сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлэх.

Мал, амьтны шилжилт хөдөлгөөнд дараах үйл ажиллагааг хориглоно:

  • Гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид урьдчилан мэдэгдэхгүйгээр бусад сум, дүүргээс мал, амьтан шилжүүлэн авах;
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын хамтарсан шийдвэрээр отор, эсхүл нүүлгэн шилжүүлэлт хийхээс бусад тохиолдолд мал, амьтныг ялган тэмдэглэгээ, бүртгэл хийгдээгүй мал, амьтныг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш тээвэрлэх, тууварлах, уналга, эдэлгээнд ашиглах;
  • Мал, амьтныг хяналтын цэгт шалгуулахгүй өнгөрөх, эсхүл тогтоосон замаас өөр замаар тээвэрлэх, тууварлах, уналга, эдэлгээнд ашиглахыг хориглоно.
  • Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон бүс хооронд мал, амьтан тууварлах, тээвэрлэх

Урьдчилан сэргийлэх тусгай арга хэмжээ: Урьдчилан сэргийлэх тусгай арга хэмжээнд эрсдэл бүхий халдварт өвчний тархалтыг хязгаарлах, халдварлалтын хувийг бууруулахад чиглэгдэх бөгөөд тархвар зүйн судалгаа, дархлаажуулалт, нүүлгэн шилжүүлэлт, шилжилт хөдөлгөөний хяналт хамаарна.

1.Тархвар зүйн судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх: Тархвар зүйн судалгааг сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг мэдээлэл цуглуулж, мал эмнэлгийн үзлэг, лабораторийн шинжилгээ хийлгэх ажил зохион байгуулна.

Судалгааны дүнд тулгуурлан сум, дүүргийн тархвар зүйн зураглал гаргах, холбогдох мэдээллийг халдварт өвчин гарсан үед өдөр тутам, халдварт өвчингүй, тайван үед төлөвлөгөөний дагуу улирал тутам харьяалах дээд шатны байгууллагад хүргүүлнэ.

Мал эмнэлгийн ерөнхий газар  хүлээн авсан мэдээллийг нэгтгэн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, улсын тархвар зүйн зураглал гаргана.

2.Дархлаажуулалтын ажил: Дархлаажуулалтыг төлөвлөгөөт болон яаралтай хэлбэрээр зохион байгуулна.

Дархлаажуулалтын товыг мал эмнэлгийн тасаг тогтоож, баг, хорооны Засаг дарга малчин, амьтан маллагчид зарлан мэдээлнэ.

Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч дархлаажуулалт хийх үед дараах үүрэг хүлээнэ:

  • Товлосон хугацаанд мал, амьтныг бэлэн байлгаж, бүрэн хамруулах;
  • Мал, амьтныг барьж бэхлэн, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлэх, малын эмчийн аюулгүй байдлыг хангах.

3.Халдварт өвчин гарсан үед мал, амьтныг нүүлгэн шилжүүлэх: Гоц халдварт өвчин гарсан үед Мал эмнэлгийн ерөнхий газар, бусад халдварт өвчин гарсан үед аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр өвчингүй бүсэд байгаа мал, амьтныг нүүлгэн шилжүүлж болно.

Гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нүүлгэн шилжүүлэх мал, амьтныг эмнэлзүйн үзлэгт нэг бүрчлэн хамруулж, сүрэгт эрүүл мэндийн тодорхойлолт гаргана.

Мал, амьтны өвчинтэй тэмцэх талаар:  Засгийн газар мал, амьтны халдварт өвчний жагсаалтыг дараах ангиллаар баталдаг.

  • Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний олон улсын худалдаанд хориг саад үүсгэдэг гоц халдварт, халдварт өвчин, хүний амь нас хохирох эрсдэл үүсгэдэг зооноз өвчин;
  • Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний дотоодын худалдаанд хориг саад үүсгэдэг гоц халдварт, халдварт өвчин, бусад зооноз өвчин;
  • Бусад халдварт өвчин.

Халдварт өвчнийг оношлох, мэдээлэх, тэмцэх зааврыг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга өвчин тус бүрээр батална.

Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээ: Мал эмнэлгийн ерөнхий газар халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс, нутгаар тогтоон баталгаажуулж, нийтэд мэдээлнэ.

Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, хяналтад авах төлөвлөгөө, халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс, нутгаар тогтоон мэдээлэх журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх:

Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх бэлэн байдлын улсын төлөвлөгөөг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага халдварт өвчний онош батлагдсан даруйд бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу мал эмнэлгийн бүх шатны байгууллагыг мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, хяналт тавьж ажиллана.

Халдварт өвчнийг тандах, өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах:

Улсын хэмжээнд халдварт өвчнийг тандах төлөвлөгөөг жил бүрийн 01 дүгээр сард багтаан мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Мал эмнэлгийн ерөнхий газар баталж, хэрэгжилтийг зохион байгуулна.

Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лаборатори иргэн, хуулийн этгээдийн захиалгаар тухайн этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа мал, амьтанд халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах шинжилгээ хийж болно.

Халдварт өвчнийг оношлох, шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлэх: Малчин таны мал, амьтны өвчинтэй тэмцэхэд хүлээх үүрэг:

  • Мал, амьтны халдварт өвчингүй, тайван бүс, нутагт байгаа мал, амьтан өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь холбогдох заавар, зөвлөмжийн дагуу шинжилгээнд тогтмол хамруулах;
  • Мал, амьтанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, тодорхой бус шалтгаанаар мал, амьтан хорогдсон тохиолдолд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, эсхүл мал эмнэлгийн тасагт 12 цагийн дотор мэдэгдэх;
  • Мал, амьтанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, тодорхой бус шалтгаанаар мал, амьтан хорогдсон тохиолдолд шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, ойролцоо малчдад мэдэгдэх
  • Өвчний сэжигтэй мал, амьтныг сүргээс тусгаарлахад зориулан хашаа, байр бэлтгэх, тусгаарлан маллах, арчлах;
  • Малын эмчийн заавар, зөвлөмжийг биелүүлэх;
  • Сум, дүүргийн шимэгчлэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үед төлөвлөгөөнд тусгагдсан шимэгчлэх өвчинд мэдрэмтгий мал, амьтныг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс тогтоосон хугацаанд бэлэн байлгаж, бүрэн хамруулах;
  • Малчин, амьтан маллагч нь мал, амьтныг өдөр тутам ажиглах, өвчилсөн, гэмтсэн үед анхны тусламж үзүүлж, сонгосон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид мэдэгдэх.

Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний бүсчлэл: Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоохдоо доор дурдсан бүсийн хилийн заагийг тодорхой заана:

  • Өвчин гарсан эрчимжсэн аж ахуй, хот айлтай бэлчээр, ус давхцан нутаглаж байгаа хот айл, эрчимжсэн аж ахуйн бэлчээр, нутгийг хамруулан халдварын голомтын бүс;
  • Бэлчээр, ус тусгаар боловч халдварын голомттой ойролцоо нутаглаж байгаа өвчний халдвар тархаж болзошгүй хот айл, эрчимжсэн аж ахуйн бэлчээр, нутгийг хамруулан сэжигтэй бүс;
  • Улсын болон олон улсын чанартай авто зам, төмөр зам, мал тууврын зам, хүн, малын шилжилт хөдөлгөөний байдлыг харгалзан сэжигтэй бүсэд багтсан сумын хилийн цэсийн дагуух бэлчээр, нутгийг хамруулан хамгаалалтын бүс;
  • Өвчний халдвар дамжаагүй болох нь тархвар зүйн судалгаа, эмнэл зүйн үзлэг, шинжилгээгээр тогтоогдсон, сэжигтэй болон хамгаалалтын бүсийн заагаас гадна орших бэлчээр, нутгийг бүхэлд нь өвчингүй бүс.

Хорио цээрийн дэглэм тогтоох, цуцлах: Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалт, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмыг Засгийн газар батална.

Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалтад багтсан халдварт өвчин гарсан үед доор дурдсан албан тушаалтан голомтын бүсийн хилийн зааг болон хорио цээрийн дэглэмийг тогтоож, цуцална:

  • Халдварт өвчний тархалт нэг сумын нутаг дэвсгэрийг хамарсан, эсхүл халдварт өвчний голомтыг нэгтгэх нөхцөл үүсээгүй бол мал эмнэлгийн тасгийн саналыг үндэслэн сумын Засаг дарга;
  • Хоёр буюу түүнээс дээш сумын нутгийг хамарсан халдварт өвчний голомтыг нэгтгэх нөхцөл үүссэн бол аймгийн мал эмнэлгийн байгууллагын саналыг үндэслэн аймгийн Засаг дарга;
  • Халдварт өвчний тархалт нийслэлийн нутаг дэвсгэрийг хамарсан бол харьяалах мал эмнэлгийн байгууллагын саналыг үндэслэн нийслэлийн Засаг дарга;
  • Халдварт өвчний тархалт төмөр зам, олон улсын нисэх буудал, хилийн боомт, хилээр дамжин өнгөрүүлэх цэгийг хамарсан, эсхүл хоёр буюу түүнээс дээш аймгийн нутаг дэвсгэр дэх голомтыг нэгтгэх нөхцөл үүссэн бол мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар.

Эмнэлгийн яаралтай тусламж авахаас бусад тохиолдолд хорио цээрийн дэглэм тогтоосон голомтын бүсээс гадагш гарах хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хориглоно.

Нийтийн эрүүл мэндийг хамгаалах талаар: Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчин “зооноз” өвчний халдвар авах эрсдэл бүхий иргэдэд тухайн өвчний талаар мэдлэг олгох сургалтыг мал эмнэлгийн болон эрүүл мэндийн бүх шатны байгууллага хамтран зохион байгуулна.

Мал, амьтны эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэх сургалт, сурталчилгааг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулна.

Нийтийн эрүүл мэндийг хамгаалахад малчин таны хүлээх үүрэг:

  • Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч нь жоргүй олгохоор зөвшөөрөгдсөн эм хэрэглэхдээ малын эмчээс зөвлөгөө, зааварчилгаа авах;
  • Малын эмч, эсхүл малчин мал, амьтны эмчилгээнд хэрэглэсэн эмийн нэр, огноо, хэрэглэсэн тун, хэмжээний талаарх мэдээллийг мал, амьтны эрүүл мэндийн бүртгэлийн дэвтэрт тухай бүр тэмдэглэж, баримтжуулах Жороор олгох мал, амьтны эмийг дур мэдэн хэрэглэсэн бол тухайн хот айл, эрчимжсэн аж ахуйгаас мал, амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх эрхийг гурван сараар хязгаарлана.
  • Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм худалдан авах, хэрэглэхийг хориглоно.

 

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Малын эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээтэй холбоотой асуудлыг төлөвлөгөөт хугацаанд шийдвэрлэнэ. 

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Тухайн үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдох албан тушаалтан, байгууллага, дээд шатны байгууллагад гаргана. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандана.

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд малчин, мал бүхий этгээдийн авах арга хэмжээ:

  • Малын хариулга, маллагаагаа сайжруулах, малаа ажиглах;
  • Мал эмнэлгийн төлөвлөгөөт вакцинжуулалт, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа сайн дураараа, идэвхтэй хамруулах;
  • Зун, намрын улиралд малаа угаалгад бүрэн хамруулах;
  • Өвөлжөө, хаваржаа бууцанд уламжлалт болон орчин үеийн аргаар ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэх;
  • Ямарваа нэг өвчний шинж тэмдэг илрэх бүрт хариуцсан малын эмч, сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн малын эмчдээ дуудлага өгч, үзлэг хийлгэх, онош тогтоолгох;
  • Дур мэдэн оношлох, эмчлэхээс зайлсхийх;
  • Аль болох өөрийн орон нутагт отор, нүүдэл хийх;
  • Зайлшгүй тохиолдолд отор, нүүдэл хийхдээ орон нутгийн мал эмнэлгийн байгууллага, малын эмч нараас малын өвчний талаар мэдээлэл, зөвлөгөө авах, оторлож болох бүс нутгийг тодруулах;
  • Сүрэг сэлбэх, малын цус сайжруулах зорилгоор малыг сүрэгт нийлүүлэх бол эхлээд тодорхой хугацаанд тусгаарлан ажиглах;
  • Өвчний голомттой болон голомт бүртгэгдсэн бүс, аймаг, сумаас мал худалдан авахгүй байх, мал сүрэгтээ нийлүүлэхгүй байх;
  • Шаардлагагүй тохиолдолд өвчний голомт бүртгэгдсэн болон голомттой аймаг, сумдаар зорчихгүй байх, зайлшгүй шаардлагаар зорчсон бол хамгийн багадаа 5 хоног малдаа ойртохгүй байх;
  • Малын өвчний мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зөвлөмжийг чандлан мөрдөх;
  • Өвчилж тэмдэглэгдсэн малыг тогтоосон хугацаанд нядалгаанд оруулах, малаа бусад айлын малтай ус, бэлчээрээр нийлүүлэхгүй байх, бусад малчинтай хашаа хороо, тоног хэрэгслээ сольж хэрэглэхгүй байх;
  • Өвчлөл бүртгэгдсэн бүсээс мал, малын гаралтай бүтээгдэхүүн худалдаж авахгүй, зарахгүй байх.

Асуулт 1: Малын махыг хотруу тээвэрлэн борлуулахын тулд хаанаас ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Та малыг тээвэрлэх, худалдах, төхөөрөх зорилгоор мал, амьтныг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахдаа мал эмнэлгийн улсын байцаагчаас мал эмнэлгийн гэрчилгээ авч бүртгүүлсэн байх шаардлагатай.

Асуулт 2: Малчин малын дархлаажуулалтын ажил зохион байгуулах үед ямар үүрэг хүлээж ажиллах вэ?

Малчин та товлосон хугацаанд мал, амьтныг бэлэн байлгаж, бүрэн хамруулах болон мал, амьтныг барьж бэхлэн, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлэх, малын эмчийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэйгээр оролцоно.

Асуулт 3: Малд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, тодорхой бус шалтгаанаар мал хорогдсон тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Энэ тохиолдолд малчин та орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, баг хорооны засаг дарга, эсхүл мал эмнэлгийн тасагт 12 цагийн дотор яаралтай мэдэгдэх үүрэгтэй.

Асуулт 4: Малчид өөр газраас мал худалдан авах тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Өөр сум, дүүргийн нутаг дэвсгэрээс мал, амьтан шилжүүлэн авчрах бол мал эмнэлгийн тасагт урьдчилан мэдэгдэж, авчирсан даруй үзлэг хийлгэн тухайн сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлэх шаардлагатай.

Асуулт 5:  Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь малын эрүүл мэндийг хамгаалах асуудлаар ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ?

Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Сум, дүүргийн шимэгчлэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг мал эмнэлгийн тасгийн саналыг үндэслэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүрийн 01 дүгээр сард багтаан батална.

 

 

 


http://e-khutuch.mn/guide/print/47/429/all