ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Малчдын эрх Малын генетик нөөцийг хамгаалах үйл ажиллагаа

Малын генетик нөөц гэдэг нь мал, түүний үржүүлгийн бүтээгдхүүн болон тэдгээртэй хамааралтай уламжлалт мэдлэгийг хэлнэ.

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-т “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан.

Монгол Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийг баталсан. Энэ хууль нь малыг "нөөц баялаг" талаас нь харсан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулах үзэл баримтлалтай, мал аж ахуйн салбарын суурь хууль юм. Энэ хуулийн зорилт нь мал болон ашиг шимийг ашигладаг тэжээвэр амьтан, түүний генийн сан, үржүүлгийн бүтээгдэхүүн, эдгээрт хамааралтай уламжлалт мэдлэгийг нэгтгэн "малын генетик нөөц" гэж томьёолон, энэхүү нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, бүртгэх, хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Энэ хууль нь Монгол Улсад үржүүлж байгаа мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүн болон тэдгээртэй холбогдох уламжлалт мэдлэгт хамааралтай харилцаанд үйлчилнэ.

Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн акт:

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Малын генетик нөөцийн тухай хууль (2017 он) ЭНД  дарж үзнэ үү.
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль (2017 он) ЭНД дарж үзнэ үү.
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Малын генетик нөөцийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Малын удмын сангийн үндэсний төв,  аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын мал үржлийн алба, сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасаг, мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгж байна.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Малын генетик нөөцийн тухай хууль нь малын генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна. Хуульд зааснаар

“мал” гэж уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг;

“тэжээвэр амьтан” гэж ашиг шимийг нь ашиглах болон бусад хэрэгцээнд зориулан гэршүүлэн үржүүлж байгаа амьтныг;

“малын генетик нөөц” гэж мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүн болон тэдгээртэй хамааралтай уламжлалт мэдлэгийг;

“малын үржүүлгийн бүтээгдэхүүн” гэж малын удамшлын мэдээлэл агуулсан ДНХ, РНХ, биеийн эс, өндгөн эс, үр, хөврөл, сорьц болон бусад бүрэлдэхүүнийг;

“уламжлалт мэдлэг” гэж малын генетик нөөцийг ашиглах явцад өвлөгдөн уламжлагдаж ирсэн арга, аман болон бичгэн хэлбэрийн мэдээлэл, дадал заншлыг хэлнэ.

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙГ БҮРТГЭХ, ТӨЛӨВ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ ТАЛААР:

Малын генетик нөөцийн бүртгэл хийх: Малын генетик нөөцийн бүртгэл дараах хэлбэртэй байдаг.

  • Малын бүртгэл
  • Үржүүлгийн бүтээгдэхүүний бүртгэл
  • Малын удам зүйн үнэлгээний бүртгэл
  • Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийн бүртгэл.

Малын бүртгэл нь малыг үл давтагдах хувийн дугаараар ялган тэмдэглэж бүртгэнэ. Малчин дэмжлэг урамшуулалд хамрагдах, малаа даатгалд хамруулах, барьцаалж зээл авах, худалдах, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд малын бүртгэлийг үндэслэнэ.

Малын бүртгэл, малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийн бүртгэлийг мал үржүүлэг, технологийн үйлчилгээний нэгж хариуцаж бүртгэнэ.

Малын удам зүйн үнэлгээ:

Малын удам зүйн үнэлгээнд үржлийн малын удам гарваль, ашиг шим, зүс, галбир, бие цогцос, үр төлийн чанар, геномын өвөрмөц тогтцын үзүүлэлт хамаарна.

Удам зүйн үнэлгээг Малын удмын сангийн үндэсний төв, салбарын сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгж нь технологийн арга зүй, аргачлал, зааврын дагуу хийнэ.

Малын удам зүйн  үнэлгээнд хамрагдсан малыг хувийн дугаараар ялган тэмдэглэнэ

Үржлийн малын удам гарваль, ашиг шим, зүс, галбир, бие цогцос, үр төлийн чанарын үнэлгээг мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгж, малчин, мал бүхий этгээдтэй хамтран гүйцэтгэж, бүртгэл хөтөлнө.

Удам зүйн үнэлгээ болон үржил селекцийн ажлын хүрсэн түвшний хянан магадалгаанд үндэслэн үржлийн малыг үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог /цаашид “үүлдэр, омог” гэх/-оор баталгаажуулна.

Монгол Улсад хоёр болон түүнээс дээш үе үржүүлсэн үүлдрийн малыг нутагшсан үүлдрээр хянан баталгаажуулж болно.

Малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох:

“Малын генетик нөөцийн төлөв байдал” гэж үнэлгээний үндсэн дээр тогтоосон малын генетик нөөцийн төрөл, зүйл, үүлдэр, омог, тоо хэмжээ, чанар, хүрэлцээ, хангамж, тэдгээрийн хувьсал, өөрчлөлтийг хэлнэ.

Малын генетик нөөцийн төлөв байдлыг олон улсын мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зааврын дагуу гурван жил тутам Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас томилогдсон мэргэшсэн шинжээчийн баг тодорхойлно.

Бүс нутгийн болон олон улсын түвшинд Монгол Улсын малын генетик нөөцийн асуудлыг хариуцах орон тооны Үндэсний зохицуулагч малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцэд байх бөгөөд энэ нь Ерөнхий мал зүйч байна.

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙГ АШИГЛАХ, СУДЛАН ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР:

Малын генетик нөөцийг ашиглах: Малын генетик нөөцийг дараах зориулалтаар ашиглаж, судлан хөгжүүлнэ:

  • Малын үүлдэрлэг байдлыг батжуулан сайжруулах, ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх;
  • Бүс нутгийн онцлогт дасан зохицсон малын шинэ үүлдэр, омог бий болгох;
  • Малын эрсдэл даах чадавхыг бататган бэхжүүлэх;
  • Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх;
  • Мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
  • Тэжээллэг, аюулгүй хүнс үйлдвэрлэж, нийлүүлэх;
  • Малын ашиг шим, түүхий эдийн чанарын шинжилгээ, үнэлгээ хийж, үндэсний үйлдвэр, зах зээлд чанартай түүхий эд нийлүүлэх;
  • Мал аж ахуйн үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг үнэ болон чанартай уялдуулан хөгжүүлж, үнэ цэнийн сүлжээ бий болгох;
  • Генетик нөөцийн биет болон биет бус үнэлгээг хийлгэх, эдийн засгийн эргэлтэд оруулж үр шим, ашиг хүртэх;
  • бусад.

Малын генетик нөөцийг ашиглахад малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд дараах эрх эдэлнэ:

  • Генетик нөөц ашигласны үр шимийг хүртэх;
  • Мал үржүүлэг, технологийн үйлчилгээний нэгжийг сонгон мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ авах;
  • Урамшуулал авах; /Тоо, тархалтын хувьд доройтолд орсон, устаж мөхөж болзошгүй байдалд хүрсэн малын төрөл, зүйлийг тусгайлан хамгаалж, үржүүлэх арга хэмжээ авч, удам гарвал нь тодорхой, стандартын шаардлага хангасан өсвөр хээлтүүлэгч бойжуулж зах зээлд борлуулсан малчин, мал бүхий этгээд, мал үржүүлэг, технологийн үйлчилгээний нэгжид Засгийн газраас дэмжлэг, урамшуулал олгож болох бөгөөд урамшуулал олгох журмыг Засгийн газар батална/;
  • Баталгаажсан цөм сүргээс үржлийн мал бойжуулах, борлуулах;
  • Төрөл бүрийн үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг тогтоох журмыг Засгийн газар батална. Заасан бүс нутагт зөвшөөрөгдсөн малын төрөл, үүлдэр, омгоос хээлтүүлэгч сонгон үржилд ашиглах;
  • Бэлчээр, ус, хужир марааг зөв зохистой ашиглах.

Малын генетик нөөцийг ашиглахад малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:

  • Тухайн бүс нутагт үржүүлэхийг зөвшөөрсөн үүлдэр, омгийн хээлтүүлэгчийг ашиглах, малыг сонгон үржүүлэхдээ ашиг шимийн чиглэлийг дур мэдэн өөрчлөхгүй, эрх бүхий мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөр үүлдрийн малыг сайжруулагчаар ашиглахгүй байх;
  • Үр, хөврөлийг мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгжийн хяналтын доор ашиглах;
  • Бог малын хээлтүүлэгчийг нийлүүлгийн бус улиралд эх сүргээс тусгаарлаж, үйлчилгээний нэгжид ялган төвлөрүүлэх, зөвхөн үржлийн насны малыг нийлүүлэгт оруулах;
  • Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний жишиг үнээр тогтоосон зардлыг хариуцах;
  • Мал сүрэгт үзлэг, ангилалтыг технологийн зохистой хугацаанд жил бүр хийлгэж, ашиг шимт чанарыг үнэлүүлэх, баталгаажуулах, үржлийн малын удам гарваль, ашиг шимийн бүртгэл хөтлөх, стандартын шаардлагад тэнцэхгүй хээлтүүлэгчийг үржлээс хасах;
  • Малын генетик нөөцийг тогтвортой ашиглахтай холбогдох хууль тогтоомж, шийдвэрийг биелүүлэх;
  • Үржлийн малын удам гарвалийн гэрчилгээ болон шилжилт хөдөлгөөний тодорхойлолтыг сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасгаас авах;
  • Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийг сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлэх, түгээн дэлгэрүүлэх;
  • Холбогдох журам, зааврын дагуу малыг ялган тэмдэглэх, сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасгийн нэгдсэн бүртгэлд хамруулах.

Үүлдэр, омог бүрээс цөм сүрэг бүрдүүлнэ. Цөм сүргийг бүрдүүлэхэд өмчийн хэлбэр харгалзахгүй.

Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд малын үүлдэр ашиг шимийн орон тооны бус зөвлөлийг байгуулж болно.

Малчин өрхийг үндэсний үйлдвэрлэгчээр бүртгэж, гэрчилгээ, баталгааны тэмдэг, малчинд мэргэжлийн үнэмлэх олгоно.

Малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл:

            Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийн 12.7, 12.8, 12.9, 12.10-т заасан үйл ажиллагааг эрхлэх иргэн, хуулийн этгээд нь доор дурдсан агуулга бүхий хүсэлтийг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана. Үүнд: 

  • үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх үр, өндгөн эс, хөврөлийн тоо, сорьцын хэмжээ, гадаадаас авах сайжруулагч мал болон гадаадад гаргах малын төрөл зүйл, ашиг шимийн чиглэл, үүлдрийн нэр;
  • ашиглах зорилго, зориулалт, үйл ажиллагааны чиглэл;
  • нийлүүлэгч, хүлээн авагч улс, хуулийн этгээдийн нэр;
  • гарваль болон нийлүүлэгч улсын нэр;
  • хүлээн авах, хүргэх боомт, тээврийн хэрэгсэл, тээвэрлэлтийн хэлбэр, ажил гүйцэтгэх байгууллагын нэр.

Тусгай зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т заасан баримт бичгээс гадна дараахь баримт бичгийг нэмж хавсаргана:

  • малд удам гарвалийн болон эрүүл мэндийн гэрчилгээ, үржүүлгийн бүтээгдэхүүнд удам, гарал үүслийн тодорхойлолт;
  • .энэ хуулийн 10.2-т заасан гэрээний хувь монгол хэлээр.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь малын генетик нөөцийг ашигласан үйл ажиллагааны тайланг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 12 дугаар сарын эхний хагаст багтаан ирүүлнэ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

Дээрх хугацаанд хүсэлтээ ирүүлээгүйгээс тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

Гадаадаас сайжруулагч мал авах тусгай зөвшөөрөл хүсэгч малын удам гарваль, шинж тэмдгийн гадаад илрэл, генийн хувьслын үзүүлэлтийг үнэлүүлж, Ерөнхий мал зүйчийн дүгнэлт гаргуулна.

Малыг гадаадад гаргахад малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага иргэн, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл, гэрээг үндэслэн төрөл, зүйл тус бүрд 180 хоногийн хугацаагаар нэг зөвшөөрөл олгоно.

Судалгаа, шинжилгээний зорилгоор мал үржүүлгийн бүтээгдэхүүнийг гадаадад гаргахад ижил зүйлийн тав хүртэл сорьцод 180 хоногийн хугацаагаар нэг зөвшөөрөл олгож болно.

Малыг гадаадад гаргах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрөл авахдаа гаргах малын төрөл, зүйл, үүлдэр, нас, хүйс, хувийн дугаар, тоог хүсэлтэд хавсаргаж ирүүлнэ.

Малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг гадаадад гаргахад тухайн төрөл, зүйл, цуврал тус бүрийн сорьцын ижил хувийг малын үндэсний генийн санд байршуулна.

Тусгай зөвшөөрлөөр ашиглаж байгаа малын генетик нөөцийн бүртгэл, технологийн хяналтыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

Малын генетик нөөцийг судлан хөгжүүлэх: Малын генетик нөөцийг судлан хөгжүүлэх үйл ажиллагааг Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.2.1-11.2.3, Инновацийн тухай хуулийн 27.2-т заасан байгууллага, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг нэгж гүйцэтгэнэ.

Дээрх байгууллага хоорондоо болон гадаадын иргэн, хуулийн этгээдтэй малын генетик нөөцийг судлан хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бол гэрээ байгуулна.

Судалгаа ба хөгжлийн чиглэлээр үүлдэр, омгийн малд туршилт, судалгаа, шинжилгээ явуулах бол зохион бүтээгч, хамтран бүтээгч, өв залгамжлагч, эсхүл түүний эрх олгосон этгээдээс зөвшөөрөл авна.

Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ: Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, малд үзлэг, ангилалт хийх, удам гарваль, ашиг шимийн гарц, чанарыг тодорхойлох, үр төлийн шинж чанарыг үнэлэх, удам зүйн үнэлгээ хийх, үржил селекцийн ажлын үр дүнг хянан баталгаажуулах, үржүүлгийн хөтөлбөр боловсруулах, сайжруулагч малыг үржилд тохируулан сонгох, цөм сүрэг бүрдүүлэх, малд зохиомол хээлтүүлэг хийх, гойд ашиг шимт мал шалгаруулах, үржлийн малын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, малын арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологийн чиглэлээр малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зааварчилгаа, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд хамааруулна.

Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх итгэмжлэл, зэрэг дэв бүхий мал зүйчтэй, стандартын шаардлага хангасан байр, тоног төхөөрөмж бүхий хуулийн этгээд, мал зүйч мэргэжилтэн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж  байгуулж, үйл ажиллагааны чиглэлд тохирсон хөтөлбөрөө Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн тасгийн мал үржлийн албаар баталгаажуулснаар мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг эрхлэх эрхтэй болно.

Мал үржүүлэг, технологийн үйлчилгээний нэгж нь тухайн сум, дүүргийн Засаг дарга, үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулж ажиллана.

Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж өөрийн байршиж байгаагаас өөр нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд тухайн сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт хүсэлтээ илэрхийлэн бүртгүүлж, гэрээ байгуулан ажиллана.

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙГ ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ:

Малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах хэлбэр: Малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна:

  • Малыг өвөрмөц шинж байдлаа олж авсан, хадгалж ирсэн орчин зүйн бүрдэлд буюу уугуул орчинд
  • Малыг уугуул орчноос нь шилжүүлж дасгасан орчин зүйн бүрдэлд буюу нутагшуулан;
  • Үржүүлгийн бүтээгдэхүүнийг эрх бүхий байгууллагаас баталсан стандартаар тогтоосон буюу тусгай орчинд.

Монгол мал, тэдгээрээс гаралтай үүлдэр, омгийн малыг тухайн бүс нутагт цэврээр үржүүлж, уугуул орчинд хамгаална.

Гадаад улсаас оруулж ирсэн болон үржлийн зориулалтаар нутаг шилжүүлсэн үүлдэр, омог, тэдгээрийг ашиглан бий болгосон үржлийн малыг Засгийн газраас тогтоосон бүс нутагт нутагшуулан үржүүлж, хамгаална.

Үржүүлгийн бүтээгдэхүүнийг стандартаар тогтоосон тусгай орчинд хадгалан малын генийн санг бүрдүүлж, гойд ашиг шимт цөм сүрэг, цэвэр үүлдрийн донор болон тээгч малыг үүлдэрлэг байдал алдагдах, тоо толгой цөөрөх, устаж мөхөх эрсдэлээс хамгаална.

Үржүүлгийн бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөл, аргачлалыг стандартаар тогтооно.

Мал хамгаалах:

Төрөл бүрийн үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг тогтоох журмыг Засгийн газар батална.

Засгийн газар Үндэсний хорооны зөвлөмж, төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн жил бүр импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг тогтооно.

Биологийн олон янз байдал, удам зүйн үнэт чанарын хувьд өвөрмөц, хязгаарлагдмал нөөц, тархалт, ашиглалт бүхий мал, төрөл, зүйлийг хамгаалах арга хэмжээг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Засгийн газар тусгай хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ.

Малын үүлдэр хамгаалах, ашиглах, хөгжүүлэх үүлдрийн нийгэмлэг байгуулах, зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн мах, сүү үйлдвэрлэлийн төрөлжсөн бүсэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээг Засгийн газраас дэмжинэ.

Мал хамгаалах талаар малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдийн үүрэг: Мал хамгаалах талаар малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:

  • бүс нутгийн онцлогийг харгалзан өвөлжих, хаваржих бэлчээрийн малд зориулж хадлан тэжээл бэлтгэх, ус, хашаа байраар хангах, малыг байгалийн эрсдэлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх;
  • эрчимжсэн мал аж ахуйн малд ашиг шимийн чиглэл, биологийн онцлогт тохирсон арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологи мөрдөх, малыг өлдөөхгүй байх, аюулгүй нөхцөлөөр хангах;
  • баталгаажсан үүлдэр, омгийн малыг нутагшсан болон уугуул орчинд нь үржүүлж хамгаалах, малын үүлдэрлэг байдлыг алдагдуулахгүй байх;
  • мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг технологийн зохистой хугацаанд энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгжээр гүйцэтгүүлэх, үйлчилгээнд малаа бүрэн хамруулж, мал барьж туслах зэрэг шаардлагатай нөхцөлөөр хангах, үйл ажиллагааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх.

Малын үндэсний генийн санг хамгаалах: “Малын генийн сан” гэж тусгай орчинд хадгалагдаж байгаа малын үржүүлгийн бүтээгдэхүүний сорьц, дээж, цуглуулгыг хэлнэ.

Малын үндэсний генийн санг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага нь Малын удмын сангийн үндэсний төв юм. Малын үндэсний генийн санг дараах байдлаар хамгаална.

  • Малыг үндэсний, бүс нутгийн, эсхүл төрөл зүйлийн төвшинд уугуул орчинд цөм сүрэг бүрдүүлж хамгаалах;
  • Малыг төрөл, зүйлийн хувьд хувиран өөрчлөгдөх, доройтох, мөхөхөөс сэргийлэн үржүүлгийн бүтээгдэхүүний дээж, сорьц, цуглуулгыг бий болгож, генийн санд хадгалах;
  • Гадаад улсаас оруулж ирсэн, гойд ашиг шимт цөм сүрэг, цэвэр үүлдрийн донор болон тээгч шилмэл малаас үр, хөврөл үйлдвэрлэх болон гадаадаас өндөр ашиг шимт малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг авах замаар генийн санг арвижуулж, үржүүлэгт ашиглах;
  • Малын үржил, селекцийн шинж тэмдгийн илрэл, үзүүлэлтийг тодорхойлох, харьцуулах, тэдгээрийн хувьсал, өөрчлөлтийг тогтоох, үржлийн үнэт чанарыг үнэлэх, ашиглах.

Малын удмын сангийн үндэсний төв дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  • Монгол малын генийг доройтох, мөхөх, устахаас сэргийлж хамгаалах зорилгоор үржүүлгийн бүтээгдэхүүнийг хадгалах үндэсний генийн санг бүрдүүлэх, баяжуулах;
  • Дотоодод ашиглах болон гадаадад гаргах үржүүлгийн бүтээгдэхүүнд гарал үүслийн тодорхойлолт олгох;
  • Гадаадаас авсан үржүүлгийн бүтээгдэхүүнийг генийн санд тусгайлан хадгалж, бүртгэх, гарал үүсэлд нь хяналт тавих, тэдгээрийг хуульд заасан стратегид нийцүүлэн хуваарилах, ашиглах, үр дүнг тооцох, ашиг шимийн өөрчлөлтийн үнэлгээг хийх;
  • Үржүүлгийн бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, ашиглалтын талаарх холбогдох бүртгэл, мэдээллийг нэгдсэн санд тогтмол оруулж байх.

 

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа 30 хоног байна. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох ба гомдол гаргагчид энэ тухай мэдэгдэнэ.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Тухайн үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдох албан тушаалтан, байгууллага, дээд шатны байгууллагад гаргана. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандана.

Малын удмын сангийн үндэсний төв нь  2012 оны 12 дугаар  сард шингэн азот үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг суурилуулж, ажилуулж эхэлсэн. Шингэн азотын үйлдвэрлэл  нь 1  цагт 5 литр шингэн азот үйлдвэрлэх хүчин чадалтай. Монгол орны нөхцөлд шингэн азотыг Мал аж ахуйн салбар болон  анагаах ухааны салбарт өргөн ашиглаж байна.
Малын удмын сангийн үндэсний төвийн генийн банканд гадаадын арвин ашиг шимт шилмэл малын болон тоо толгой нь цөөрч удмын сан алдагдахад хүрсэн нутгийн үүлдэр омгийн малын үр, хөврөл үрийг шингэн азотод хадгалж байна.

Шингэн азот нь -196 хэмийн градуст хөлдөөн удаан хугацаагаар чанарыг нь алдагдуулахгүй хэвээр хадгалах технологийг дэлхий нийтээр  “Үрийн банк” гэж нэрлэдэг. Шингэн азот нь үр хөврөлийг гүн хөлдөөж хадгалах-гэсгээсний дараа хуваах боломжийг хангахын хажуугаар нь хэдэн жилийн турш амьдрах чадвартай байлгах боломжтой. Шингэн азотыг шинжлэх ухааны салбарт ашиглаж эхэлсэн түүхийг авч үзвэл Польшийн эрдэмтэн Zygmunt Wrуblewski болон Karol Olszewski нар 1883 онд анх гарган авсан. Тэр цагаас хойш шинжлэх ухааны олон салбарт амжилттай хэрэглэж ирсэн. Уг шингэн нь агаарт амархан ууршдаг, хүрэлцсэн эдийг богино хугацаанд амархан хөлдөөдөг. Шингэн азот: Өнгөгүй тунгалаг шингэн, -179 цельсийн хэмд буцалдаг, -210 цельсийн хэмд хөлддөг бодис юм.

Шингэн азот үйлдвэрлэсэн талаарх мэдээлэл: Шингэн азотын үйлдвэрт  2017 оны 4 дүгээр улирлын  байдлаар 2230  литр үйлдвэрлэсэн байна. Үүнээс генийн санд 1511 литр шингэн азотоор цэнэглэсэн. Шингэн азотын түгээлтийг  зохиомол хээлтүүлгийн явуулын үйлчилгээ үзүүлж байгаа 11  аймгийн  17 сум, нийслэлийн 3 дүүрэгт   16 техникч  ажиллаж  454 литр шингэн азот,  Үр үйлдвэрлэлийн ажилд зориулж  265  литр  шингэн  азотыг нийлүүлж ажиллаж байна.  

Асуулт 1: Малын генетик нөөцийн тухай хуулиар ямар харилцааг зохицуулдаг вэ?

Мал болон ашиг шимийг нь ашигладаг тэжээвэр амьтан /цаашид "мал" гэх/-ны генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг.

Асуулт 2: Малын генетик нөөцийг бүртгэх үйл ажиллагааг ямар байгууллага хариуцан зохион байгуулдаг вэ?

Малын генетик нөөцийн бүртгэл нь дараах хэлбэртэй байдаг ба хэлбэрээс хамааран хэрэгжүүлэх байгууллага нь өөр байдаг.

  • Малын бүртгэл
  • Үржүүлгийн бүтээгдэхүүний бүртгэл
  • Малын удам зүйн үнэлгээний бүртгэл
  • Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийн бүртгэл

Малын бүртгэл болон малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийн бүртгэлийг Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгж, малчин, мал бүхий этгээд, мал бүхий хуулийн этгээдтэй хамтран хийж, сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасаг хариуцан Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагын мал үржлийн албанд тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

Малын үржүүлгийн бүтээгдэхүүний бүртгэлийг Малын удмын сангийн үндэсний төв хариуцан зохион байгуулна.

Удам зүйн үнэлгээг  Малын удмын сангийн үндэсний төв, салбарын сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгж нь технологийн арга зүй, аргачлал, зааврын дагуу хийнэ.

Асуулт 3: Малын генетик нөөцийг хамгаалах талаар малчин ямар үүрэг хүлээх вэ?

Малын генетик нөөцийн тухай хуульд зааснаар малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ.

  • Бүс нутгийн онцлогийг харгалзан өвөлжих, хаваржих бэлчээрийн малд зориулж хадлан тэжээл бэлтгэх, ус, хашаа байраар хангах, малыг байгалийн эрсдэлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх;
  • Эрчимжсэн мал аж ахуйн малд ашиг шимийн чиглэл, биологийн онцлогт тохирсон арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологи мөрдөх, малыг өлдөөхгүй байх, аюулгүй нөхцөлөөр хангах;
  • Баталгаажсан үүлдэр, омгийн малыг нутагшсан болон уугуул орчинд нь үржүүлж хамгаалах, малын үүлдэрлэг байдлыг алдагдуулахгүй байх;
  • Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг технологийн зохистой хугацаанд үйлчилгээний нэгжээр гүйцэтгүүлэх, үйлчилгээнд малаа бүрэн хамруулж, мал барьж туслах зэрэг шаардлагатай нөхцөлөөр хангах, үйл ажиллагааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх.

Асуулт 4: Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ гэдэгт ямар үйлчилгээнүүд хамаарах вэ?  Үйлчилгээний нэгжийн зөвшөөрлийг хэрхэн авах вэ?

Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ гэдэгт Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, малд үзлэг, ангилалт хийх, удам гарваль, ашиг шимийн гарц, чанарыг тодорхойлох, үр төлийн шинж чанарыг үнэлэх, удам зүйн үнэлгээ хийх, үржил селекцийн ажлын үр дүнг хянан баталгаажуулах, үржүүлгийн хөтөлбөр боловсруулах, сайжруулагч малыг үржилд тохируулан сонгох, цөм сүрэг бүрдүүлэх, малд зохиомол хээлтүүлэг хийх, гойд ашиг шимт мал шалгаруулах, үржлийн малын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, малын арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологийн чиглэлээр малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зааварчилгаа, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг хамааруулна.

Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх итгэмжлэл, зэрэг дэв бүхий мал зүйчтэй, стандартын шаардлага хангасан байр, тоног төхөөрөмж бүхий хуулийн этгээд, мал зүйч мэргэжилтэн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж /цаашид “үйлчилгээний нэгж” гэх/ байгуулж, үйл ажиллагааны чиглэлд тохирсон хөтөлбөрөө аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын мал үржлийн албаар баталгаажуулснаар мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг эрхлэх эрхтэй болно.

Асуулт 5: Мал зүйч нь ямар төрлийн нийгмийн баталгаагаар хангагддаг вэ?

Мал зүйч мэргэжилтнийг ажиллуулж байгаа ажил олгогч ажилтны нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

  • Суманд мэргэжлээрээ ажиллахаар суурьшсан шинэ төгсөгчийн амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд орон байрны дэмжлэг туслалцаа үзүүлэх, урамшуулах;
  • Албан үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдсан тохиолдолд түүний ар гэрт албан тушаалын 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох;
  • Мэргэжлээрээ 25 жил буюу түүнээс дээш жил ажиллаж өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний албан тушаалын 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох;
  • Мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн шаардлага хангасан хувцас, хэрэгсэл, багаж төхөөрөмжөөр хангах.

Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасаг болон үйлчилгээний нэгжид таваас дээш жил ажиллаж байгаа мал зүйч мэргэжилтнийг гурван жил тутамд нэг удаа орон нутгийн төсвийн зардлаар, таван жил тутамд нэг удаа улсын төсвийн зардлаар мэргэжил дээшлүүлэх сургалтад сургана.

 

 

 

 


http://e-khutuch.mn/guide/print/47/430/all