ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Малчдын эрх Улсын аварга малчин өрх шалгаруулалт

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, мал маллагааны уламжлалт аргыг боловсронгуй болгох, малын үүлдэрлэг байдал чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулах, малчдын нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж, урамшуулах зорилгоор Улсын аварга малчин өрх шалгаруулдаг.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Сумын Засаг даргын Тамгын газар нь аймгийн аварга малчин өрхөөр шалгарснаас хойш 3-аас доошгүй жил амжилттай ажилласан, энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа тус бүр нэг малчныг улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхөөр шалгаруулахаар тодорхойлно. Малчин өрх нь энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгааг нотлох бичиг баримтыг багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр, сумын Засаг даргын тодорхойлолтын хамт аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.

Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь сумдаас улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхөд тодорхойлж ирүүлсэн малчны холбогдох бичиг баримтыг хянан үзээд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, хамгийн өндөр үзүүлэлттэй нэг малчин өрхийн тодорхойлолтыг жил бүрийн 01 дүгээр сарын     05-ны өдрийн дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Бусад аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь сумдаас энэ журмын дээр дурдсаны дагуу ирүүлсэн бичиг баримтыг хянан үзээд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, улсын аварга малчин өрхөөр хамгийн өндөр үзүүлэлттэй 3 хүртэлх малчин өрхийн тодорхойлолтыг, улсын хошой аварга малчин өрхөөр 1 малчин өрхийн тодорхойлолтыг жил бүрийн 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгаас 3 жил тутамд нэг аварга малчин өрхийг бусад аймгуудаас жил бүр нэг малчин өрхийг улсын хошой аварга малчин өрхөд тодорхойлж ажлын үзүүлэлтийг 5 жилээр гаргаж ирүүлнэ.

 “Улсын аварга малчин өрх”-өөр жил бүр 150 хүртэлх, “Улсын хошой аварга малчин өрх”-өөр 13 хүртэлх тооны малчин өрхийг шалгаруулна. 

Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхийг тодорхойлохдоо дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байна:

  • малчны (эхнэр, нөхөр) товч анкет;
  • ажлын үзүүлэлт;
  • холбогдох тодорхойлолт, баримт бичиг.

Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв    байгууллага нь аймгуудаас ирүүлсэн бичиг баримтыг хянаж, дүгнэлт гарган хамгийн өндөр үзүүлэлт бүхий малчин өрхийг улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхөөр шалгаруулахаар холбогдох материалыг саналын хамт зохих журмын дагуу Засгийн газарт хүргүүлэн шийдвэрлүүлнэ.

Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв    байгууллага нь дээр дурдсаны дагуу санал хүргүүлэхдээ 1 тэмээчин өрхийг улсын аварга малчин өрхөөр шалгаруулахаар холбогдох материалыг саналын хамт зохих журмын дагуу Засгийн газарт хүргүүлэн шийдвэрлүүлнэ.

Улсын аварга малчин өрх цолоор шагнагдсанаас хойш 5 жил дараалан өмнөх амжилтаа бататгасан малчныг улсын хошой аварга малчин өрхөд тодорхойлж болно.


http://e-khutuch.mn/guide/print/47/434/decide_org