ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Оюутны эрх Оюутны хөдөлмөр эрхлэлт

Оюутны хөдөлмөр эрхлэлт

Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д зааснаар суралцагч нь  дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 

Суралцагч дараах эрхтэй:

  • эрүүл, аюулгүй, жендэрийн тэгш байдлыг хангасан орчин, нөхцөлд суралцах;
  • уламжлалт соёл, зан заншлыг өвлөх, сургуулийн орчинд эх хэлээрээ харилцах;
  • чадамжаа үнэлүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх, дүйцүүлэх, баталгаажуулах;
  • сургалтын төлбөр, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих;
  • суралцагчийн өөрийн удирдлагын байгууллагаар дамжуулан боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд оролцох;
  • сургалтын чанар, сургалтын хөтөлбөр, агуулгын талаар санал, хүсэлт илэрхийлэх, судалгаа, шинжилгээний ажилд оролцох;
  • хүмүүнлэгийн болон сайн дурын үйл ажиллагааг санаачлах, оролцох;
  • хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх, нийгмийн баталгаагаар хангагдах;
  • хөгжлийн бэрхшээлтэй суралцагч нь бусад суралцагчийн адил боловсрол эзэмших тэгш боломж, нөхцөлөөр хангагдах;
  • эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон суралцагчийн зөвшөөрөлгүй эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, сорилд хамрагдахгүй байх;
  • ялгаатай хэрэгцээнээс үл хамааран чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор хангагдах;
  • хуульд заасан бусад.

 

Суралцагч дараах үүрэгтэй:

  • сургалтын хөтөлбөр, агуулгыг эзэмших;
  • багш, ажилтны хууль ёсны шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;
  • багш, ажилтан, суралцагч, хамт олны харилцааг эрхэмлэх, бусдыг хүндэтгэх;
  • боловсролын сургалтын байгууллагатай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
  • ерөнхий боловсролыг заавал эзэмших;
  • бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ялгаварлан гадуурхах, дарамтлах, доромжлох, нэр төр, алдар хүндийг нь гутаах үйлдэл гаргахгүй байх;
  • хуульд заасан бусад.

Оюутныг цагаар хөдөлмөр эрхлэхтэй холбоотой хувийн хэвшлийн байгууллага дараах эрх, үүрэгтэй:

Хувийн хэвшлийн байгууллага нь сул чөлөөтэй байгаа ажлын байрыг урьдчилан тодорхойлж, аймаг, нийслэл, дүүргийн залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллага, оюутны хөдөлмөр эрхлэлтийн төвд бүртгүүлнэ.

Хувийн хэвшлийн байгууллага нь оюутны цагийн ажлын байрыг бий болгож, оюутныг цагийн ажлын байраар хангана.

Хувийн хэвшлийн байгууллага нь оюутныг нэн тэргүүнд суралцаж буй мэргэжлийн чиглэлээр ажиллуулна

Хувийн хэвшлийн байгууллага нь оюутнаар гүйцэтгүүлэх ажлыг үндсэн ажилтны гүйцэтгэж буй ажил, үүргээс илүүгүй байхаар тодорхойлно.

Оюутны цагийн ажлын 1 цагийн үнэлгээ нь тухайн салбарт мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний 1 цагийн үнэлгээнээс доошгүй байна.

Хувийн хэвшлийн байгууллага нь оюутны цагийн хөдөлмөр эрхэлсэн холбоотой түүх үүсгэж, оюутны цагийн ажлын дэвтэрт тухай бүр тэмдэглэгээ хийнэ.

Хөдөлмөрийн дотоод журамд оюутнаар цагийн хөдөлмөр эрхлэхтэй зохицуулалтыг тусгаж, дотоод журмыг оюутанд танилцуулна.

Оюутныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад үндсэн ажилтны нэгэн адил хамгаална. Хөдөлмөр эрхэлж буй оюутанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаатай танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулна.

Цагаар хөдөлмөр эрхэлж буй оюутан дараах эрх, үүрэгтэй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, хийж гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалин хөлс авах эрхтэй.

Оюутан нь ажил олгогчоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажил үүргийг чанартай гүйцэтгэх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.


http://e-khutuch.mn/guide/print/48/431/advice