ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Оюутны эрх Төрийн сангийн зээл

Төрийн сангийн зээл гэдэг нь оюутан суралцагчдад төрийн сангаас сургалтын төлбөр болон амьжиргааны зардалд зориулан хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох зээлийг хэлнэ.

Асуулт 1: Оюутны хөгжлийн зээл авах хүсэлтийг хаана гаргадаг вэ?

Оюутан та зээл авах хүсэлтээ тухайн суралцдаг сургуулиараа дамжуулан Боловсролын зээлийн санд гаргана.

Асуулт 2: Оюутан оюутны хөгжлийн зээл авах хүсэлт гаргахад ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

Зээл хүсэгч нь дараах шаардлагыг хангасан байна:

  • элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж 600 болон түүнээс дээш оноо авсан элсэгч байх
  • голч дүн 2.8 болон түүнээс дээш оноотой суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутан байх;
  • голч дүн 3.2 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа магистрант, докторант байх;
  • сангийн  мэдээллийн системд  бүртгэгдсэн байх.

Асуулт 3: Оюутны хөгжлийн зээл хүсэхэд ямар материал бүрдүүлдэг вэ?

Зээл хүсэгч хүсэлт гаргахдаа дараах материалыг бүрдүүлнэ:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл;
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар;
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт;
  • Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь;
  • Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан  жагсаалт;
  • Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссе (зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх).

Асуулт 4: Гадаадын дээд боловсролын байгууллагад суралцагч сургалтын төлбөрийн зээл авч болох уу?

Болно. Гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад магистр, докторын зэргийн боловсрол эзэмшихээр зохих журмын дагуу элсэн өдрийн ангид суралцаж байгаа оюутан сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл авч болно.

Асуулт 5: Гадаадын дээд боловсролын байгууллагад суралцагчид олгох сургалтын төлбөрийн зээлийг ямар хугацаатай олгодог вэ?

Сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээлийг магистрантад 2 жил, докторантад 3 жил хүртэлх хугацаатайгаар үл хөдлөх хөрөнгө барьцаалан олгоно. 

 


http://e-khutuch.mn/guide/print/48/433/faq