ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөрөнгө оруулалт Хөрөнгө оруулалт гэж юу вэ?

• Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгө/Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт/ • Ирээдүйд ашиг олох зорилгоор өнөөдөр зарцуулж буй хөрөнгө.

Асуулт 1. Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин, олон улсын гэрээ, конвенцын талаар мэдээлэл өгөөч.

Монгол Улс хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгахгүйгээр адил тэгш байх зарчмыг баримталж, “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийг Монгол Улсын Их Хурлаас батлан 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс даган мөрдөж байна. Тус хуулиар Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг сайжруулах, хөрөнгө оруулагчдад нийтлэг эрх зүйн баталгаа олгох, хөрөнгө оруулагчийн эрх, эд хөрөнгийг хамгаалах, албадан хураахгүй байх, ялгаварлахгүй байх, дэмжих, татварын орчинг тогтворжуулах замаар хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээ, бүртгэлийг хөнгөвчлөх зохицуулалтыг тусгаж өгсөн. Монгол улс Гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны хувьд нээлттэй, таатай орон бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар 29 улстай “Давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээр”, 24 улстай “Худалдаа эдийн засгийн ерөнхий хэлэлцээр”, 42 улстай “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хоёр талт хэлэлцээрийг тус тус байгуулаад байна. Эдгээр гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулж, конвенцид нэгдэн орсноор Монгол Улс олон улсын өмнө гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалахад чиглэсэн тодорхой үүрэг, хариуцлага хүлээж байгаа хэрэг юм.

Асуулт 2. Хөрөнгө оруулалт гэж юу вэ?

Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгө.

Асуулт 3. Дотоодын хөрөнгө оруулагч гэж хэн вэ?

Хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/

Асуулт 4. Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар гэж хэн бэ?

Итгэмжлэлийн үндсэн дээр төлөөллийн үйл ажиллагаа явуулах зорилготойгоор гадаадын хуулийн этгээдийн Монгол Улсад байгуулсан хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг. Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар нь бие дааж аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүй.

Асуулт 5. Гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай холбоотой зөвлөгөө, мэдээлэл хаанаас авч болох бэ?

Та http://investmongolia.com/ болон http://www.theiguides.org/public-docs/guides/mongolia зэрэг цахим хуудаснаас шаардлагатай мэдээллээ авч болно. Мөн Үндэсний хөгжлийн газрын Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс утсаар болон өөрийн биеэр хүрэлцэн ирж холбогдох зөвлөгөөг авч болно /утас: 261580, 119 тоот өрөө/.

Асуулт 6. Төрөөс хөрөнгө оруулалтад ямар дэмжлэг үзүүлж байна вэ?

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд хөрөнгө оруулагчдад татварын болон татварын бус дэмжлэгүүдийг үзүүлэн ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах болон Тогтворжуулах гэрчилгээ олгох гэсэн үндсэн 2 дэмжлэг бий.

Асуулт 7. Хөрөнгө оруулалтын татварын бус дэмжлэгт юу юу орох вэ?

Хөрөнгө оруулагчдад татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг дараах хэлбэрээр үзүүлж болно. Үүнд:

  • газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцлөөр нэг удаа 4О хүртэл жилээр сунгах;

  • чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх;

  • дэд бүтэц, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсролын салбарын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, холбогдох зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгох;

  • инновацийн төслийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, экспортод чиглэсэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн санхүүжилтэд батлан даалт гаргах;

  • Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох;

  • хуульд заасан бусад дэмжлэг.

 

 


http://e-khutuch.mn/guide/print/49/435/faq