ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөрөнгө оруулалт Хөрөнгө оруулалт гэж юу вэ?

• Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгө/Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт/ • Ирээдүйд ашиг олох зорилгоор өнөөдөр зарцуулж буй хөрөнгө.

Хуулийн зохицуулалт

Хуулийн нэр томьёоны тодорхойлолт:

Хөрөнгө оруулагч: Монготоодын хөрөнгө оруулагч

Гадаадын хөрөнгө оруулагч: Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/

Дотоодын хөрөнгө оруулагч: Хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж: Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгж

Татварын хувь, хэмжээг тогтворжуулах: Татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд нэмэхгүйгээр хэвээр хадгалах, эсхүл бууруулах

Татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ: Шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд энэ хуульд заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг тогтворжуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас олгох гэрчилгээ

Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч: Тогтворжуулах гэрчилгээ авсан, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд

Гадаадын төрийн өмчит хуулийн этгээд: Нийт гаргасан хувьцааных нь 50, түүнээс дээш хувийг гадаад улсын төр шууд болон шууд бусаар эзэмшиж байгаа хуулийн этгээд

Хөрөнгө оруулалтын хэлбэр:

  • хөрөнгө оруулагч дангаараа болон бусад хөрөнгө оруулагчтай хамтран аж ахуйн нэгж байгуулах;

  • хөрөнгө оруулагч хувьцаа, өрийн бичиг, бусад төрлийн үнэт цаасыг худалдан авах;

  • компанийг нэгтгэх, нийлүүлэх замаар хөрөнгө оруулалт хийх;

  • концесс, бүтээгдэхүүн хуваах, маркетинг, менежментийн болон бусад гэрээ байгуулах;

  • санхүүгийн түрээс /лизинг/-ийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх;

  • хуулиар хориглоогүй бусад хөрөнгө оруулалтын хэлбэр.

Хөрөнгө оруулалтын татварын баталгаа:

  • албан татвараас чөлөөлөх

  • албан татварын хөнгөлөлт үзүүлэх

  • албан татвар ногдох орлогоос хасагдах элэгдлийн зардлыг түргэвчилсэн аргаар тооцох

  • албан татвар ногдох орлогоос хасагдах алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох

  • ажилтны сургалтын зардлыг татвар ногдуулах орлогоос хасч тооцох

  • Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно:

  • барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих;

  • нано, био болон инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих;

  • эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих.

Төр нь энэ хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох замаар татварын хувь, хэмжээг тогтворжуулах, эсхүл түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар татварын орчныг тогтвортой байлгах баталгаа олгоно.

Хөрөнгө оруулалтын татварын бус баталгаа:

  • газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 4О хүртэл жилээр сунгах;

  • чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчид дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх;

  • дэд бүтэц, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсролын салбарын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, холбогдох зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгох;

  • инновацийн төслийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, экспортод чиглэсэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн санхүүжилтэд батлан даалт гаргах;

  • Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох;

  • хуульд заасан бусад дэмжлэг.

Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль бусаар хураан авахыг хориглоно. Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг гагцхүү нийтийн ашиг сонирхлын үүднээс зөвхөн хуульд заасан журмын дагуу бүрэн хэмжээгээр нөхөн төлөх нөхцөлөөр дайчлан авч болно. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт татвар төлөх үүргээ бүрэн биелүүлсний үндсэн дээр доор дурдсан өөрт ногдох хөрөнгө, орлогыг гадаад улсад саадгүй гаргах эрхтэй:

  • үйл ажиллагаанаас олсон ашиг, ногдол ашиг;

  • оюуны өмчийг бусдад ашиглуулсан эрхийн шимтгэл, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсний төлбөр;

  • гадаад улсаас олгосон зээлийн үндсэн төлбөр болон хүү;

  • аж ахуйн нэгжийг татан буулгасны дараа өөрт ногдох хөрөнгө;

  • хуулийн хүрээнд олсон буюу өмчилж байгаа бусад хөрөнгө.

Хөрөнгө оруулагчийн эрх:

  • хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалт хийх хэлбэр, хэмжээ, хөрөнгө оруулалт хийх газар, бүс нутаг зэргийг хараат бусаар сонгох, холбогдох шийдвэрийг бие даан дангаар гаргах;

  • .нэг болон түүнээс дээш салбар, төсөл, үйлдвэрлэл, үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх;

  • хөрөнгө оруулах төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гадаад улсаас бараа, ажил, үйлчилгээ импортлох, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг экспортлох;

  • Монгол Улсад бүртгэлтэй банк, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан гадаадын мөнгөн тэмдэгт худалдан авах, худалдах зэргээр өөрийн гадаад валютын хэрэгцээг хангах;

  • хөрөнгөө захиран зарцуулах, хууль ёсны орлого, ашгийг гадаадад шилжүүлэх, гадаадаас шилжүүлж авах;

  • хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг удирдах буюу удирдахад оролцох, бусад этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх, үүргээ шилжүүлэх;

  • санхүүжилт, зээл, тусламж, газар, байгалийн баялгийг ашиглах хүсэлт гаргах, хүсэлтээ шийдвэрлүүлэх;

  • төрийн үйлчилгээг эрх тэгш хүлээн авах;

  • хууль тогтоомжид заасан бусад эрх.

Хөрөнгө орууллагчийн үүрэг:

  • үйлдвэрлэж байгаа бараа, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь үндэсний болон олон улсын стандартад нийцэж байх;

  • нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартын дагуу хөтлөх;

  • татварын байгууллага, мэдээлэл шаардсан бусад төрийн байгууллагад бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, шаардлагатай мэдээ, мэдээллээр заасан хугацаанд хангах;

  • хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлж, байгаль орчинд ээлтэй байж, хүний хөгжлийг дэмжих;

  • хууль тогтоомжид заасны дагуу ажилтны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх;

  • ажилтны мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, удирдлага, менежментийн арга барилыг сайжруулахад анхаарч, компанийн удирдлагын сайн засаглалын зарчмыг нэвтрүүлэх;

  • Монголын ард түмний үндэсний өв уламжлал, ёс заншлыг хүндэтгэх;

  • тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь энэ хуулийн 16.2-т заасныг баримтлан хөрөнгө оруулалтаа хийх;

  • хууль тогтоомжид заасан бусад үүрэг.     

Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулагч нь төрийн байгууллагатай байгуулсан гэрээний харилцаанаас үүсэх маргааныг талууд харилцан тохиролцсоны дагуу гадаадын, эсхүл дотоодын арбитрыг томилон шийдвэрлүүлэх эрхтэй.


http://e-khutuch.mn/guide/print/49/435/law