ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөрөнгө оруулалт Тогтворжуулах гэрчилгээ

Татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ: Хуульд заасан/Хөрөнгө оруулалтын тухйа хуулийн 16.1/ шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тодорхой албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг тогтворжуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас олгох гэрчилгээг хэлнэ. Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч: Хөрөнгө оруулалтын хуулийн дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийг хэлнэ.

Хуулийн зохицуулалт

Төр нь энэ хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох замаар татварын хувь, хэмжээг тогтворжуулах, эсхүл түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар татварын орчныг тогтвортой байлгах баталгаа олгоно./Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг/

Хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын хэлбэрээс нь хамааран тогтворжуулах гэрчилгээг дараах этгээдэд олгоно/Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэг/:

  • хөрөнгө оруулалтын төслийг нэг хуулийн этгээд дангаар хэрэгжүүлэх бол тогтворжуулах гэрчилгээг тухайн хуулийн этгээдэд;

  • хөрөнгө оруулалтын төслийг харилцан хамаарал бүхий хоёр ба түүнээс дээш тооны хуулийн этгээд хэрэгжүүлэх бол тэдгээрийн толгой компанид

Тогтворжуулах гэрчилгээ нь олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд уг гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хувь, хэмжээг тогтворжуулна. Тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хууль тогтоомжид заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг бууруулах өөрчлөлт орсон тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд уг өөрчлөлтөд хамаарах ба харин нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд уг өөрчлөлтөд хамаарахгүй./Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.4 дэх хэсэг/

Тамхи, согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах үйл ажиллагаанд татварын хувь, хэмжээг тогтворжуулахгүй./Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэг/

Тогтворжуулах татварын төрлүүд:/Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйл/

  • аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

  • гаалийн албан татвар;

  • нэмэгдсэн өртгийн албан татвар;

  • ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

Хөрөнгө оруулагч хуулийн этгээдийн Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл нь доор дурдсан шалгуурыг бүрэн хангасан тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ олгоно:

  • Бизнес төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэлд заасан хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь хангасан байна.

  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын  ерөнхий үнэлгээ хийлгэсэн байх

  • Тогтвортой ажлын байр бий болгох

  • Дэвшилтэт текник, технологи нэвтрүүлэх

Тогтворжуулах гэрчилгээний загварыг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага/Үндэсний хөгжлийн газар/-ын дарга батална.

Тогтворжуулах гэрчилгээнд дараах мэдээллийг тусгана:

  • тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг;

  • тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон регистрийн дугаар;

  • хуулийн этгээдийн оноосон нэр, улсын бүртгэлийн болон регистрийн дугаар;

  • .хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн нэр;

  • тогтворжуулах гэрчилгээ олгосон он, сар, өдөр, хүчинтэй байх хугацаа;

  • албан татвар, төлбөрийн хувь, хэмжээ.

Тогтворжуулах гэрчилгээг бусдад худалдах, барьцаалах, бэлэглэхийг хориглоно.

 


http://e-khutuch.mn/guide/print/49/437/law