ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хууль зүйн мэдээлэл, туслалцаа Өмгөөлөгчийн тухай

“Өмгөөлөгч” гэж хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчийг хэлнэ.

Хуулийн зохицуулалт

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /энд дарж үзнэ үү./

24.2.Хуульч нь энэ хуулийн 24.1.5-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн байна.

30 дугаар зүйл. Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрх

30.1.Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсны дараа шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж, энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдэнэ.

30.2.Шүүхэд төлөөлөх эрх нээлгэхийг хүсэж байгаа хуульч өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд заавал даатгуулсан байна.

30.3.Хуульч Улсын дээд шүүхэд бүртгүүлэх өргөдөлд дор дурьдсан баримт бичгийг хавсаргана.

30.3.1.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар.

30.3.2.өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримтын хуулбар.

30.4.Хуульч өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бичигдсэнээр түүний шүүхэд төлөөлөх эрх нээгдэнэ.

30.5.Шүүхэд төлөөлөх өмгөөлөгчийн эрхийг зөвхөн энэ хуулиар хязгаарлана.

30.6.Өмгөөлөгч нь шүүхэд төлөөлөх, шүүн таслах ажиллагаанд оролцох /цаашид "өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх" гэх/ эрхтэй, чөлөөт, бие даасан мэргэжилтэн байна.

 

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО /энд дарж үзнэ үү./

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ /энд дарж үзнэ үү./

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО / энд дарж үзнэ үү./

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Хуульч нь шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэж, өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй болно.

Өмгөөллийн үйлчилгээний төрөл

Өмгөөлөгч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар:

  • хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх;
  • хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах;
  • иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх;
  • нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх үйл ажиллагаа явуулах;
  • шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох зэрэг үйл ажиллагаа явуулна.

Шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах хэлбэрийн үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

  • Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх;
  • иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох;
  • эрүүгийн байцаан шийтгэх болон захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох;
  • олон улсын шүүх, арбитрын ажиллагаа болон бусад байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх;
  • шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгчөөр оролцох;
  • хууль тогтоомжоор хориглоогүй эрх зүйн бусад туслалцаа үзүүлэх.

Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх

Өмгөөллийн үйлчилгээг ганцаарчлан, гэрээгээр хамтарч, түүнчлэн хуулийн этгээд байгуулан үзүүлж болно.

Өмгөөллийн үйлчилгээ хамтран үзүүлэх хуулийн этгээдийн хэлбэр нь нөхөрлөл байх бөгөөд өмгөөллийн хуулийн этгээд нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог.

Өмгөөллийн хуулийн этгээдийн удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүд нь заавал өмгөөлөгч байна.

Өмгөөлөгч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээдтэй хамтарч ашиг хуваах байдлаар өмгөөллийн үйлчилгээ явуулбал түүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл хариуцлага хүлээлгэдэг.

Хуульчдын холбоо өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтыг нийтэд нээлттэй болгож, хэвлэн нийтэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа
Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Өмгөөлөгчийн хариуцлага

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг ”Шүүхэд төлөөлөх эрх нээлгэхийг хүсэж байгаа хуульч өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд заавал даатгуулсан байна”, 42 дугаар зүйлийн 42.1-дэх хэсэг “Мэргэжлийн мэдлэг, ур чадварын улмаас хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргаж, үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор өмгөөлөгч хариуцлагын даатгалд заавал даатгуулна”-т заасны дагуу өмгөөллийн үйлчилгээ үзүүлэгч хуульч нь Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд заавал даатгуулсан байх үүрэгтэй.

 Ямар тохиолдолд үйлчлүүлэгч нөхөн олговор авах боломжтой вэ?

Өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ эрх зүйн буруу зөвлөгөө өгсний улмаас учирсан хохирол

Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хангаж ажиллаагүйгээс учирсан хохирол

Өмгөөлөгч мэргэжлийн мэдлэг, ур чадвар, өмгөөллийн үйл ажиллагаанд гаргасан алдааны улмаас үйлчлүүлэгчид учирсан хохирол

Асуулт 1. Хаанаас сайн өмгөөллийн үйлчилгээ, туслалцаа авах боломжтой вэ? /өмгөөлөгчөө сонгох/

Хууль зүйн туслалцаа хүсэгч нь өмгөөлөгчид шууд хандаж хэлцэл хийх, эсвэл Хуульчдын холбоонд хүсэлт гарган тус холбоон дахь өмгөөлөгчдийн болон өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаягийн лавлагаанаас сонголт хийх замаар өмгөөллийн үйлчилгээ туслалцаа авах боломжтой.

Иргэн, хуулийн этгээдийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахын тулд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь өмгөөлөгч болон өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаягийн лавлагаа өгч болно.

Хууль зүйн туслалцаа хүсэгч нь эрүүл мэнд, төлбөрийн чадвар болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар өмгөөлөгчөө сонгон авч чадаагүй тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь энэ тухай Хуульчдын холбоонд мэдэгдэн өмгөөлөгч томилуулах арга хэмжээ авна.

Хуульчдын холбоо өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтыг нийтэд нээлттэй болгож, хэвлэн нийтэлнэ.

Асуулт 2. Өмгөөллийн үйлчилгээний хөлс ямар үнэтэй байх ёстой вэ?

Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.

Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эд хөрөнгийн болон бусад байдлыг нь харгалзан түүнийг өмгөөллийн үйлчилгээний хөлснөөс чөлөөлж болно.

 


http://e-khutuch.mn/guide/print/5/108/all