ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Авто тээврийн үйлчилгээ Автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэж, улсын дугаар олгох

Автотээврийн хэрэгслийн өмчлөх эрх болон ашиглалттай холбоотой бүртгэл хөтөлж, тээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээ олгоно.

Хуулийн зохицуулалт

Зам, тээврийн хөгжлийн яам нь  Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь заалтад зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа Автотээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтлөх үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт Ашиглагдаж байгаад импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг

  • техникийн оношлогоонд оруулж,
  • стандартын шаардлага хангуулсны дараа улсын бүртгэлд бүртгэж,
  • дугаар олгоно гэж заасан байдаг.

Тус журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу Автотээврийн хэрэгслийн бүртгэл нь дараах төрөлтэй байна. Үүнд: 

  • шинээр бүртгэх;
  • өмчлөгчийн бүртгэл;
  • техникийн өөрчлөлт;
  • нөхөн олголт;
  • бүртгэлээс хасах;
  • түр дугаар олгох.

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Автотээврийн тухай хууль (1999 он) ЭНД дарж үзнэ үү.  
  • Зам,тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн А/ 222 тушаалын хавсралтаар баталсан Авто тээврийн хэрэгсэлийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг Энд дарж үзнэ үү.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ гэж заасан байдаг.

бичвэр нарын зураг байж магад

 

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэх бүртгэлд дараах тээврийн  хэрэгслийг оруулна. Үүнд:   

  • Импортоор оруулж ирсэн,
  • Монгол Улсад үйлдвэрлэсэн автотээврийн хэрэгсэл байна.

1. Автотээврийн хэрэгслийг шинээр бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:  

  • Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт бөглөх;  
  • Импортоор оруулж ирсэн шинэ автотээврийн хэрэгслийн техникийн паспорт, үйлдвэрлэгчийн дагалдах бичиг;
  • Ашиглагдаж байгаад импортоор оруулж ирсэн автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, тухайн эрх бүхий байгууллагаас техникийн шаардлага хангаж байгааг тодорхойлсон дүгнэлт, бүртгэлээс хассан тухай тодорхойлолт, тэмдэглэл;
  • Гаалийн бүрдүүлэлт хийснийг нотлох мэдүүлэг, баримт;
  • Монгол Улсад холбогдох байгууллагын зөвшөөрөлтэйгөөр үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслийн хувьд техникийн паспорт, Автотээврийн хэрэгслийг таних тэмдгийн дугаар олгосныг баталгаажуулсан баримт;
  • Техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт /хяналтын үзлэгт орж тэнцсэн байх/;
  • Автотээврийн хэрэгсэлд улсын дугаар авах талаар гаргасан иргэн, хуулийн этгээдийн хүсэлт, албан бичиг, шилжүүлснийг нотлох бусад баримт;
  • Автотээврийн гэрчилгээний үнэ болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Өмчлөгчийн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт;
  • Тусгай тоноглол суурилагдсан тээврийн хэрэгслийн хувьд нэмэлт төхөөрөмжийн техникийн байдлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар шалгуулж баталгаажуулсан дүгнэлт;
  • Авто тээврийн хэрэгсэл экспортлогч улсын экспортлохоос өмнөх үеийн техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт.

2. Таны бүрдүүлсэн бичиг баримтыг үндэслэн бүртгэгч дараах дарааллын дагуу хүлээн авч бүртгэл хөтөлнө. Үүнд: 

 

Асуудлыг шийдвэрлэх хугацаа
 Бүртгэл хийлгэх хугацаа: 

Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор аймаг, нийслэл дэх Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад /Автотээврийн үндэсний төв/ бүртгүүлнэ.

  Бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацаа:

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэж заасан байдаг.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Иргэн та Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн асуудал хариуцсан албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг дээд шатны албан тушаалтанд, дээд албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны байгууллага болох Зам тээвэр, хөгжлийн яаманд гомдол гаргах эрхтэй.

 

Мэдээлэл 1 

Гэр бүлийн хэрэгцээнд ашигладаг тээврийн хэрэгслийн тоо Е-Монголиа системд зөрүүтэй гарсан бол та дараах арга хэмжээ авна.
1. Дараах 5 салбарт өөрийн биеэр хандан лавлагааг авна.
2. Харьяа дүүргийнхээ хороонд хандан хүн амын өрхийн мэдээллийн сангаа шинэчлүүлнэ.
3. 1 хоногийн дараа е-монголиа системд мэдээлэл шинэчлэгдэн орно.

Мэдээлэл 2 

Автотээврийн үндэсний төв нь 21 аймаг, 116 орчим сумд үйлчилгээ хүргэхээс гадна олон улсын чиглэлэд үйлчилгээ үзүүлдэг.
Энэ чиглэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэн жилд нэг удаа, нэг чиглэлд үнэ төлбөргүй зорчих шийдвэрийг гаргасэн.2022.02.09 өдөр 

Мэдээлэл 3

“МУ-ын Улаанбаатар хот – БНХАУ-ын Эрээн хот” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлж байна
Тасалбарыг: eticket.transdep.mn болон билетийн кассуудаар захиална уу.

Асуулт 1. БНСУ-аас тээврийн хэрэгсэл оруулж ирж байгаа юм. Хаана бүртгүүлж, дугаар авах вэ?

Сайн байна уу? Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт  Ашиглагдаж байгаад импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг техникийн оношлогоонд оруулж, стандартын шаардлага хангуулсны дараа улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгоно гэж заасан байдаг.  Та Автотээврийн үндэсний төвд хандаж бүртгэлээ хийлгэж, дугаар авах боломжтой бөгөөд бүртгэгч таны бүртгэлийн мэдүүлэг, холбогдох бичиг баримтын үнэн зөв эсэхийг хянаж, техникийн үзүүлэлтийг тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн мэдээлэлд үндэслэн бүртгэл  хийдэг. Бүртгэлийг таны бичиг баримтыг хүлээж аваад тухайн өдөртөө бүртгэл хийгддэг.

Асуулт 2. Манай ах машин худалдаж авсан юм, хөдөө завгүй учир бүртгэлээ хийлгэж амжихгүй байна. Би өмнөөс бүртгэлийг нь хийлгэж болох уу?

Сайн байна уу? Автотээврийн хэрэгслийн өмчлөгчийн мэдээллийг бүртгэхдээ зөвхөн өмчлөгч өөрийн биеэр ирсэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч болон цахим гарын үсгийг үндэслэн бүртгэл хийдэг. Таны ах таньд итгэмжлэл хийж өгөөд тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэх боломжтой.

Асуулт 3. Би тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэх гээд бичиг баримтаа бүрдүүлж өгсөн боловч бүртгэгч нь бүртгэл хийхээс татгалзсан хариу өгөөд байна. Яаж бүртгүүлэх вэ?

Дараах тохиолдолд автотээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзана.

  • бүртгэлийн мэдүүлэг болон баримт бичиг нь бүрэн бус, мэдээлэл зөрүүтэй, засварласан, хуурамчаар үйлдсэн;
  • хуулийн дагуу оногдуулсан торгуулийг төлөөгүй;
  • техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, тэнцээгүй, жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй;
  • зохих байгууллагын зөвшөөрөлгүй зориулалтыг өөрчилсөн;
  • хуулиар эрх олгогдсон эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өмчлөх эрхэд хориглолт, хязгаарлалт хийсэн;
  • өмчлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн биеэр ирээгүй;
  • улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй.

Тухайн автотээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд татгалзсан үндэслэлийг тодорхой тайлбарлан бүртгэлийн мэдүүлэгт тэмдэглэж гарын үсэг, хувийн дугаар бүхий тэмдэг дарж өгдөг. Та тээврийн хэрэгслийн бүртгэл хийлгэхэд дээрх зөрчил байвал зөрчилөө арилгаад бичиг баримтаа дахин бүрдүүлж бүртгэл хийлгэх боломжтой.

Асуулт 4. Миний бичиг баримт ямар ч зөрчилгүй байхад тээврийн хэрэгслийг маань бүртгэхээс татгалзаад байна. Бүртгэгчийн үйл ажиллагаанд хаана гомдол гаргах вэ?

Сайн байна уу? Та Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн асуудал хариуцсан албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг дээд шатны албан тушаалтанд, дээд албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны байгууллага болох Зам тээвэр, хөгжлийн яаманд гомдол гаргах эрхтэй.


http://e-khutuch.mn/guide/print/50/450/all