ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Жагсаал, цуглаан хийх журам Жагсаал, цуглаан хийх журам

Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм,эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цуглаан гэнэ. Иргэд хот суурингийн гудамж талбайгаар зохион байгуулалттайгаар жагсан явж, үзэл бодол, санал, шаардлагаа илэрхийлж байгааг жагсаал гэнэ.

Жагсаал цуглаан зохион байгуулагч нь дараах үүрэгтэй:

  • хот, суурин газрын нийтийн аж ахуй, зүлэг, таримал, бусдын өмч хөрөнгөд хохирол учруулахгүй байх, жагсаал, цуглааны дараа гудамж, талбайг цэвэрлэж хэвийн байдалд оруулах;
  • халуун, хүйтэн зэвсэг, хорт болон тэсэрч дэлбэрэх бодис, орчин тойрондоо болон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц аливаа зүйл, амьтан авч явж болохгүйг жагсаал, цуглаанд оролцогчдод урьдчилан анхааруулж тийм тохиолдол илэрвэл холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэж шаардлагатай арга хэмжээ авахуулах;
  • жагсаал, цуглааны явцад аливаа хэлбэрээр хүч үл хэрэглэх, төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байх, бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлохгүй байхыг оролцогчдод урьдчилан анхааруулж, энэ заалт зөрчигдөхөд хүрвэл нэн даруй таслан зогсоох буюу холбогдох байгууллагад мэдэгдэх;
  • согтууруулах ундаа, мансууруулах буюу хорт бодис хэрэглэсэн болон сэтгэцийн өвчтэй хүмүүсийг жагсаал, цуглаанд оролцуулахгүй байх, жагсаал, цуглааны явцад согтууруулах ундаа хэрэглүүлэхгүй байх;
  • ​​​​​​​жагсаал, цуглааны үеэр гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаах, аливаа байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулах, дотоод хэрэгт нь оролцоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг оролцогчдод урьдчилан анхааруулж, энэхүү шаардлагыг чандлан сахиулах;
  • жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, шахалт дарамт үзүүлэх болон бусад хэлбэрээр албадахгүй байх.
  • Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байх.

Жагсаал, цуглааныг зохион байгуулагч үүргээ зөрчсөн бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.


http://e-khutuch.mn/guide/print/51/465/advice