ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Жагсаал, цуглаан хийх журам Жагсаал, цуглаан хийх журам

Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм,эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цуглаан гэнэ. Иргэд хот суурингийн гудамж талбайгаар зохион байгуулалттайгаар жагсан явж, үзэл бодол, санал, шаардлагаа илэрхийлж байгааг жагсаал гэнэ.

Асуулт 1. Гадаадын иргэн жагсаал, цуглаан хийх боломжтой юу?

Хууль Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглаанд оролцох эрхтэй.

Асуулт 2. Хөдөө орон нутагт жагсаал цуглаан хийж болох уу?

Иргэд хот суурингийн гудамж талбайгаар зохион байгуулалттайгаар жагсан явж, улс төр, нийгэм,эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа илэрхийлж жагсаал цуглаан зохион байгуулах эрхтэй. Ингэхдээ тухайн аймаг сум, дүүргийн Засаг даргад жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг өгч бүртгүүлнэ

Асуулт 3. Засаг дарга нар ямар учраас жагсаал, цуглаан хийхийг хориглодог вэ?

Шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол Засаг дарга түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргавал 3 хоногийн хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ.

Жагсаал, цуглааны явцад түүний анхны зорилго өөрчлөгдөж дайн сурталчлах, үндэстэн ястны хооронд хагарал гаргах буюу үндэс угсаа,хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах, аллага, хядлага, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах агуулга, шинжтэй болсон, эсхүл онц болон дайны байдал зарласан буюу гамшиг болон аюул тохиолдсон үед Онц болон дайны байдал зарласан шалтгааныг эсэргүүцэх, гамшгийн хор уршгийг арилгах зорилгоор жагсаал, цуглаан хийж байгаа бол албадан тараана.

Асуулт 4. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг зөрчсөн этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Зөрчлийн тухай хуульд:

1.Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хуульд заасан журмын дагуу жагсаал, цуглаан зохион байгуулахад санаатайгаар саад учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хууль бус жагсаал, цуглааныг зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Гудамж, талбайд өлсгөлөн зарлахыг хөндлөнгөөс зориуд зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Жагсаал цуглааныг зохион байгуулагч, оролцогч зэвсэг, хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодис, орчин тойрон, хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц аливаа зүйл, амьтан авч явсан бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Үүссэн нөхцөл байдлаас үүдэн Эрүүгийн хуулийн холбогдох заалтаар хариуцлага хүлээлгэнэ.


http://e-khutuch.mn/guide/print/51/465/faq