ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Ундны усны хэрэглээ Ундны усны хэрэглээ

"ус хэрэглэгч" гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг

Асуулт 1. Усны тоолуурын заалтыг хэрхэн авдаг вэ?

Ус хангамжийн ашиглалт, үйлчилгээг хариуцсан Тусгай зөвшөөрөлтэй байгууллагын эрх бүхий ажилтан хэрэглэгчийн усны тоолуурын заалтыг сар бүр тогтмол хугацаанд нүдээр үзэн бичилт хийж, хэрэглэгчээр гарын үсэг зуруулан баталгаажуулж байх үүрэгтэй.

Усны тоолуур нь хэрэглэгчийн өмч тул хэрэглэгч та өөрөө тухайн сард хэрэглэсэн усныхаа заалтыг үнэн зөв мэдээлэх, төлбөр тооцоондоо хяналт тавьж байх шаардлагатай юм.

Асуулт 2. Хэрэглэгчдээс усны суурь хураамж яагаад авдаг вэ?

Суурь хураамжийг дэлхийн олон улс оронд мөрддөг бөгөөд энэ нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд чанартай, найдвартай усыг 24 цагийн турш хүргэхэд бэлэн байлгахад шаардагдах зардлыг шингээсэн байдаг. Шугам хоолойн голч өргөсөх тутам тэр хэмжээгээр илүү их усыг хэрэглэгчдэд хүргэх, бэлэн байлгах шаардлагатай болох бөгөөд үүнтэй холбоотойгоор гарах зардал төдий чинээ өндөр байдаг.

Суурь хураамжийг тогтоохдоо хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн, ил тод, үнэн бодитой байх, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг хангах бодит шууд зардлыг нөхөхөд чиглэгдсэн байх зэрэг зарчмуудыг баримталдаг болно.

Суурь хураамж гэж төвлөрсөн шугамд холбогдсон хэрэглэгчдэд унд, ахуйн стандартын шаардлага хангасан усыг 24 цаг бэлэн байлгасны төлбөрийг хэлнэ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургын сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд тухайн сард үйлчилгээний чанарыг ханган, ус хангамжийг тасралтгүй хүргэсний үндсэн дээр суурь хураамжийн төлбөрийг тооцно.  

Асуулт 3. Бидний ууж буй ундны усны чанар хэр баталгаатай вэ? Ундны ус цэвэршүүлэгч төхөөрөмжүүдийг айл өрхөөр явж сурталчлах боллоо.

Ус олборлон, дамжуулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллага нь гүний худгаас усыг олборлоод, ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг. Үүний дараа дээж авч, усны лабораторит шинжлэн “Ундны ус, Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2005” стандартад нийцэж буй эсэхэд хяналт тавьсны үндсэн дээр төвлөрсөн шугамаар түгээж, хэрэглэгч Та бүхэнд хүргэдэг. Иймд төвлөрсөн шугамаар түгээж буй ундны усыг заавал ус цэвэршүүлэгчээр шүүж хэрэглэх шаардлагагүй.

Асуулт 4. Халаалт, халуун ус, цэвэр, бохир усны мөнгийг СӨХ авах нь зөв үү?

Буруу. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу цэвэр, бохир усны үйлчилгээг тус Зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэдэг. Иймд СӨХ нь цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг авах эрхгүй юм. Энэ талаар гомдлыг манайд ирүүлэх боломжтой.

Асуулт 5. Өрхийн хоногийн хэрэглээ хэдэн литр ус байдаг вэ?

Монгол улсын хүн ам усны хэрэглээний 20 хувийг гадаргуугийн усны нөөцөөс, үлдсэн 80 хувийг гүний уснаас авдаг байна.

Үүнээс усны хэрэглээний 18.1 хувийг хүнс ба ахуйн хэрэглээнд, 39.9 хувийг үйлдвэрлэлд, 24.0 хувийг мал аж ахуйд, 17.4 хувийг хөдөө аж ахуйн усжуулалтад, 1.2 хувийг хотын ногоон байгууламжид хэрэглэдэг талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн судалгааны тайланд дурджээ.

Айл өрхийн унд, ахуйн усны хоногийн дундаж хэрэглээний хувьд 12-227 литр байна.

Асуулт 6 Би хашаандаа гүний худаг гаргах гэсэн юм.Хаанаас зөвшөөрөл авах бэ ? 

Усны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар иргэн худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрлийг ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн аймаг, нийслэлийн байгаль орчны алба олгоно гэж заасан.Жишээ нь та Ховд аймгийн Жаргалант суманд өөрийн хашаандаа худаг гаргах гэж байгаа бол Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газарт ус хэрэглэх талаар өргөдөл гаргана.Тухайн өргөдөлд дараах зүйлсийг бичнэ. 

  • ус хэрэглэх зориулалт, тоо хэмжээ;
  • газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бичгийн хуулбар;
  • худгийн мэдээлэл зэргйиг өргөдөлд бичнэ.Аймаг, нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчийн худаг, цооногийг усны мэдээллийн санд бүртгэж, худгийн паспорт олгодог. 

 


http://e-khutuch.mn/guide/print/52/466/faq