ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Залилан мэхлэх гэмт хэрэг Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Хуулийн зохицуулалт

Залилан мэхлэх гэмт хэрэг гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл 17.3.1-т хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг ойлгоно. Харин уг гэмт хэргийг үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

Залилан мэхлэх гэмт хэрэг нь хүний бодитоо болон санаатай үйлдлээр хийгддэг бөгөөд энэ нь эрүүгийн хууль зааснаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд олж авсан итгэлийг урвуулан ашиглаж, хуурч мэхлэн бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авдаг. Мөн аливаа иргэний өмчлөл эзэмшилд байгаа мөнгө, эд зүйлийг авахын тулд биелэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэх, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдөлд оруулах үйлдлийг залилах гэмт хэрэг гэж энгийн байдлаар тайлбарлаж болно.

Сүүлийн үед Монгол Улсын хувьд тодорхой төрлийн залилах гэмт хэргийн их хэмжээгээр үйлдэгдэж байна.

Жишээ нь: Гадаадын улс оронд зорчих виз найдвартай гаргаж өгнө хэмээн иргэдээс мөнгө авдаг. Мөн цахим орчинд буюу интернетээр орон сууц зах зээлийн үнээс хямд үнээр түрээслүүлнэ хэмээн зарлаж түрээсийн мөнгийг нь дансаар шилжүүлэн авч залилах үйлдэл их байдаг.

Залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж байгаа этгээд нь бусдын аливаа зүйлийн талаар мэдээлэл, мэдлэг муу буюу мэдэхгүй байгааг далимдуулан хуурч мэхэлж байдаг.


http://e-khutuch.mn/guide/print/53/467/law