ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гэрээ хэлцэл Ажил гүйцэтгэх гэрээ

Иргэн, хуулийн этгээд харилцан ажил гүйцэтгэх, ахуй амьдрал болон бизнесийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх үйл явцад үүссэн эрх зүйн зохицуулалтын нэг чухал хэлбэр бол ажил гүйцэтгэх гэрээ юм. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг тус тус хүлээнэ.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА

Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно.

Ажлыг хугацаанд нь гүйцэтгэх явдал ажил гүйцэтгэх гэрээний талуудын алиных нь ч хувьд ихээхэн чухал зүйл. Захиалагчийн хувьд ажил хугацаандаа гүйцэтгэгдэхгүй бол их хэмжээний хохирол хүлээх боломжтой. Түүнчлэн энэхүү хуулийн заалт нь шаардах эрх болон үүрэг, хариуцлага хүлээлгэсэн заалт бус зөвхөн тодорхойлсон диспозитив шинжтэй заалт гэж ойлгож болно. Дээрх заалтын  ач холбогдолтой үг болон холбоо үгийг задлан тайлбарлавал:

Хууль өөрөөр заагаагүй бол: гэдэг нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заагаагүй байх гэсэн утгыг илэрхийлнэ. Иймээс энэхүү холбоо үг нь хуулийн заалт хэрэгжих урьдчилсан нөхцөл буюу гипотезийг илэрхийлсэн утга агуулна. Учир нь хууль өөрөөр заасан бол энэхүү зүйл заалтыг хэрэглэхгүй юм.

Талууд тохиролцон тодорхойлох: гэдэг нь хуульд заагаагүй байх гэсэн урьдчилсан нөхцөл хангагдсаны дараа гэрээний талууд /захиалагч, гүйцэтгэгч/ нар нь харилцан тохирох боломж олгож буй явдал юм. Ажил гүйцэтгэх хугацааг юуны өмнө талууд чөлөөтэй тохиролцож тогтооно. Гэрээний энэ төрлийн тохиролцоог хэрэглэхдээ энэ нь баталгаа гаргаж нэрлэсэн хугацаа мөн эсэх, эсхүл ерөнхийд нь таамагласан хугацаа байгаа эсэхийг анхаарах ёстой.

Ажлын онцлог: гэдэг нь яг ямар шинжээр илрэх талаар ойлгоход хүндрэлтэй байна. Нэгэнт нийгмийн харилцаа олон төрөл зүйлтэй тул энэ тохиолдолд гэрээний талуудын хүсэл зориг, тохиролцоо хамгийн чухал болно.

Завсрын болон тусгай хугацаа: гэдэг нь ажлын онцлогоос хамаарч завсрын буюу тусгай хугацаа тогтоож өгсөн байна. Завсрын хугацаа нь ажлын үе шаттай холбоотой бөгөөд захиалагч тухайн үе шатуудад хийгдсэн ажлын чанар болон дараагийн ажлын үргэлжлэлийг эхэлж болох эсэхэд хяналт тавих хугацаа юм. Түүнчлэн үгийн утгын хувьд завсрын гэдэг бол нийт хугацааны хүрээнд тооцогдох тодорхой үе шатны нэгж, харин тусгай хугацаа бол эхлэх болон дуусах үе нь нийт/ерөнхий/ хугацаанд тоологдохгүй, бие даасан байдлаар тоологдох хугацаа гэж ойлгож болно.

 

ХУГАЦАА ХЭТЭРСЭН ТОХИОЛДОЛД ГАРАХ ЭРХ ЗҮЙН ҮР ДАГАВАР

Хуульд заасны дагуу хүлээлгэх хариуцлага: Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй ба үүрэг гүйцэтгэгч хохиролыг арилгах үүрэгтэй.

Гэрээний дагуу заасан хариуцлага: Хугацаа хэтэрсэн тохиолдолд хуульд заасан хариуцлагаас гадна гэрээг бусад санкцийг тодорхойлох боломжтойг иргэний хуулийн 348.2-т тусгасан байна. Гэхдээ ямар хариуцлагын төрөл байхыг хуульд өөрт нь тусгаагүй. Хуулийн дагуу хүлээлгэж болох дараах хариуцлагын төрөл байж болно.

Анз: Ажил гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анз төлөхөөр талууд тохирч болно. Анз нь мөнгөн төлбөрийн үүрэг байдаг бөгөөд  түүнийг үүрэг гүйцтгэгч үүргээ гүйцтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгэж төлөхөөр амалдаг. Энэ нь юуны өмнө үүргийн гүйцтгэлийг баталгаажуулах зорилготой "шахалт үзүүлэх хэрэгслэл" байх бөгөөд үүрэг гүйцтгүүлэгчид хохирол учирсан асуудлыг хэмнэдэг.

Гэрээнээс татгалзах: Ажил гүйцтгэгч ажлаа хугацаанд нь гүйцтгээгүй тохиолдолд захиалагч нь гэрээнээс татгалзах эрхтэй байхаар талууд мэдээж хэрэг тохиролцож болно. Гэхдээ энэ эрхийг иргэний хуулийн 355.1, 225.1-т шууд үндэслэх боломжтой болохыг анхаарах эрхтэй.


http://e-khutuch.mn/guide/print/54/468/decide_time