ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гэрээ хэлцэл Ажил гүйцэтгэх гэрээ

Иргэн, хуулийн этгээд харилцан ажил гүйцэтгэх, ахуй амьдрал болон бизнесийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх үйл явцад үүссэн эрх зүйн зохицуулалтын нэг чухал хэлбэр бол ажил гүйцэтгэх гэрээ юм. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг тус тус хүлээнэ.

Хуулийн зохицуулалт

ИРГЭНИЙ ХУУЛЬ

Ажил гүйцэтгэх гэрээ нь захиалагч, гүйцэтгэгч гэх 2 талын хооронд байгуулагдах ба  хариу төлбөртэй, хугацаатай гэрээ юм. Энэ гэрээг амаар, бичгээр байгуулах боломжтой, хуульд хэлбэрийн тусгай  шаардлага  заагаагүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийн агуулгаас үзэхэд захиалагч нь  өөрийн буюу гүйцэтгэгчийн материалаар бий болсон, гэрээнд заасан тодорхой үр дүнг өмчлөлд шилжүүлэхийг шаардах, гүйцэтгэгч нь  ажлын үр дүнг хүлээн авах, хөлс төлөхийг шаардах эрхтэй байна.

Захиалагч нь гэрээнд заасан ажлыг хүлээн авах, хөлс төлөх үүрэгтэй бол гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Ажил гүйцэтгэх гэрээний зорилго, үндсэн ойлголт нь “үр дүн” бөгөөд  энэ нь биет, эсхүл биет бус зүйл байж болно.

Ажлын үр дүн нь  ирээдүйд  бий болдог байх нь энэ гэрээний онцлог шинж юм. Өөрөөр хэлбэл гэрээний зүйл нь ирээдүйд гүйцэтгэх үүрэг байдаг.

Харин барилгын ажил гүйцэтгэх гэрээний хувьд  хэмжээ, өрөөний зохион байгуулалт нь тодорхой, бэлэн болсон байрыг  “захиалан бариулах” гэрээ  нэртэйгээр  байгуулагдах тохиолдол байдаг ч энэ нь ажил гүйцэтгэх гэрээ биш, худалдах, худалдан авах гэрээ юм. Учир нь бэлэн болсон ажлыг хүлээлгэн өгөхөд чиглэгдсэн харилцаа үүссэн гэж үздэг.

Гэрээтэй холбоотой, байгуулахтай холбогдох харилцааг Монгол Улсад Иргэний хуулиар зохицуулдаг.  Ажил гүйцэтгэх гэрээг ч мөн Иргэний хуулиар зохицуулдаг. 

Ажил гүйцэтгэх гэрээ:

343.1. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

343.2. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.

343.3.Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.

343.4.Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ.

343.5.Ажил гүйцэтгэх зарим төрлийн гэрээний онцлог зохицуулалтыг тусгай хуулиар зохицуулж болно.

 

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Иргэний хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү.

http://e-khutuch.mn/guide/print/54/468/law