ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гэрээ хэлцэл Хөлсөөр ажиллах гэрээ

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээж байдаг хоёр талт гэрээ юм.

ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭ БА БУСАД ГЭРЭЭНЭЭС ЯЛГАГДАХ ОНЦЛОГ

Хөлсөөр ажиллах ердийн гэрээгээр ажил, үйлчилгээг биечлэн, эдийн засгийн болон нийгмийн хувьд  бие даан хараат бусаар гүйцэтгэдэг. Энэ нь ажиллагч өөрөө аж ахуйн эрхлэгч, эсхүл хувиараа ажил эрхэлдэг тохиолдолд ихэвчлэн тохиолддог.

Гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байх боломжтой. Мөн үүнийг бие даан, хараат бусаар гүйцэтгэдэг онцлогтой. Тухайлбал татварын зөвлөх, өмгөөлөгч, хувийн эмнэлгийн эмч, санхүүгийн шалгагч, шинжээч, орчуулагч, бүх төрлийн урлагийн ажилтан зэрэг хүмүүс хамаардаг.

Хөлсөөр ажиллах гэрээ нь 2 тал нь харилцан үүрэг хүлээдэг гэрээ бөгөөд энэ гэрээний дагуу нэг тал нь (ажиллагч) тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал нь (ажиллуулагч) тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй. Хөлсөөр ажиллах ердийн гэрээгээр ажил үйлчилгээг биечлэн,эдийн засгийн болон нийгмийн хувьд бие даан хараат бусаар гүйцэтгэдэг. Хөлсөөр ажиллагч нь гэрээгээр тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх үүрэгтэй байдаг. (Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.)

Ажил гүйцэтгэх гэрээнээс ялгаатай нь ажлын эцсийн үр дүнг хариуцдаггүй.Түүний гүйцэтгэх ёстой үүргийн агуулга нь тоо болон чанарын ямар нэгэн шаардлагыг хангасан ажлын үр дүн байдаггүй.

Хөлсөөр ажиллах гэрээг амаар болон бичгээр байгуулж болно. Хөлсөөр ажиллах гэрээний хэлбэрийн  талаар хуульд тодорхой заагаагүй.

Хөлсөөр ажиллах гэрээ нь хариу төлбөртэй гэрээ юм. Ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх,ажиллуулагч хөлс төлөх үүрэгтэй. Талуудын хүлээсэн үүргээс үзвэл уг гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх,үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа өөрөө юм.

Иймд тухайн ажил үйлчилгээ ямар шинж чанар,үйлдэл үүргээс бүрдэх талаар талууд тохиролцсон байх учиртай. Гэрээний зүйл нь ажлын ямар нэгэн үр дүн биш,  харин үйл ажиллагаа байдаг нь хөлсөөр ажиллах гэрээний бусад гэрээнээс ялгагдах онцлог байдаг.


http://e-khutuch.mn/guide/print/54/469/advice