ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гэрээ хэлцэл Худалдах, худалдан авах гэрээ

Худалдах, худалдан авах гэрээ нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг урьдчилан тохиролцсон болон бодит, хариу төлбөртэй, энгийн болон болзолт гэрээ юм.

Худалдах, худалдан  авах  гэрээний бусад гэрээнээс ялгагдах онцлог

Худалдагчийн хувьд, хөрөнгийг олгох байдлаар худалдан авагчийн захиран зарцуулах эрхэд, хөрөнгийн дагалдах баримт бичгийг хамт, тодорхой тоогоор, тохирсон ассортимөнтоор /нэгэн төрөл бүлэг барааг өнгө, хэмжээ,загвар,төрлөөр нь ялгаж байгаа/, зохих иж бүрдлийн дагуу, зохих чанартай хөрөнгийг, гуравдагч этгээдийн шаардах эрхээс бүрэн чөлөөлөгдсөн /өөрөөр хэлбэл эрхийн доголдолгүй хөрөнгө байх шаардлагатай/, зохих сав баглаа, боодолтой шилжүүлэх үүргийг хүлээж байдаг. Түүнчлэн эд хөрөнгийн доголдолтой холбоотой эрх эдэлж, үүргийг хүлээнэ.

Худалдан авагчийн хувьд, гэрээнд өөрөөр заагаагүй бол барааг худалдагчийн байгаа газраас өөр газарт хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг хариуцах үүрэгтэй байдаг. Мөн эд хөрөнгийн доголдолтой холбоотой тодорхой эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

Үр шим болон эрсдэл шилжихдээ худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилждэг онцлогтой.

Худалдан авагч худалдан авсан эд хөрөнгийг хугацаанд нь хүлээж аваагүй бол худалдагч хөрөнгийг хадгалах үүрэгтэй байдаг. Гэрээний нэг тал эд хөрөнгийг хүлээж авахгүй удаасан болон хадгалахтай холбоотой зардлыг төлөхгүй бол эд хөрөнгийг хадгалж байгаа тал түүнийг худалдах эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхээс өмнө нөгөө талдаа 7 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй.

Бусад төсөөтэй гэрээнээс ялгагдах онцлогтой. Худалдах, худалдан авах гэрээ нь өөрөө хэд хэдэн онцлог төрөлтэй байдгийг өмнө дурдсан. Юуны өмнө тодорхой тохиолдол нь ердийн худалдах худалдан авах гэрээ юу эсвэл зээлээр худалдах, худалдан авах, ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ юу гэдгийг ялгах шаардлагатай. Эдгээр нь субъект, объектын хувьд төдийлөн ялгаатай бус ч худалдах худалдан авах нөхцөл, хугацаа, болзол тавьсан эсэхээс хамаарч өөр хоорондоо ялгагддаг онцлогтой. Түүнчлэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлдэг арилжаа болон бэлэглэлийн гэрээнүүдээс хариу төлбөрийн хэлбэр болон хариу төлбөр төлөх эсэхээрээ ялгаатай.

Худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа та юуг анхаарах вэ?

Худалдах худалдан авах гэрээг байгууллагадаа  хамгийн түгээмэл хэрэглэгддэг урьдчилан тохиролцсон  гэрээ юм .Талууд болох худалдагч-худалдан авагч нь  иргэн, хуулийн этгээд, нутаг дэвсгэрийн нэгж, төр. Эдгээр субъект нь эрх залгамжлал, төлөөлөл, итгэмжлэлээр дамжуулан оролцож болох ба өмчлөх эрхтэй эсэх нь чухал байдаг.  Гэрээний  үнийг  харилцан тохиролцож тогтоох боловч үнийг тодорхойлох аргыг зааж болно. Үнийг төлөх, үнийг тогтоохдоо тухайн гэрээнд өөр өөр аргыг хэрэглэж болно . Гэрээг амаар, бодит үйлдлээр болон бичгээр байгуулна.


http://e-khutuch.mn/guide/print/54/476/advice