ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гэрээ хэлцэл Худалдах, худалдан авах гэрээ

Худалдах, худалдан авах гэрээ нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг урьдчилан тохиролцсон болон бодит, хариу төлбөртэй, энгийн болон болзолт гэрээ юм.

Хуулийн зохицуулалт

ИХ-ийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.             

ИХ-ийн 243.2.Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.

Иргэний хуулийг ЭНД дарж үзнэ.

Гэрээний зүйл:

Хөдлөх үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх байна.

Худалдах худалдан авах гэрээний хугацаа:

Худалдах худалдан авах  гэрээ тодорхой болон тодорхой бус хугацаатай байж болно. Хөрөнгийг шилжүүлэх, төлбөр төлөх аргaac хамаарч хугацаа үйлчилнэ.

Худалдах худалдан авах гэрээг дуусгавар болох:

Худалдах худалдан авах гэрээ  тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно.Гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол гэрээ цуцлах тухай аль нэг тал нь мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн; Гэрээний  үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.

Худалдах худалдан авах гэрээ цуцлахдаа:

Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.Хэд хэдэн эд хөрөнгийг худалдсан тохиолдолд тэдгээрийн зарим хэсэг нь доголдолтой бол гэрээг зөвхөн доголдолтой хэсгээр, хэрэв доголдолтой хэсэг нь бусад хэсэгтэйгээ нэгдмэл зориулалттай ашиглагдах бол гэрээг бүхэлд нь цуцалж болно.

Гол эд хөрөнгө доголдолтой бол бүхэлд нь, дагалдах эд хөрөнгө нь доголдолтой бол гагцхүү тэр хэсгээр нь гэрээг цуцалж болно.

Худалдах худалдан авах гэрээний  төрлүүд

  • Зээлээр худалдах, худалдан авах гэрээ: Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр  худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.  
  • Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ: .Тодорхой цаг хугацаа, эсхүл тодорхой үйл явдал болохоос өмнө ямар нэгэн зүйлийг худалдах, эсхүл худалдан авахаар гэрээний талууд тохиролцох буюу худалдан авагч талын санаачилгаар тодорхой эд хөрөнгийг олж авах эрхтэй байхаар гэрээ байгуулж болно
  • Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн гэрээ : Худалдах-худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран.
  • Жижиглэнгээр худалдах, худалдан авах гэрээ
  • Бэлтгэн нийлүүлэх гэрээ
  • Бөөнөөр худалдах худалдан авах гэрээ
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Худалдах, худалдан авах гэрээнд зааснаар хоёр тал харилцан тохиролцож гэрээнээс үүдсэн аливаа маргааныг “Арбитр”-аар шийдвэрлүүлэхээр гэрээнд заасан бол “Арбитр”-д хандаж маргааныг шийдвэрлүүлж болно. Мөн гэрээтэй холбоотой гарсан маргааныг гэрээ байгуулсан этгээд эсвэл гуравдагч этгээд гэрээ байгуулсан талын оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргана.

Асуудлыг шийдвэрлэх дараалал
  • Гэрээнд зааснаар гэрээний аль нэг талын ашиг сонирхол хөндөгдөж буй тохиолдолд өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалахаар хариуцагч талын оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана. (иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 –р зүйл)
  • Шүүх нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх захирамж гаргана.  
  • Иргэний хэрэг үүсгэх захирамж гарснаар хариуцагч талд нэхэмжлэлийн нэг хувийг гардуулан өгч, 14 хоногийн дотор хариуц тайлбарыг хүлээн авна. (Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйл)
  • Шүүх хариу тайлбарыг нэхэмжлэгч талд танилцуулснаас хойш хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримт хангалттай бүрдсэн, хэргийг шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусгавар болсон зэрэг үндэслэлээр шүүх хуралдааныг зарлаж нэхэмжлэлийг шийдвэрлэнэ.
  • Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бол  нэхэмжлэгч, хариуцагчийн  аль ч тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.
Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Иргэний хэргийн анхан шатны шүүх нь таны маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-р зүйлд заасны дагуу таныг нэхэмжлэл гаргаснаас хойш нийт 67 хоног, шаардлагатай бол хугацааг сунгаж 97 хоногийн хугацаанд бүрэн шийдвэрлэнэ.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Худалдах, худалдан  авах  гэрээний бусад гэрээнээс ялгагдах онцлог

Худалдагчийн хувьд, хөрөнгийг олгох байдлаар худалдан авагчийн захиран зарцуулах эрхэд, хөрөнгийн дагалдах баримт бичгийг хамт, тодорхой тоогоор, тохирсон ассортимөнтоор /нэгэн төрөл бүлэг барааг өнгө, хэмжээ,загвар,төрлөөр нь ялгаж байгаа/, зохих иж бүрдлийн дагуу, зохих чанартай хөрөнгийг, гуравдагч этгээдийн шаардах эрхээс бүрэн чөлөөлөгдсөн /өөрөөр хэлбэл эрхийн доголдолгүй хөрөнгө байх шаардлагатай/, зохих сав баглаа, боодолтой шилжүүлэх үүргийг хүлээж байдаг. Түүнчлэн эд хөрөнгийн доголдолтой холбоотой эрх эдэлж, үүргийг хүлээнэ.

Худалдан авагчийн хувьд, гэрээнд өөрөөр заагаагүй бол барааг худалдагчийн байгаа газраас өөр газарт хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг хариуцах үүрэгтэй байдаг. Мөн эд хөрөнгийн доголдолтой холбоотой тодорхой эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

Үр шим болон эрсдэл шилжихдээ худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилждэг онцлогтой.

Худалдан авагч худалдан авсан эд хөрөнгийг хугацаанд нь хүлээж аваагүй бол худалдагч хөрөнгийг хадгалах үүрэгтэй байдаг. Гэрээний нэг тал эд хөрөнгийг хүлээж авахгүй удаасан болон хадгалахтай холбоотой зардлыг төлөхгүй бол эд хөрөнгийг хадгалж байгаа тал түүнийг худалдах эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхээс өмнө нөгөө талдаа 7 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй.

Бусад төсөөтэй гэрээнээс ялгагдах онцлогтой. Худалдах, худалдан авах гэрээ нь өөрөө хэд хэдэн онцлог төрөлтэй байдгийг өмнө дурдсан. Юуны өмнө тодорхой тохиолдол нь ердийн худалдах худалдан авах гэрээ юу эсвэл зээлээр худалдах, худалдан авах, ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ юу гэдгийг ялгах шаардлагатай. Эдгээр нь субъект, объектын хувьд төдийлөн ялгаатай бус ч худалдах худалдан авах нөхцөл, хугацаа, болзол тавьсан эсэхээс хамаарч өөр хоорондоо ялгагддаг онцлогтой. Түүнчлэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлдэг арилжаа болон бэлэглэлийн гэрээнүүдээс хариу төлбөрийн хэлбэр болон хариу төлбөр төлөх эсэхээрээ ялгаатай.

Худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа та юуг анхаарах вэ?

Худалдах худалдан авах гэрээг байгууллагадаа  хамгийн түгээмэл хэрэглэгддэг урьдчилан тохиролцсон  гэрээ юм .Талууд болох худалдагч-худалдан авагч нь  иргэн, хуулийн этгээд, нутаг дэвсгэрийн нэгж, төр. Эдгээр субъект нь эрх залгамжлал, төлөөлөл, итгэмжлэлээр дамжуулан оролцож болох ба өмчлөх эрхтэй эсэх нь чухал байдаг.  Гэрээний  үнийг  харилцан тохиролцож тогтоох боловч үнийг тодорхойлох аргыг зааж болно. Үнийг төлөх, үнийг тогтоохдоо тухайн гэрээнд өөр өөр аргыг хэрэглэж болно . Гэрээг амаар, бодит үйлдлээр болон бичгээр байгуулна.

Асуулт 1. Иргэн А нь иргэн Б-ээс орон сууцны дотоодын халаалттай байшин худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр авсан. Гэвч А нь халаалт нь сайн ажилладаг гэж хэлээд зарсан байдаг. Энэ тохиолдолд худалдан авагч тал энэхүү доголдолыг арилгуулах эрхтэй юу?

Ийм нөхцөлд худалдагч доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн доголдолоос үүссэн хохиролыг нөхөн төлөх үүрэгтэй.

Асуулт 2. Би машинаа хэдэн сарын өмнө А-д худалдах, худалдан авах гэрээний дагуу зарсан. Гэвч саяхан надруу цагдаагийн газраас залган авто маши н аваар гаргасан таны нэр байдаг юм байна гэж хэлсэн. Би энэ тохиолдол яах вэ?

Та худалдах, худалдан авах гэрээгээр А-д өөрийн эзэмшлийн авто машинаа шилжүүлснээс хойш А нь 7 хоногийн дотор өөрийн эзэмшилд шилжүүлэх үүрэг хүлээж байдаг. Худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой харилцаа дуусгавар болсон тул танд авто машины осолын асуудал хамаарахгүй бөгөөд худалдан авагч талын хүсэлтээр эзэмшлийн асуудалд туслалцаа үзүүлж болно.                                 

Асуулт 3. Би электрон барааны дэлгүүрээс хөлдөөгч худалдах, худалдан авах гэрээний дагуу хөлдөөгч худалдан авсан. Гэрээнд худалдагч тал 6 сарын баталгаат хугацаа өгсөн бөгөөд худалдан авагч тал барааг гэртээ хүргүүлэн авсан боловч хөлдөөгч ажиллахгүй байна.

Худалдагч талаас та 6 сарын дотор эрхийн доголдолтой бүтээгдэхүүн хүлээн авсан бол засварлуулах, эрхийн доголдолыг арилгуулах эрхтэй. Худалдагч тал 6 сар дотороо таны эрхийн доголдолыг арилгах үүрэгтэй. Хэрэв худалдагч талтай харилцан тохиролцож эвээр шийдэх боломжгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргаж маргааныг шийдвэрлүүлэх боломжтой юм.


http://e-khutuch.mn/guide/print/54/476/all