ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Цахилгаан, эрчим хүч Цахилгаан, эрчим хүч хэрэглэгчтэй холбогдох харилцаа

Хуулийн зохицуулалт

Эрчим хүчний тухай хууль  /2001.02.01/

Цахилгаан, эрчим гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг ойлгоно. Харин цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд ашиглагдах бүх төрлийн нүүрс, занар, мазут, газрын тос, уран ба торийн хүдэр, тэдгээрийн дагавар бүтээгдэхүүн болон баяжмал, байгаль дээр оршиж байгаа биомасс, бусад органик материал, хийн түлшийг түлш гэнэ.

Цахилгаан, эрчим хүч хэрэглэгч гэж Эрчим хүчний тухай хуульд зааснаар эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээд байна. Хэрэглэгч нь хуульд зааснаар цахилгаан эрчим хүчийг эрчим хүч хангагчаар дамжуулан төрөөс тогтоосон тарифийн дагуу худалдан авна. Эрчим хүчээр хангагч нь эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эх үүсвэрээс шууд холбогдсон болон цахилгаан дамжуулах сүлжээний дэд станцаас хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх цахилгаан түгээх зориулалт бүхий 110кВ, түүнээс доош шугам, дэд станцаар дамжуулан цахилгаан түгээнэ.

Цахилгаан, эрчим хүч хэрэглэгч нь хуульд заасан дараах эрх, үүрэгтэй. Үүнд:

  1. Стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах;
  2. Эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх;
  3. Техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх;
  4. Эрчим хүчээр хангагчийн төлөөлөгчийг үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангах;
  5. Эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх;
  6. Эрчим хүчний тоолуур, хэмжүүрийн бүрэн бүтэн байдлыг хариуцах;
  7. Өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах;
  8. Байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд гэрээнд заасан эрчим хүчийг авахгүй болсон тохиолдолд энэ тухайгаа эрчим хүчээр хангагчид 7 хоногийн өмнө мэдэгдэх;
  9. Эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах;
  10. Өөрийн шугам, тоног төхөөрөмжөөр дамжуулан эрчим хүч бусдад дамжуулах, түгээх, тухайн хангагчаас үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу авах.
  11. Эрчим хүчний шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл учруулсан бол шаардагдах засварыг өөрөө хариуцах. Хэрэглэгч уг эвдрэл, гэмтлийг засах шаардлагатай арга хэмжээ авахгүй бол хангагч засварыг хийж, гарсан зардлаа хэрэглэгчээс шаардан авах эрхтэй.
  12. нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх.

Эрчим хүч хэрэглэсэн төлбөр, тооцоо

Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд хийх эрчим хүчний хэрэглээний тооцоог эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн мөрдөгдөж байгаа тариф, гэрээний үний дагуу тооцно. Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна.

Эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй тохиолдолд. Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:

  • Эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй;
  • Эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн буюу хэвийн ажиллагааг алдагдуулсан;
  • Тоолуургүй тохиолдолд гэрээнд тусгагдаагүй хэлбэрээр эрчим хүч хэрэглэсэн;
  • Хангагчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хэрэглээний хүрээнээс өөр хэрэглэгчийг эрчим хүчээр хангасан;
  • Байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн, түлшний хомсдол бий болсон, эрчим хүчний хангамжид осол, саатал гарсан, хүний амь нас, эд хөрөнгөд аюул учрах, гал түймэр гарах нөхцөл үүссэн;
  • Хэрэглэгч өөрийн байранд нэвтрэн үзлэг хийх боломжийг хангагчийн эрх бүхий ажилтанд олгоогүй.

http://e-khutuch.mn/guide/print/55/470/law