ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Архив, албан хэрэг хөтлөлт Архив

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар төрийн байгууллага /цаашид "байгууллага" гэх/-ын албан хэрэг хөтлөлтөд тухайн байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцыг баримтжуулж, баримт бичгийг зохион бүрдүүлэх, ангилан төрөлжүүлэх, баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, илгээх, хянан шийдвэрлэх, ашиглах, хадгалах, архивт шилжүүлэх хүртэлх үйл ажиллагааг хамруулна ойлгоно.

Асуулт 1. Ураг төрлийн холбогдолтой лавлагааг хэрхэн авах вэ?

Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Монгол Улсын 1922-1929, 1933, 1944, 1947, 1956, 1989, 2000, 2010 онуудын хүн амын тооллогын бүртгэлээс өөрийн ураг төрөлд холбогдох мэдээллийг авна. 

Мөн та тус лавлагааг шүүлгэхийн тулд тухайн үеийн засаг захиргаа, хошууны нэр, ам бүлийн гишүүдийн 2-3 хүний нэр зэрэг тодорхой мэдээллүүдийг мэдэх шаардлагатай.

Асуулт 2. Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтад яаж хамрагдах вэ?

Архивын ерөнхий газраас жил бүр зохион байгуулагддаг Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтын төлөвлөгөө жил бүрийн 12 дугаар сард хуваарь нь батлагдан гардаг. Та батлагдан гарсан хуваарийн дагуу сургалтад хамрагдах бөгөөд архивын лавлах утас 1800-1205 болон 77002055 утсаар холбогдох бүртгэлээ хийлгүүлнэ. 

Асуулт 3. Уншлагын танхимаар хэрхэн үйлчлүүлэх вэ? Ямар материал бүрдүүлэх вэ?

Архивын ерөнхий газрын уншлагын танхимаар үйлчлүүлэх хүсэлтэй иргэд, албан байгууллага, судлаач, оюутан нь тодорхой сэдвийн хүрээнд судалгаа хийх бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл /хувь хүн, судлаач/;
  2. Албан бичиг, сургуулийн тодорхойлолт /албан байгууллага, оюутан/;
  3. Хоёр хувь цээж зураг;
  4. Нэг сарын төлбөр 10000 төгрөг, 7-14  хоног 5000 төгрөгийн төлбөр төлнө.

Асуулт 4. Архивын онлайн лавлагааг хэрхэн авах вэ?

Архивын ерөнхий газрын цахим хуудсанд хандсанаар Онлайн лавлагааны цэсэнд холбогдох боломжтой. Мөн та онлайн лавлагааны захиалга өгөхдөө асуулга бүрт бүрэн хариулсан байх шаардлагатай. Лавлагааны хариу ажлын 2-5 хоногийн дотор гарна.

Асуулт 5. Төрийн бус архив эзэмшигч нь баримтаа төрийн архивт шилжүүлж болох уу?

Архивын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дугаар хэсэгт зааснаар Төрийн бус архив эзэмшигч өөрийн хүсэлтээр баримтынхаа бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор төрийн архивт шилжүүлэн хадгалуулж болно.


http://e-khutuch.mn/guide/print/56/471/faq